С.Батболд: Иргэн бүрийн амьдралыг бодож аливаа ажлыг судалгаатай, чанартай хийх ёстой
УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын тойргийнхоо сонгогчидтойгоо санал бодлоо хуваалцах уулзалт үргэлжилсээр байна. Нэр дэвшигч С.Батболд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13 хорооны үерт автсан айл өрхүүдийн нөхцөл байдалтай шуурхай танилцлаа. Мөн тус дүүргийн 11 хорооны ахмадуудтай уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал солилцлоо. Ингээд уулзалтын дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэж байна.
11 сая төгрөгөөр барьсан ус зайлуулах хоолой, далан 10 минут орсон бороонд нуржээ
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Хангай-23, Ногоон талбайн 1-7, Аршааны 1-16 гудамжны айлууд урьд шөнийн орсон борооноос болж үерт автжээ. УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд үер автсан өрхүүдийн байдалтай газар дээр нь очиж танилцаж, иргэдийн санал бодлыг хуваалцаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан юм.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны төв замын зүүн хэсэгт 20 орчим хоногийн өмнө үерийн ус зайлуулах хоолой, далан барьсан ч урьд шөнийн орсон бороонд үерийн ус зайлуулах хоолой эвдэрч, далан нурсан байдалтай байв. Уг хороонд нийт 11 сая төгрөгөөр далан болон үерийн ус зайлуулах хоолойг саяхан барьжээ. Гэтэл 10 минут орсон ширүүн борооноор далан нурснаас болж Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд амьдардаг өрхүүдийн 80 гаруй хувь нь үерт автаад байна. Нэр дэвшигч С.Батболд үерийн ус зайлуулах хоолой, далан барих ажлыг чанаргүй гүйцэтгэсэн компанид хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг сануулав. Мөн нийслэлийн холбогдох албан тушаалнуудад энэ талаар шаардлага хүргүүлж, иргэдийн хохироохгүй байх ёстой гэдгийг нэр дэвшигч хэлсэн юм.
Инженерийн тооцоо судалгаагүй бага хүчин чадалтай ус зайлуулах хоолой тавьснаас болж их хэмжээний усархаг бороо ороход үерийн далан, хоолой эвдэрч өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэд хүнд нөхцөлд амьдарч байгаа аж.
Нэр дэвшигч С.Батболд “аливаа зүйлийг жижиг том гэлтгүй судалгаа шинжилгээ, тооцоотой хийх ёстой. Дүүрэг, хороонд хийгдэж байгаа дэд бүтцийн ажлууд чанар муутай байгаагийн илрэл. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд хийсэн үерийн ус зайлуулах хоолой, далангийн ажил маш муу хийгдсэн байна. Иргэн бүрийнхээ амьдралыг бодож тооцоотой, судалгаатай чанартай ажил хийх ёстой” гэдгийг онцолж хэллээ. Иргэдийг тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж үерийн далангийн асуудлыг шийдвэрлэх шаардлагыг холбогдох хүмүүст нь тавина гэдгийг хэлээ.
Нэр дэвшигч С.Батболдыг 13 дугаар хороонд очих үед иргэд гэрт нь тогтсон усыг саваар зөөж гаднах гудамжиндаа асгаж байв. Зарим айлын хашаа нурж, заримынх нь хашаа тэр чигтээ усанд автсанаас болж цахилгааны утас нь тасарсан байдалтай байв. Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо нам газарт байрладаг учраас уерт автсан зарим айлын бохир хальж, бохир сорих машин дуудаж соруулж байлаа. Иргэдийн хувьд гэртээ суух ч газаргүй болтлоо усанд автсан байгааг учирласан юм. Бороо үргэлжлэн ороод байвал гэртэйгээ хамт үерт урсах дээрээ тулаад байна гэдгийг Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэд нэр дэвшигч С.Батболдод хэлж байв.
Ахмадууд түрээсэлж байгаа орон сууцаа өмчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Үерт автсан айл өрхүүдийн байдалтай танилцсаны дараагаар нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Ахмадын хотхон”-ы ахмадуудтай уулзаж ярицлаа. Тус хороонд Сүхбаатар жанжины зээ хүү Ц.Хүрэлсүх амьдардаг бөгөөд нэр дэвшигчийг уулзалт зохион байгуулах сургаар өөрийн биеэр хүрэлцэн ирж сонгуулийн ажилд нь амжилт хүслээ. Ц.Хүрэлсүх гуай есөн хүүхэдтэй бөгөөд өдгөө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд энх тунх сайхан амьдарч байна. Тэрээр С.Батболдыг улс орны эдийн засаг болон улсийн хүнд байдлаас гаргах чадвартай хүн гэдэгт итгэж байгаагаа хэлж, түүнд амжилт хүсэв.
Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах “Ахмадын хотхон”-д амьдарч буй ахмадууд тус байрыг түрээсэлж амьдардаг юм байна. Харамсалтай нь, байр түрээсэлж байгаад тухайн өндөр настай ахмадууд насбарсан бол шууд дараагийн түрээслэгчид шилжүүлдэг юм байна. Ахмадууд түрээсэлсэн байраа өмчлөх хүсэлтэй байгааг нэр дэвшигчдэд учирласан. Нэр дэвшигч С.Батболд сонгуульд ялалт байгуулбал заавал эргэн ирж, ахмадуудын асуудлыг шийдэж өгнө гэдгийг хэллээ.
Дараа нь Сүхбаатар дүүргийн 11 хорооны нийт сонгогч дэмжигчидтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Ажил тарсны дараагаар зохион байгуулсан учраас сонгогчид олноор цугласан байв.