С.Батболд :Тариаланчид шинэ стандарт, техник, технологи нэвтрүүлж байна
Тариаланчид шинэ стандарт, менежмент, техник технологи нэвтрүүлж урам зориг дүүрэн байна. Төр, засаг ч газар тариалангийн салбараа тууштай дэмжинэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тэрбээр 2010 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Борнуур, Жаргалант суманд ажиллан хаврын тариалалтын ажлын явцтай танилцсан юм. Ерөнхий сайд энэ өдөр Борнуур сумын услалтын системийн далан, ус хуваарилах сувгийн өнөөгийн байдлыг газар дээр нь үзэж, БНСУ-ын Канвон мужийн хүлэмжийн аж ахуй, усалгаатай тариалан эрхэлж байгаа “Алтанхөшиг”, “Ундрах шар булаг” ХХК, Жаргалант сумын “Хөх баян булаг” ХХК, “Сав” хоршооны тариалангийн талбайд очлоо. Борнуур суманд байгаа услалтын системийн далан, толгойн барилга, ус хуваарилах суваг, шуудуу 1964 онд ашиглалтад орсон. 3 сая м/куб ус нөөцлөн 1120 га талбай услах хүчин чадалтай ч 1995 онд үерт автан далан нь сэтэрчээ. Засварт шаардлагатай 528 сая төгрөгийг энэ жилийн төсөвт суулгасан бөгөөд ирэх хаврын тариалалтаас өмнө засч дуусна гэж ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Ерөнхий сайдад танилцуулав. Услалтын систем ашиглалтад орсноор тариалах талбай нэмэгдэж олон ажлын байр бий болон нэгжээс авах ургацын хэмжээ ч нэмэгдэх юм. Борнуурчууд энэ жил 1220 га-д үр тариа, 650 га-д төмс, 450 га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 450- га-д улаанбуудай, 260 га-д төмс, хүнсний ногоо тариалаад байна. Үүний дараа Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс Борнуур сумтай шууд харилцаатай БНСУ-ын Канвон мужийн хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Солонгосчууд 2004 онд 1500 м/кв талбай бүхий услалтын иж бүрдэл системтэй 10 хүлэмжийг 110 сая төгрөгөөр байгуулжээ. Энд жилд 16 нэр төрлийн нарийн ногоо тариалж, 17.5 тонн ургац хураан авч борлуулан 10 гаруй сая төгрөгийн ашигтай ажилладаг. 4 хүнийг байнгын, 10 хүртэл хүнийг түр ажлын байраар хангаж байна. Одоогийн байдлаар 8 нэр төрлийн 13.0 мянган үрслэг бойжуулж, 2 мянган ширхэг үрслэг борлуулан, 600 м/кв талбайд өргөст хэмх, 0.3 га-д төмс, хүнсний ногоо тариалжээ. БНСУ-ын Канвон мужийн байгуулсан хүлэмж, энд ажиллаж байгаа хүмүүсээс бусад аймаг, сум туршлага судлан, тухайн орон нутагтаа нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг Ерөнхий сайд С.Батболд салбарын сайдад үүрэг болгов. Ерөнхий сайд Борнуур сумын “Алтан хөшиг”, “Ундрах шар булаг” ХХК-ний хаврын тариалалтын ажлын явцтай танилцлаа. Дээрх хоёр компани газар тариалан, мал аж ахуй, гадаад, дотоод худалдааны чиглэлээр 1999 онд байгуулагдсан. Өөрийн гэсэн зоорьтой, талбайгаа бүрэн хашаажуулж, өндөр хүчдэл, цахилгаан шугам сүлжээтэй, гүний худаг гарган суваг, шуудуу татаж талбайгаа услаж байна. “Алтан хөшиг” ХХК 50 га талбайтай, Япон Улсын трактор, төмсний комбайн, үрлэгч, төмс сортлогч болон төмсний иж бүрэн техниктэй. Сумынхаа ажилгүй 70 гаруй хүнийг ажлын байраар хангаж, жил бүрийн 8 дугаар сарын эхнээс эрт ургацын төмс хураан, нийслэлчүүдийн хэрэгцээнд 30-40 тонныг нийлүүлдэг тухай компаний гүйцэтгэх захирал Т.Балдангомбо Ерөнхий сайдад танилцууллаа. “Ундрах шар булаг” ХХК 20 га талбайтай. ОХУ-ын трактор, төмсний комбайн, үрлэгч, төмс сортлогч болон төмсний иж бүрэн техниктэй. Сумын тариалан эрхэлж байгаа иргэдэд техникээр үйлчилж, 40 гаруй хүнийг ажлын түр байраар хангадаг. 2008 оноос “Монгол төмс” хөтөлбөрт хамрагдан Голланд Улсын Импала, ХБНГУ-ын Витара, Астила сортын төмс тарьж байна. Жилд дунджаар 10-15 га-д төмс тариалан нийслэлчүүдийн хэрэгцээнд 30-40 тонныг нийлүүлдэг юм. Компаний гүйцэтгэх захирал Н.Батбаяр нь 18 жил газар тариалан эрхэлж байгаа бөгөөд 2009 онд “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарчээ. Үүний дараа Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Жаргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хөх баян булаг” ХХК, “Сав” хоршооны тариалалтын ажлын явцтай танилцав. “Хөх баянбулаг” ХХК энэ жил 3 мянган га-д улаанбуудай тариалах бөгөөд нийт талбайн 95 хувьд нь тариалалтаа хийжээ. 2,4 тэрбум төгрөгөөр АНУ-аас шинэ техник авч ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал АНУ-ын нэг комбайн, трактор гэхэд л ОХУ-ын 7-8 комбайн, тракторын ажил хийдэг тухай компаний захирал танилцууллаа. Энэ компани 2006 онд 3027 га-д улаанбуудай тариалж, тарих үрээ 100 хувь нөөцлөн, улсад 3469 тонн ургац нийлүүлж “Улсын аварга тариаланч хамт олон” цол хүртсэн. Мөн компаний захирал Ж.Ариунболд атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоор Монгол Улсын гавъяат механикжуулагч цол, тэмдгээр шагнуулжээ. “Сав” хоршоо 56 га талбайд төмс, малын тэжээл, хүнсний ногоо тариалахын зэрэгцээ саалийн үнээний фермерийн аж ахуй эрхэлдэг. Жилд байгалийн хадлан 300-400 тонныг бэлтгэж өөрийн хэрэгцээнд болон зах зээлд борлуулдаг. Төмс, хүний ногоо тариалж, хураах, хадлан, тэжээл бэлдэх техник, хэрэгслээр бүрэн хангагдсан. Цаашид газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлж, хослуулах зорилт тавьжээ. Ерөнхий сайд С.Батболд “Хөх баян булаг” ХХК, “Сав” хоршооны хамт олны ажлыг үнэлж 120 м/кв талбай бүхий хүлэмжийг усалгааны системийн хамт хүлээлгэн өгсөн байна. Газар тариалангийн бүс нутагт ажилласан Ерөнхий сайд С.Батболд хаврын тариалалтын ажлын явцад сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Тариаланчид Засгийн газраас дэвшүүлсэн “Атрын 3 дахь аян”-ыг дэмжиж урам зориг дүүрэн байна. Бид хамтын хүчээр үр тариа, гурил, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодоос хангах нөхцөл бүрдлээ. Тариаланчид шинэ стандарт, менежмент, техник технологи нэвтрүүлж байгаа нь ажиглагдаж байна. Төр, засгаас ч газар тариалангийн салбараа дэмжих бодлогыг тууштай баримтлана. Арвин их ургац авах ирэх намар эргэн уулзая гэв. Энэ жил улсын хэмжээнд 282.2 мянган га-д үр тариа, 13.2 мянга га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 12.2 мянган га-д малын тэжээлийн ургамал тариална. 410.0 мянга тонн үр тариа, 158.5 мянган тонн төмс, 93.3 мянган тонн хүнсний ногоо хураан авч улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангаж, 274.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэх зорилт тавьсан. Тариалангийн үндсэн бүс нутагт тариалалт 5 дугаар сарын 3-наас эхэлсэн ч шөнөдөө хүйтэрч, хөрс хөрч байгаагаас 3-5 хоногоор хойшилсон. Тариалалт энэ сарын 9-нөөс жигдэрч өнөөдрийн байдлаар 15.2 хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.