С.Батболд: Улаан загалмайн нийгэмлэгтэй түншилж, хамтарч ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Цаг үеийн хүндрэл, бэрхшээл тохиолдсон үед нийгмийг хамарсан хүмүүнлэгийн ажлууд зохион байгуулдаг тус нийгэмлэгийнхэнд талархаж байдгаа Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд Монголын Улаан загалмайн нийгэмлэг бол манай улс дахь хамгийн ахмад гэж болохоор олон жилийн түүхтэй, үндэсний хэмжээний сүлжээ бүхий анхны байгууллага.
Тиймээс ч Засгийн газар Улаан загалмайн нийгэмлэгтэй түншилж, хамтарч ажиллах учиртай гэдгийг онцоллоо.Засгийн газар иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудыг дэмжиж, тэдний оролцоог нийгэмд улам нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Чадварлаг, төлөвшсөн ийм байгууллагуудад төрийн зарим ажил үүргийг шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа тэдэнд дуулгаад хамтран ажиллах гэрээ байгуулах боломжтой байгууллагуудын нэг нь Улаан загалмайн нийгэмлэг мөн гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Мөн тэрбээр 71 жилийн түүхтэй тус нийгэмлэгийг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Одончимэд энэ уулзалтын үеэр гаднын тусламж, гишүүдийн татвараар манай нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гаднын тусламж зогсоход хүрвэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болно. Тиймээс төр улаан загалмайн нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргая. Бидэнд төрийн туслалцаа хэрэгтэй байна. Тиймээс энэ асуудлыг их хурлаараа хөндөх гэж байгаа гэж тайлбарлалаа. 500 гаруй мянган гишүүнтэй Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 12 дугаар их хурал энэ сарын 21-нд Монголын Хүүхдийн ордонд болох юм байна