Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

С.Батболд: Монгол Улсыг зах зээлийн бус статустай орны жагсаалтаас гаргах галт тэрэг хөдөллөө

Нийтэлсэн: - 2010/12/20 03:52 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

С.Батболд: Монгол Улсыг зах зээлийн бус статустай орны жагсаалтаас гаргах галт тэрэг хөдөллөө Европын стандарт, нормыг Монгол нутагшуулах зорилтыг Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүний ажлыг авсан  өдрөөсөө дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд цөөнгүй асуудлууд нааштай шийдэгдэж байна. Хамгийн сүүлийн жишээ бол Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын холбооны хоорондын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Тус хэлэлцээрт Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх талаар хамтран ажиллах тухай тусгай бүлэг тусгагджээ.

Энэхүү хэлэлцээрийг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Европын комиссын гадаад харилцааны Ерөнхий газрын Монгол Улсыг хариуцсан хэлтсийн дарга Франц Жессен нар үзэглэлээ.

Мөн энэ үеэр Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулах асуудалтай холбогдсон асуултуудыг Европын комиссоос манай талд гарууллаа. Энэ нь Монгол Улсыг зах зээлийн бус статустай орны жагсаалтаас гаргах, хөгжлийн нэг шат ахих галт тэргийг хөдөлгөлөө гэдгийг Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ. 

Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг үзэглэснээр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн томоохон зорилтын нэг болох Европын стандарыг Монголд нутагшуулах болон  хоёр талын харилцаа хамтын ажиллагааг шинэ салбаруудад өрнүүлэх эрх зүйн орчин, Монгол Улс, Европын холбооны харилцааг шинэ шатанд гаргах нөхцөл бүрдэж байна гэж Ерөнхий сайд С.Батболд дүгнэлээ.

Мөн Европын холбоотой байгуулж байгаа Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр бол Монгол Улсыг ардчилсан улсын хувьд ч , зах зээлийн статустай орны хувьд ч хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэдгийг тодорхойллоо. Энэ хүрээнд Европын стандартыг Монголд нутагшуулах, үүнд техникийн туслалцаа үзүүлэх өргөн хүрээтэй асуудлуудыг хөндсөн хэлэлцээрийг үзэглэж байгаа нь улс төр, эдийн засаг, харилцаа хамтын ажиллагаанд туйлын ач холбогдолтой гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлолоо.

Монгол Улс зах зээлийн бус статустай орны жагсаалтад өнөөг хүртэл байж ирсэн. Зах зээлийн статустай оронд тавигддаг шаардлагуудыг бүрэн дүүрэн хангасан уу гэдэгт тодруулга, яриа хэлэлцээр хийх шаардлага байсан. Өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлэх, шийдүүлэхийн тулд тодорхой асуудлаар яриа хэлэлцээр хийх үндэс тавигдаж байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Монгол Улсын Засгийн газар Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад судлан нэвтрүүлэх ажлыг санаачилж, улмаар түүнийг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байгаа. Европын холбооноос энэ ажлыг дэмжиж, 2011-2012 онд 8 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсонд талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг манай улсад нэвтрүүлж эхэлснээр манай улсын хөгжлийг хурдасгах, үүнд олон зуун жилийн турш Европын улс түмний хуримтуулсан тэргүүний, дэвшилтэд туршлага, арга технологийг ашиглах, улмаар манай ард түмний аж амьдрал, соёлын түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг Засгийн газрын тэргүүн хэлж байлаа. Монгол Улс газар зүйн хувьд Европоос алс хол оршдог ч хөгжлийн гол чиг хандлага, арга зам, загвар, үнэлэмжийн хувьд улам ойртоно гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.

Ийнхүү манай улс 27 орон, 500 сая хүн амыг нэгтгэсэн Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан Азийн цөөхөн орны нэг боллоо

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах