Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

С.Батболд: Малгүй болсон өрхүүдийг үе шаттайгаар малжуулахаар төлөвлөж байна

Нийтэлсэн: - 2010/04/23 19:32 - Мэдээ, мэдээлэл , Хэлсэн үг

С.Батболд: Малгүй болсон өрхүүдийг үе шаттайгаар малжуулахаар төлөвлөж байна Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2009-2010 оны мал өвөлжилт, хаваржилтын байдал, малчдад учирсан хохирол, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл

Улсын Их Хурлын дарга аа!
Эрхэм гишүүд ээ!
 
Өнөөдрийн хийх мэдээллийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүд Та бүхэнд урьдчилан хүргүүлсэн билээ. Манай улсын ихэнх нутгийг хамарсан гамшиг, зуд нь мал аж ахуйн салбар, түүний дотор хөдөөгийн хүн амын амьжиргаанд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүллээ.

Засгийн газар, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2010 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанд мал өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийснээс хойш цас зудын гамшгийг хохирол багатай даван туулахад чиглэсэн төлөвлөгөө боловсруулж, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж ажиллалаа. Үүний үр дүнд гарч болох эрсдэл, хохирлыг тодорхой хэмжээгээр бууруулж, малчиддаа эд материал, сэтгэл санааны тусламж үзүүлж ирлээ.

Тулгарсан хүндрэлийг даван туулахад Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос онцгойлон анхаарч, тодорхой шийдвэр гарган дэмжлэг туслалцаа үзүүлсэнд Засгийн газар болон малчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Энэхүү мэдээлэлд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдсон статистик тоог дурдахгүйгээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, мал аж ахуйн салбарт гарсан хохирол, түүнийг нөхөхтэй холбогдсон цаашдын бодлого, чиглэлийн талаар мэдээлэл хийхийг хүсэж байна. 

Нэг. Мал өвөлжилт, хаваржилтын үед авсан арга хэмжээний тухай           

Өвөлжилтийн байдалтай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссоос холбогдох яам, мэргэжлийн байгууллагын ажилтнуудыг орон нутагт ажиллуулан цагийн байдалд үнэлгээ хийхэд 15 аймгийн 80 сум гамшгийн байдалтай, 17 аймгийн 95 сум зудтай гэсэн дүгнэлт гарлаа. Үүнээс үзэхэд өнгөрсөн өвөл тохиолдсон гамшиг, зудад манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80,9 хувь буюу 175 сумын 97.5 мянган малчин өрх өртсөн нь цар хүрээ, хамарсан хүний тоо, учруулсан хохирлын хэмжээгээрээ сүүлийн жилүүдэд тохиолдсон зудаас илүү байгаа юм.

Засгийн газар цас, зудын нөхцөл байдалтай холбогдуулан 2009 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 26.2 тэрбум төгрөг зарцуулаад байна. Үүнд 2009-2010 онуудад нийт 7 удаагийн тогтоол, шийдвэрээр Засгийн газрын нөөц хөрөнгө болон холбогдох сайдын багцад зохицуулалт хийж 6.8 тэрбум төгрөг, манай улсад хэрэгжиж байгаа гадаад орон, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрүүдээс зудад нэрвэгдсэн малчдад хүнс, өргөн хэрэглээний бараа, өвс, тэжээлийн тусламж үзүүлэх, хорогдсон малын сэг, зэм устгах зэрэг арга хэмжээнд зориулан 11.9 тэрбум төгрөг, гамшгийн нөхцөлтэй холбогдуулан гадаад улс орнуудын хандив, тусламжаар 6.7 тэрбум, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 784.0 сая төгрөг төвлөрүүлэн зарцууллаа.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос гамшиг, зудад нэрвэгдсэн малчдад туслах уриалгыг гаргаж дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламжаар төвлөрсөн хөрөнгийг өвөлжилтийн байдал хүндрэлтэй аймгуудад  4 удаа цуваагаар хүргэж өгөх ажлыг зохион байгуулав.

Улсын төсвөөс зарцуулсан дээр дурьдагдсан 6.8 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэр төрлөөр нь ангилан авч үзвэл нийт хөрөнгийн 36.2 хувийг өвс, тэжээл олгох зардалд, 20.6 хувийг орон нутагт бараа, материал хүргэх тээврийн зардалд, 17.3 хувийг малчдын эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд, 16.7 хувийг малын эрүүл мэнд, сэг зэм устгалд, 9.2 хувийг цасанд боогдож хаагдсан зам даваа онгойлгоход тус тус зарцуулсан. Гадаад орон, олон улсын байгууллага, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өгсөн нийт хандив тусламжийн 41.4 хувийг хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд, 22.3 хувийг тээврийн зардалд, 18.8 хувийг малын тэжээлд, 17.5 хувийг малын сэг зэм устгал, малын эрүүл мэндийн үйлчилгээнд тус тус зарцуулж байна.

Өнгөрсөн өвлийн цас зудыг гэтлэн давахад манай ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, аймаг, сумын нутгийн зөвлөлүүд, гадаадын орнууд, олон улсын байгууллагуудаас сэтгэл санааны болон эд материал, хөрөнгө санхүүгийн ихээхэн дэмжлэг үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа онцлон тэмдэглэж байна.

Сайны хажуугаар саар гэгчээр гамшиг зудтай холбогдуулан орон нутагт хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, олгосон тусламжийн барааг шаардлагатай хүмүүст нь хүргэж өгөх тал дээр зарим аймаг, сумын удирдлагууд хангалтгүй ажиллаж байна. Тухайлбал УИХ-ын 2010 оны 9 дүгээр тогтоолын дагуу Засгийн газар 34 дүгээр тогтоол гарган мал өвөлжилт хүндэрсэн 12 аймагт тус бүрт 230.0 сая төгрөг нийт 2.7 тэрбум төгрөг олгосныг зарим аймгууд зориулалтын бусаар зарцуулсан.

Завхан аймаг сумдадаа 100.3 сая төгрөгийг бэлэн мөнгөөр тараасан, зам, давааны бөглөрөлийг  нээх зардлыг 180.3 сая төгрөг хүргэж 145.3 саяар хэтрүүлсэн, Ховд аймагт 3 суманд 30.0 сая төгрөгийг бэлнээр олгосон, зам давааны зардлыг 73.0 сая төгрөгөөр хэтрүүлсэн зэрэг зарим зөрчил гарсан тул холбогдох албан тушаалтанд хууль, журмын дагуу хариуцлага тооцож байгаа. Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий 16 гишүүн зарим аймагт өвс, тэжээл, автомашин, хөрөнгө шийдвэрлүүлэх хүсэлт, саналаа Засгийн газар, Улсын Онцгой комисст ирүүлснийг тухай бүрд нь шийдвэрлэж, хариуг өгсөн.   

Хоёр: Мал аж ахуйд учирсан хохирлын талаар

Гамшиг, зудын улмаас 2010 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар оны эхний нийт малын 15.6 хувь буюу 6.9 сая мал зүй бусаар хорогдсоныг зах зээлийн дундаж үнэд харьцуулан тооцвол нийтдээ 360.3 тэрбум төгрөгийн шууд хохирол малчдад учирсан байна. Өвөрхангай, Завхан, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Увс, Төв, Баянхонгор зэрэг 11 аймагт улсын хэмжээний хорогдсон нийт малын 90.7 хувь нь ногдож байна.

Гамшиг, зудын улмаас 2010 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар  нийт 8711 өрх огт малгүй, 32756 өрх малынхаа 50-иас дээш хувийг хорогдуулсан, 1400 гаруй малчин өрх аймаг, сумын төв рүү шилжин суурьшиж байгаа мэдээ ирж байна. Улсын хэмжээнд нийт 69.6 мянган малчин өрх, арилжааны банкуудад 63.9 тэрбум төгрөгийн зээлтэй байгаагийн 2.1 тэрбум нь малгүй буюу цөөн малтай болсон өрхүүдэд ногдож байна.

Банкны зээлийн хугацааг сунгах, зээлийн тодорхой хэсгийг эрсдэлийн сангаас гарган хөнгөлөх чиглэлээр холбогдох арилжааны банкны удирдлагатай уулзалт ярилцлага хийснээр тодорхой шийдэлд хүрч, малчдын зээлийн хугацааг сунгах, торгуулийн хүүг чөлөөлөх, үндсэн зээлээс нь эхэлж төлүүлэх зэрэг арга хэмжээг авч байна.

Гурав. Цаашид авах арга хэмжээний талаар:

Гамшиг, зудын хохирлыг бууруулах, нөхөхтэй холбогдуулан Засгийн газраас авах арга хэмжээнд орон нутгийн саналыг тэргүүн ээлжинд анхаарах зорилгоор бүх аймаг, нийслэлээс албан бичгээр санал авлаа. Эдгээрийг  түүвэрлэн авч үзвэл тэргүүн ээлжинд малжуулах хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх санал давамгайлжээ. 

Засгийн газар холбогдох яам, агентлаг, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж ажиллуулан 2009-2010 оны өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрснээс малчдад учирсан хохирол, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуудлыг судлан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар 2 удаа хэлэлцээд тогтоол, төлөвлөгөө болон малжуулах түр журам батлан гаргахаар ажиллаж байна.

Засгийн газрын зүгээс малчиддаа хандсан бодлогын томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна.  Тодруулбал малчин хүнийг өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдүүлэх, тэдгээрийн хөдөлмөрийг хамгаалж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр цогц бодлого боловсруулан хэрэгжүүлэхийн хамт гамшгаас урьдчилан сэргийлэх, малаа чанаржуулах, малчдын амьдрал ахуйн үнэ цэнэтэй бүхнийг өвлөн залгамжлах өвөрмөц тогтолцоот бодлогыг хэрэгжүүлэх шаардлага тавигдлаа.

УИХ-аас өнгөрсөн 2009 онд батлан гаргасан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэн эхэлж байгаа “Монгол мал” хөтөлбөр нь хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуйн салбарт баримтлах бодлогын гол суурь болж чадна гэж Засгийн газар үзэж байна.
     
Өнгөрсөн хугацаанд учирсан хохирлын сургамжаас дүгнэлт хийхэд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын удирдлага зах зээлийн тогтолцооны нөхцөлд мал аж ахуйг хэрхэн удирдах, эрсдэлээс хамгаалах зохион байгуулалт, үйл ажиллагааг шинэчлэн хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Энэ чиглэлээр орон нутгийн эрх мэдэл, хүлээх үүргийг нэмэгдүүлэхэд анхаарч Төсвийн тухай хуулийн төсөлд зохих заалт, өөрчлөлтийг тусгаж байгаа.

Засгийн газраас гамшгийн улмаас үүссэн хохирлыг нөхөхтэй холбогдуулан гадаад орон, олон улсын байгууллагатай хамтран тодорхой чиглэгдсэн төслийг хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллаж эхэлсэн. Тухайлбал: Азийн хөгжлийн банкнаас зудын байдалтай холбогдуулан Монгол улсад 2.5 сая ам.долларын буцалтгүй туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тусламжийн мөнгийг улсын төсвийн дансанд байршууллаа. Одоо Азийн хөгжлийн банктай уг тусламжийг ямар зориулалтаар, хэрхэн зарцуулах талаар техникийн уулзалтыг хийж, шуурхай шийдвэрлэхээр холбогдох яамд ажиллаж байгаа болно. 

Олон улсын банк, санхүүгийн байгууллага болон гадаад орнуудын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр малчдад шинэ ажлын байр бий болгох, хүсэлт гаргасан малчдыг өөр ажил, мэргэжилд сургах, эрсдэлийг даван туулах чадавхи бий болгох, хүнсний тусламж үзүүлэх зэрэг чиглэлд түлхүү зарцуулах чиглэлийг баримтлана. Зудын хохирлыг нөхөх асуудлыг дан ганц малжуулах, ажлын байраар хангах бодлогоор хязгаарлах бус Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын дагуу мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, олон улсын чанар, стандартад нийцүүлэн, түүхий эдийн болон бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх замаар хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулна.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан мал сүргийг гоц халдварт, халдварт өвчнөөс эрүүлжүүлэх шаардлагыг манай бүтээгдэхүүн, түүхий эдийг импортлогч улс орнуудын зүгээс онцгойлон тавих боллоо. Энэ чиглэлээр Засгийн газраас боловсруулж, ажиллаж байгаа зарим асуудлыг Та бүхэнд тараасан танилцуулгад тусгасан. Засгийн газраас малгүй болсон өрхүүдийг цаашид малжуулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг асуудлыг Засгийн газар саяхан хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гарган, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ зорилгоор тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсвөөс зохицуулалт хийж гаргах саналыг боловсруулан, Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголд тусган хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Энэ удаагийн төлөвлөж буй малжуулах арга хэмжээний хүрээнд малгүй болоод байгаа нийт малчин өрхийн 50 хувь буюу 4355 өрхийг малжуулах төсөлд хамруулах, үлдсэн 4356 малчин өрхийг  эдийн засгийн бусад салбарт шилжүүлж ажлын байраар хангахаар төлөвлөөд байна. Эдийн засгийн бусад салбаруудад шилжин ажиллах сонирхолтой хүмүүст анхан шатны мэргэжил олгох сургалтыг, сургалт үйлдвэрлэлийн төвөөр явуулахын хамт аймгуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн чиглэлээр зайны болон танхимын сургалтуудыг  зохион байгуулах болно.

Цаашид өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангахтай холбогдуулан төвлөрлийг сааруулах зарчмаар орон нутагт эрх мэдэл, хөрөнгө санхүүжилтийг өгч аймаг, сум, баг, малчин өрхийн түвшинд хадлан, тэжээл бэлтгүүлэх ажлын хариуцлагын тогтолцоог хамтад хэрэгжүүлэх бодлого баримталж, ойрын үед тусгайлан асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр холбогдох яам, газруудад үүрэг, чиглэл өгөгдсөн байгаа. Гамшиг, зудад өртсөн нийт малчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, шаардагдах эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх ажлыг шат шатны эмнэлгийн байгууллагаас шуурхай зохион байгуулж байна. Энэ арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Эрсдэл өндөртэй мал аж ахуйн салбарт даатгалын тогтолцоог бүрэн нэвтрүүлэх нь эн тэргүүний бодлого байх ёстой. Малын индексжүүлсэн даатгал төсөлд бүх аймгуудыг 2012 он хүртэлх хугацаанд дэс дараатай хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд малын даатгал, давхар даатгалын эрх зүйн болон санхүүгийн орчин нөхцлийг бүрдүүлэх асуудлыг онцгой анхааран ажиллаж байна. Өмчийн эзний өөрийн хүлээх үүрэг, хариуцлага нэн чухал.  Малчин өрх бүрийг тодорхой хэмжээний өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж, өвөл, хаврын улиралд ашигладаг дадал заншилд сургах, тэжээлийн нэг ба олон наст ургамал тариалах бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлж төрөөс үзүүлэх үр, бордоо, техник хэрэгслийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. 

Улсын нөөцийн өвс, тэжээлийн нөхөн бүрдүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгон орон нутагт нь бэлтгэсэн өвс, тэжээлээр нөөц бүрдүүлнэ. Засгийн газраас баталсан “Малын тэжээл” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, тэжээлийн бага, дунд оврын үйлдвэр, цехийг бүс нутаг, аймгуудын боломж, нөөц, онцлогт тулгуурлан байгуулж ажиллуулах талаар хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана.

Мал хаваржилтын байдал төдийлөн сайжрахгүй, цас ихтэй аймаг, сумдад малын хорогдол үргэлжилж, хүчтэй цасан болон шороон шуурга тохиолдох эрсдэл байсаар байна. Дэлхий дахины цаг уурын өөрчлөлтийн улмаас байгаль цаг уурын гэнэтийн болон гамшигт үзэгдлийн давтамж ихээхэн нэмэгдэж байгаа нөхцөлд Засгийн газар, орон нутгийн удирдлага, малчид ч тайвшрах цаг болоогүй байна.

Малчдын орлогыг тогтвортой байлгах, гадаад дотоод зах зээлийн үнэ ханшийн хэлбэлзэлд хүчтэй нэрвэгдэхгүй байх, цаашид малчдын орлогыг өсгөн нэмэгдүүлэх зорилгоор юуны өмнө мал аж ахуйн түүхий эдийн борлуулалтын зүй зохистой тогтолцоо нэн чухал гэдгийг  эрдэмтэн, судлаачид, олон улсын зарим байгууллагын зүгээс дүгнэж, удаа дараа санал дэвшүүлж ирсэн. Ийм зүй зохистой борлуулалтын сайн тогтолцоог бий болгох зорилгоор Засгийн газраас “Түүхий эдийн биржийн тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Байгалийн гамшигт үзэгдэлийн улмаас малчдад учирсан хохирлыг барагдуулах, цаашид орлогыг нь нэмэгдүүлэхэд нэн чухал үүрэгтэй  “Түүхий эдийн биржийн тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцэн баталж өгөхийг УИХ-аас хүсч байна. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхний гаргах саналыг Засгийн газар цаашид бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах