С.Батболд: Хүүхдийн төлөө гэсэн аливаа санал, санаачилгыг дэмжинэ
“Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл саяхан хуралдан Хүүхдийн хөгжлийн үндэсний стратегийг боловсруулсан. Хүүхдийн чиглэлээр авах бүхий л арга хэмжээг цогцоор нь багтаасан энэ баримт бичгийг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлана. Хүүхэд хамгаалал, ёс зүй, зан заншилд анхаарч, тэднийг хүчирхийллийн аливаа хэлбэрээс хамгаалах, хүүхдийг боловсролтой, өрсөлдөх чадвартай болгон хүмүүжүүлэхийн тулд Засгийн газар тодорхой, бодитой арга хэмжээ авна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ онцоллоо. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын арга хэмжээнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, НИТХ-ийн дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Дархан аварга Ж.Мөнхбат, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал болон албаны бусад хүн оролцов. “Хүүхэд-Шинэ бүхний эхлэл” баярт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хүүхэлдэйн театр, Улсын дуу бүжгийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулга, Драмын эрдмийн театрын хамт олон болон хамтлаг, дуучид уран бүтээлээ толилууллаа. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд бараа, бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэн- худалдаа ажиллуулсан байна.