Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

С.Батболд: Хямралд өртөөгүй нэг ч монгол хүн байхгүй

Нийтэлсэн: - 2016/06/19 19:19 - Мэдээ, мэдээлэл , Фото мэдээ , Фото мэдээ , Үйл явдал / Event , Үйл явдал


ИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд дүүргийнхээ иргэд, сонгогчидтойгоо санал бодлоо хуваалцах уулзалт үргэлжилж байна. Нэр дэвшигч С.Батболд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны сонгогчидтой уулзаж, санал бодлоо солилцлоо. Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 , 13, хороо бол нийслэлийн дахин төлөвлөлтөд хамрагдах хотын төвд байршилтай бүс юм. Тус хорооны иргэдийн газрыг дахин төлөвлөлтөд хамруулж, орон сууцжуулна гэж Хотын захиргаанаас ярьдаг ч өдий хүртэл бодит ажил хэрэг болоогүй байна. Тиймээс цаашид дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхдээ иргэдийг хохироохгүй, газрыг нь илүү цэнэтэй болгохын төлөө хичээж ажиллана гэдгийг нэр дэвшигч С.Батболд сонгогчдод хэлж байв. Мөн иргэдийг хашаандаа амины орон сууц барих нөхцөлийг дэмжиж, ипотекийн зээл олгох боломжийг мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа бөгөөд МАН УИХ-д олонхи болж иргэдээ орон сууцжуулах ажлыг үе шаттай зохион байгуулах боломж бий гэдгийг хэлсэн.


Сүхбаатар дүүргийн 11 хорооны иргэдийн хувьд дахин төлөвлөлтийн асуудлаас гадна ажлын байрны хүрэлцээ муу, ажилгүйдлийн асуудал хүнд байгааг нэр дэвшигч С.Батболдод учирлав.


Нэр дэвшигч С.Батболд “өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын эдийн засгийн байдал хүндэрч, ажилгүй иргэдийн тоо өссөөр байгаа нь үнэн. Эрх баригч намын буруу бодлого улс орныг засаглалын хямралд оруулж, өнөөдөр иргэдийн ажил амьдралд сөргөөр нөлөөлж байна. Ажилтай байсан нь ажилгүй, зээлгүй байсан зээлтэй, орлоготой байсан нь орлогогүй болж улсаараа өрөнд орлоо. Өнөөгийн эдийн засгийн хямралд өртөөгүй нэг ч монгол хүн байхгүй. Монголчууд нийтээрээ тэтгэврийн, цалингийн, малчны зээлтэй, улс нь гадаад зээлийн хүүгийн дарамтад орсон. Жилд гаднаас авсан зээлийн хүүнд 1000 цэцэрлэг, 300 сургууль барих мөнгийг төлж байна. Бид ирэх дөрвөн жилд улс орноо хямралаас гаргаж, иргэддээ ажилтай, орлоготой болгох шаардлага зайлшгүй тулгарч байна” гэлээ.

Эдийн засгийг хямралаас гаргаж, мэргэжлийн газар байгуулж, ажилгүйдлийн асуудлыг шийдэх олон асуудлыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа аж. Тухайлбал, өрхийн аж ахуй болон бизнес эрхлэгчдийг дэмжиж “Итгэлийн зээл” олгох бодлого баримтална гэдгийг хэлсэн. Тодруулбал, барьцаа хөрөнгөгүйгээр бизнес эрхлэгчдэд зээл болгох боломжийг бий болгохоор тусгасан байна.

Уулзалтын төгсгөлд Сүхбаатар дүүргийн 11 хорооны сонгогчид нэр дэвшигч С.Батболдод дөрвөн жилийн өмнө уг хороонд өөрийн хөрөнгөөр худаг байгуулж өгсөнд үргэлж талархаж явдаг гэдгээ илэрхийлж, амжилт хүслээ. Уг худаг нь Сүхбаатар дүүргийн 11, 12 хорооны иргэдийн ундны усаа хангах гол эх үүсвэр болсон гэдгийг сонгогчид хэлсэн юм.

Сүхбаатар дүүргийн Увс аймгийн нутгийн зөвлөлийн гишүүд С.Батболдыг дэмжихээ илэрхийллээ


Дараа нь нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүрэгт ажиллаж, амьдарч буй Увс аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр Увс аймгийн нутгийн зөвлөлийн гишүүд Сүхбаатар дүүргийн 61 тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Батболдыг дэмжихээ илэрхийлсэн юм. Мөн Увс аймгийн угуул, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж уулзалтад хүрэлцэн ирж нутгийнхандаа хандаж нэр дэвшигч С.Батболдыг дэмжихийг уриалж үг хэлсэн юм.


Ц.Нямдорж: С.Батболд бол Монголын төрд том гавьяа байгуулсан хүн

УИХ-ын гишүүн Ц. Нямдорж хэлэхдээ “С.Батболд бол Монголын төрд том гавьяа байгуулсан хүн. ОХУ-д төлөх “Их өр”-ийг тэглэх арын албыг хариуцсан гол хүний нэг нь Сүхбаатарын Батболд байсан. Монгол Улсын эдийн засгийг түүхэнд хамгийн өндөр хувиар өсгөсөн Ерөнхий сайд байсан хүнийг дэмжихийг та бүхэндээ уриалж байна. Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн байдал хүндэрч байна. Манай улс Украины араас явж байна. Сонгогч та бүхэн зөв сонголт хийж улс орноо босгомоор байна. Энэ сонгууль эх орон тусгаар тогтнолын төлөө сонгууль болох ёстой. Улсынхаа төлөө бүгдээрээ зөв сонголт хийцгээе. Хямралыг давсан туршлага МАН-д, С.Батболдод байна. С.Батболдын төлөө саналаа өгөөрэй гэж дахин хүсмээр байна” гэлээ.




Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах