С.Батболд: Энэ засаг эргэж бухах ажлаа илүү сайн хийж байна
УИХ-ын гишүүн С.Батболдтой ярилцлаа.
-Монголын эдийн засгийн форум өнөөдөр эхэлж байна. Та энэ арга хэмжээнд оролцох уу?
-Саяхан урилга хүлээж авсан. Зарим зүйлүүд дээр санаа бодлоо илэрхийлнэ. Энэ форумыг манай Засгийн газрын үед анх зохион байгуулсан.
-Чухам ямар шалтгаанаар ийм форум зохион байгуулдаг байя гэж шийдсэн юм бэ
-Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход нийгэмтэйгээ хэлэлцдэг, зөвшилцдөг суваг алга. Зөвхөн УИХ-ын гишүүд, сайд, дарга зэрэг цөөн тооны хүн улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж байгаа нь учир дутагдалтай. Тэр дунд популизм хийж хэн чанга дуугарсан, илүү олон ярьсныг нь бодлого болгох гээд байдаг буруу хандлага байна. Эрдэмтэд, судлаачид, бизнес эрхлэгчид, эдийн засагчдынхаа оролцоог хангаж, илүү судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой гэж үзсэн. Манай улстай хамтран ажилладаг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын төлөөлөл, иргэний нийгмийнхний оролцоог хангаж үгийг нь сонсч төрийн бодлогоо тодорхойлохдоо тусгаж, авах гээхийн ухаанаар ханддаг байх жишиг тогтооё. Тэндээсээ дараа жилийн болон дунд, цаашлаад урт хугацааны хөгжлийн бодлогын төлөвлөлтөө илүү тодорхой болгохын тулд Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж эхэлсэн. Нэг ёсондоо Давосын дэлхийн эдийн засгийн форумын сайн талыг хуулбарлая гэж шийдсэн.
-Тэгээд зорилгодоо хүрсэн үү. Төрийн бодлого тодорхойлохдоо сонсох ёстой хүмүүсээ сонсдог жишиг тогтож чадсан уу, өнөөдөр
-Эхний хурлууд нийгэмд үр өгөөжөө өгсөн гэж боддог. Бидэнд чиг баримжаа болсон. Бидний чих нээлттэй болж, олон ургалч үзэл бодлыг хүлээн авч байсан. Сүүлийн хоёр жилийн форумд илүү ахиц дэвшил, шинэ өнгө аяс байгаа байх. Тухайлбал Давост Монголын талаар хэлэлцүүлэг хийж тэрхүү Сценариог энэ удаагийн хуралд танилцуулах гэх мэт. Харин сул тал гэвэл сүүлийн хоёр удаагийн эдийн засгийн форумыг харж байхад эрх баригчдын буюу хэт нэг тал руу чиглэж байна уу гэж боддог. Нээлттэй байх, сөрөг хүчин болон санаачлагчидийн оролцоог хангах тал дээр учир дутагдалтай хандаж байна. Дээр нь иргэний нийгэм, бизнес эрхлэгчид болон бусад талуудын тэгш оролцоо хангалтгүй байна.
-Тэднийг, тухайлбал иргэний нийгмийнхнийг та нар, танай засаг тэгж их сонсдог байсан юм уу?
-Иргэний нийгмийн оролцоог хангахдаа ганц удаагийн хурал дээр сонсоод өнгөрөх нь учир дутагдалтай. Бидний үед төрийн бодлого тодорхойлоход иргэний нийгмийн оролцоог хангах, энэ талын эрх зүйн орчныг боловсронгуй болгооч гэдэг санал гарч байсан. Тэр дагуу нь Иргэний нийгмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг гаргасан. Хурал уулзалт зөвлөгөөнийг тусгайлан хийж байсан. Ер нь эдийн засгийн хөгжил, томоохон сорилтыг популист гэхээсээ илүү бодитой судалгаа, шинжилгээ, тооцоон дээр үндэслэж шийдэж байх ёстой. Бид энэ зарчмыг нэвтрүүлэх оролдлогыг байнга хийж ирсэн. Үр дүнд нь 2009 онд эдийн засаг хасах үзүүлэлттэй байсан бол 2010 оноос эхлэн бага зэрэг өндийж 2011 онд 17-18 хувьд хүрсэн. 2012 онд үүнээс ч илүү өсөлттэй гарах хүлээлт байсан. Гэвч 13 хувийн өсөлттэй гарсан. Өнгөрсөн Засгийн газрын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдвэрүүд эдийн засгийн өсөлтийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь үндсийг тавьсан гэж үзэж байсан. Бид ингэж дүгнээгүй. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, дэлхийн эдийн засгийн форум, өрсөлдөх чадварын судалгаа гаргадаг байгууллагуудаас Монгол Улсын эдийн засаг урт хугацаанд тогтвортой буюу жилдээ 15 хувиар өсөх тооцооллыг хийсэн. Тасралтгүй 20 гаруй жил эдийн засаг нь хурдацтай өсөх боломж байна гэсэн дүгнэлтийг гаргаж байсан.
-Одоо эдийн засгийн өсөлт, хурд ямар төвшинд байна вэ.
-Одоо өсөлтийн хурдац удааширсан байна. 17, 18 хувьтай байсан эдийн засаг өнгөрсөн онд 11 хувь боллоо. Энэ нь өөрөө өсөлтийн хурдац унаад байгааг харуулж байгаа юм. Ямар нэгэн хэмжээнд өсөлт бол байгаа нь байгаа. Хурд нь унасан болохоос өсөлт нь унаагүй. Өсөлтийн хурд цаашид улам удаашрах бодитой эрсдэл, сорилтууд ч харагдаж байгаа.
-Удааширсан өсөлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд энэ удаагийн эдийн засгийн форумаас та юу хүлээж байна вэ?
-Энгийн зүйлээс эхлээсэй. Бодит судалгаа шинжилгээг ажил хэрэгчээр хийж түүнд үндэслэсэн шийдвэр гаргах нь зүйтэй. Төр засгийн шийдвэрүүд амьдралд ойрхон тусах, үр дүнгээ өгөх талд илүү анхаармаар байна. Юуны түрүүнд эдийн засагт ажлын байр олноор бий болгож буй салбарууддаа Засгийн газар өөрт байгаа хөшүүрэг механизм болох татвар, зээл, квот, зөвшөөрлийн систем зэргээр зөв, шударга, нээлттэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Ингэхгүй бол аж ахуйн нэгжүүдийн том нь том, дундахь нь дунд, бага нь багаар бүгд ажлын байраа цөөрүүлж байна. Шинээр хүн ажилд авахаа больж, орон тоо, цалинг багасгах үзэгдэл бүх төвшиндөө хавтгайрлаа. Өмнөх Засгийн газрын үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг эрчимжүүлж, тэнд бэлтгэсэн мэргэжилтэй ажилчдыг хэдэн арав, хэдэн зуугаар нь ажилд авдаг, аж ахуйн нэгжүүд захиалгаа ирүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр ажлаас цомхотгох, чөлөөлөх, ажлын байрны орон тоог цөөлөх замаар аргагүйн эрхэнд зардлаа бууруулах чиг хандлага давамгайлж байна. Энэ нь эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадвар ямар төвшинд байгааг харуулах бэлээхэн бөгөөд бодитой жишээ юм. Одоогийн нөхцөл амаргүй байх шиг байна. Ойлгож байна. Гэхдээ л иргэдийн амьдрал сайнгүй, төгрөгийн ханш унасан ийм үед цалин, тэтгэвэрийг нэмж ард түмнийхээ амьдралд бага боловч санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол “эдийн засаг хэцүү байна” гээд төмөр нүүрээ харуулаад байж болохгүй. Эдийн засгийн өсөлт гэж макро төвшинд том тоо ярих нь сайхан. Хамгийн гол нь тэр том тоо айлын хаалгаар орж өрхийн амьдралд яаж нөлөөлж байна вэ гэдгээ тооцоолох нь чухал. Хүндээ наалдах ёстой. Төрийн дэмжлэг амьдралд бодитой, эдийн засгийн өсөлт нийгэмд шударга хуваагдаж байх ёстой. Энэ зарчмаар бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалин тэтгэвэрийг 2.5 дахин нэмж байсан. Гэтэл яриад байгаа хэмжээндээ тэтгэврийг нэмсэнгүй, цалин дээр бол хэрэгжсэн зүйл огт алга.
-Эдийн засаг ингэж хүндрэхэд гадна талын нөлөөлөл бий байх. Харин үүнээс илүүтэй өмнөх Засгийн газрын алдаа нь одоо хүндрэл болж гарч ирээд байгаа юм биш үү.
-Харин өнөөдрийн Засгийн газрын зарим сайд нар л зориуд ийм тайлбар хэлээд байгаа юм. Хамтарсан Засгийн газрын үед хүнийхээ хөгжлийг дэмжиж иргэдээ эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой болгоход анхаарч ирсэн. Тиймээс Хүний хөгжлийн сан байгуулж, тэндээсээ хоёр намын сонгуулийн амлалтыг нэгтгээд иргэддээ 21 мянган төгрөг өгдөг байсан. Гэтэл энэ маань буруу байсан, өнөөдрийн болж бүтэхгүй байгаа, эдийн засаг ингэж доройтсоны бүх буруу нь өмнөх Засгийн газраас эхтэй мэтээр эрх баригч нөхдүүд ярьж байна. Үүнтэй би санал нийлэхгүй. Хэрвээ бэлэн мөнгө амлах, янз бүрийн хөтөлбөр гаргаж байсан угшлыг нь хөөвөл Ардчилсан намаас эхтэй. Хамтарсан засгийн залуур дээр бид сууж байсан учраас бидний зөв байсан гэж өөрсдийгөө зуун хувь өмгөөлөх юм алга. Магадгүй алдаа байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ ингэж эргэж буцаж хойшоо ухардаг цаг үе нь өнөөдөр биш. Хамгийн гол нь хамтарсан засагт алдаа байсан бол түүнийг нь засч залруулаад урагшаа явах цаг хугацаа хангалттай өнгөрлөө. Энэ Их хурал, энэ Засгийн газар бүрэн эрхийн хугацааныхаа 50 хувьд орлоо. Дороо хий эргэж, зарим талаараа хойшоо ухарч байгаагаа өнгөрснөөс, хамтарч хэрэгжүүлсэн бодлогын алдаанаас боллоо гээд нэг байрандаа зогсоод байх нь буруу. Нэг намынх нь алдааг нөгөө нь засахад бүрэн эрхийн хугацаагаа бүтнээрээ нь зарцуулах гэж бид сонгууль хийгээгүй. Улсаараа урагшаа явах гэж сонгууль хийдэг, Засгийн газрыг сольдог. Гэтэл урагшилсан юмгүй, өөрсдийнх нь бодлогын алдаанаас болж байдал хүндрэхээр л өнгөрсөн засгийн муу муухайг баллуурдаж, цэвэрлэж байна гэж ярих нь яавч шударга ёс, зарчимд нийцэхгүй. Бодит үнэнд ч нийцэхгүй. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэж манай ард түмэн хэлдэг дээ. Тэрэн шиг өмнөх засгаас боллоо гэх арга ядсан тайлбараа одоо орхиж, урагшаа харж, өмнөх ажлаа хиймээр байна.
-Улстөр юм биш үү?
-Улстөр, улстөр. Тэгэхдээ хэчнээн улстөрийн асуудал ч болохоо байхаар л хойшоо харж хамтарч хэрэгжүүлсэн бодлогуудаа үгүйсгэж, өөрсдөө зүгээр суух нь хүний хувьд ч жудаггүй хэрэг. Тэр нь болоогүй дандаа хамтдаа шийдвэр шүү дээ. Тэр үед Тэргүүн Шадар сайд, Сангийн сайд, танхимын зарим сайд нь АН-аас байж Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсгийг өөрсдөө ахалж байсныг хэн ч өнөөдөр үгүйсгэхгүй. Түүх өөрөө гэрчилнэ. Харин ингэж эргэж бухахын оронд хамтдаа суурийг нь тавьсан эдийн засгийн өсөлтийн хурд маань удааширлаа гэвэл өөр хэрэг. Гэтэл сөрөг хүчин та нар дуугүй бай, болохгүй байгаа бүхний буруу нь та нараас боллоо, чимээгүй буланд зогсч бай гэсэн аятай, нэг хэсэг намын бүлэггүй, одоо ч байнгын хороодод шударга төлөөлөлгүй байгаа нь улстөрийн соёл, парламентын сонгодог утгадаа ч таархгүй.
-Гэхдээ эдийн засаг хүндрэхэд гадны талын бодит шалтгаан байгааг та хүлээн зөвшөөрнө биз дээ?
-Зөвшөөрнөө, тийм бодитой шалтгаан байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш харьцангуй буурлаа. Эдийн засагт зохих хэмжээний өсөлтүүд буурсан үзүүлэлтүүд ч байна. Нөгөөтэйгүүр, одоо эргээд сэргэж эхэлсэн зөв хандлага ажиглагдаж байгаа. Америк, Европын эдийн засаг сэргэж эхэллээ. Энэ нь ганцхан энэ Засгийн үед тохиолдож байгаа хүндрэл биш шүү дээ. 2008, 2009 онд эдийн засгийн хямрал болж л байсан. Тэр үеийн хямрал амаргүй л байсан. Одоо бол тэр үеийнхээс хүнд гэмээр сорилтууд гадна талаасаа алга.
-Хэрвээ гадна талаасаа тийм сүртэй тааламжгүй нөлөөлөл нь бага л юм бол таныхаар Засгийн газар юун дээр алдаа гаргаад байна вэ
-Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, дутуу хийсэн зүйлийг нь гүйцээж, зөрүүтэй байсныг нь засч залруулж, зөвийг нь улам баталгаажуулж явах ёстой. Энэ засагт энэ талын ажил хэрэгч хандлага дутагдаж байна. Алдаа байгаа бол түүнийг засна гэдэг нь гадагшаа ярихаасаа бодитой ажил хэрэг болгох явдал. Жишээ нь, би Оюутолгойн гэрээг сайн болсон хэзээ ч хэлж байгаагүй. Харин гэрээг хийсэн нь зөв гэдэг зарчмын байр суурьтай байдаг. Оюутолгойн гэрээг үе шаттайгаар яриа хэлэлцээр, харилцан ойлголцлын замаар сайжруулах ёстой гэж үздэг. Жишээ нь манай засгийн үед бид хөрөнгө оруулагчидтай шинээр яриа хэлэлцээ хийж зээлийн хүүг бууруулах, гурав дахь этгээдэд Оюутолгойн хувь хэмжээг зарахгүй байх, Монголын эзэмших 34 хувь буурахгүй байх, гуравдагч орны төрийн өмчийн компани худалдан авахгүй байх зэрэг олон өөрчлөлтийг гэрээнд нэмэлтээр оруулж сайжруулсан. Цаашид Монгол Улсын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг заавал 30 жил гэж хүлээхгүйгээр анхны хөрөнгө оруулалтын нөхөж ирсэн үеэс эхлэн шууд өөрийн эзэмших хувиа нэмэгдүүлэх талаар УИХ-ын гишүүд, иргэний нийгмээс тавьсан асуудалд нээлттэй хандаж байсан. Өнөөдөр харин нөгөө нуухыг нь авах гээд юу гэдэг билээ гэж санаа зовох юм.
-Өнөөдөр тийм байдал руу орчихож уу?
-Арай ч тийм байдалд орохгүй байх аа. Харин төрийн бодлогын залгамж чанар алдагдсан учраас Оюутолгой төслийн, эдийн засгийн хурдацыг удаашруулах үйл ажиллагаа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд явагдлаа. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөллөө. Жишээ нь 2013 оны эхний улиралд орж ирсэн валютын орлогыг өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад 60 гаруй хувиар буурсан байсан. Үүнд нь анализ хийхэд, 2011, 2012 онд Монгол Улсад орж ирсэн валютын урсгал доторхи Оюутолгойтой холбоотой орж ирсэн валют 20 хувийг нь эзэлж байсан. Тэр үед асар их хэмжээний валют орж ирж, хөрөнгө оруулалтын орчин таатай, илүү нээлттэй байсан. Гэтэл одоо орж ирж байгаа валютын урсгалын 60 хувь нь Оюутолгойх байна. Өнгөрсөн жилийн сүүлийн улирлаар ярьж байна л даа. Энэ улиралын шинэ тоо баримт надад алга. Гадаад валютын урсгал 50-60 хувиар багасчихаад байхад тэр дотор нь Оюутолгойн эзлэх хувь хэмжээ томорсон байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын хөрөнгө оруулалт ганц хоёрхон төслөөс хамааралтай, өрөөсгөл болж байна. Өмнө нь эдийн засаг хөрөнгө оруулалт улс, хувийн олон төсөл хөтөлбөрөөс хамаарч байсан. Гэтэл одоо бараг ганцхан төслөөс хамаарч валютын ханшийн өсөлт, инфляц, үнийн өсөлт, экспорт, импортын бэрхшээлийг үүсгэж байгаа. Энэ бол буруу хандлага. Бидэнд эдийн засгийн олон тулгуур, олон эх үүсвэр хэрэгтэй. Тэгэхгүй улсаараа нэг төслөөс хараат явж яавч болохгүй. Энэ талаар эрх баригчид эрхбиш бодож боловсруулж байгаа байх.
-Уул уурхайн сайд Оюутолгойд Монголын талын эзэмших 34 хувийг баталгаажуулсан гэж ярьсан. Гэтэл та манай Засгийн газрын үед баталгаатай болгосон гэлээ. Аль нь үнэн юм бэ
-Би сайдын хийсэн ажлын тайланг хараагүй. Бидний үед хувь нийлүүлэгчдийн гэрээ, яриа хэлэлцээрт оруулсан асуудлаа нээлттэй ил тодоор гаргаж тавьдаг байсан. Тэр үед л 34 хувь буурахгүй байх ёстой, гаднын гурав дахь этгээдэд зарагдахгүй байх, манай хувиас гадна нөгөө талд хувьцааг гурав дахь этгээд зарах юм бол Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авч зарах тухай олон зүйлийг баталгаажуулсан. Үүнийг хамтаараа гардаж хийсэн, хамтарч засагт байсан, УИХ-д хамтдаа сууж байсан олон хүн мэдэж байгаа. Ер нь ингэж талцаж хэрэлдмээргүй байгаа юм. Эдийн засаг амаргүй байгаа энэ үед эрх баригчид нь урагшаа зүтгэж, сөрөг хүчин сайн бөгөөд зөв ажилд нь ташуур болж явмаар байгаа юм.
-Оюутолгойгоос гадна хамтарсан Засгийн газрын үед “Чалько”-той хийсэн гэрээгээр зээлсэн 350 сая ам.долларын нүүрсийг 2013 онд багтаан төлж дуусах ёстой байсан уу, одоо ч дуусаагүй байх шиг байна?
-2013 ондоо багтааж барагдуулах гэрээтэй. Тийм боломж ч байсан. Энэ гэрээг Засгийн газар байгууллаагүй. Улсын үйлдвэрийн аж ахуйн нэгж нь хууль дүрмийнхээ хүрээнд, дэлхийн зах зээлийн үнэ тариф, томъёололын хүрээ хэмжээнд байгуулсан. Засгийн газар болохоор УИХ-ын шийдвэрийн дагуу уул уурхайгаас орж ирсэн орлогоор Хүний хөгжил сангийн эх үүсвэрийг л бүрдүүлсэн. Маш сайн гэрээ байсан гэж бид хэлээгүй. Засч сайжруулах юм байсныг үгүйсгэхгүй. Гэтэл сонгуулийн дараа тойруулж улстөр, эдийн засгийн яриа нэлээд явагдсан. Харамсалтай нь, төлбөрөө төлж дуусах хугацаа удааширч цаг нэлээд алдлаа. Тэр үед 70 долларын гэрээ хийгдэж байсан бол одоо тонн тутамд 30-40 доллар болж байгаа л гэж ярьж байна.
-Өөр томоохон төслүүд бий. Тавантолгой, ДЦС-V, төмөр зам, эдгээр төсөл таныг Ерөнхий сайд байхад л яригдаж байсан. Одоо ч ярьсаар байна. Ер нь урагшаа ахиж, дэвшсэн зүйл байна уу?
-Тоймтой зүйл хэлж чадахгүй нь. Юу нэмж хийсэн бэ гэдэгт Шинэчлэлийн Засгийн газрын нөхдүүд хариу хэлэх байх. Хэрвээ хийсэн зүйл, бодитой ахиц дэвшил байгаа бол түүний нь ард түмэн ч харж мэдэрч байгаа байх.
-Уг нь энэ Засгийн газар өмнөх танхимуудаас харьцангуй их мөнгөтэй гэх юм билээ. Гэтэл мөнгөтэй байхад яагаад эдийн засаг хүндрээд, ажлын байр хомсдоод, цалин тэтгэвэрийн нэмэгдэлд эх үүсвэр олдохгүй байна вэ?
-Манай Засгийн газрыг өр үлдээсэн гэж ярьдаг. Гэтэл ганцхан жишээ хэлэхэд 2012 оны хавар бонд гаргаж 580 сая ам.долларыг тэр чигээр нь энэ Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна энэ Засгийн газар Чингис, Самурай, бонд гаргасан, Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр гурван их наяд төгрөгийг гаргасан, Засгийн газар өөрөө нэг их наяд төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээл дээр гаргасан. Үүнээс гадна хөрш орнуудтай своп гэрээ хийсэн. Ингээд яривал бэлэн мөнгө, мөнгөний эх үүсвэр хангалттай байлаа. Бондын мөнгө төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа нь хууль эрх зүйн орчинд нийцэхгүй байгаа. Монголбанкнаас үнэ тогтворжуулахаар гаргасан гурван их наяд төгрөг ч төсвийн хүрээнд яригдах ёстой. Үүнийг Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнхан хэлж залруулга хийх ёстойг сануулж байгаа. Төсвийн бүрэлдэхүүн байх ёстой гэж. Үүнийг гарцаагүй анхаарч, засч залруулах ёстой. Эдгээр эх үүсвэрүүдийн зарцуулалт ил тод гэхээс илүү өөрсдийн талын компаниуд, бодлогыг илүү дэмжих хөтөлбөр болж байна гэсэн шүүмжлэл нэлээд гарч байгаа шүү дээ. Үүнийг ч мөн анхаарах хэрэгтэй. Гэтэл улс орны хэмжээнд шууд хөрөнгө оруулалт буурч байна. Дүгнэж хэлэхэд шууд хөрөнгө оруулалтаа татах бодлого дутаж ирсэн нь эндээс харагдаж байгаа юм. Манайхан хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн гаднынхан гэж хараад байна. Дотоодын хөрөнгө оруулагчид гэж бий. Барилга, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, бүх салбарт нийт хөрөнгө оруулагчдад идэвхжил, дэмжлэг хэрэгтэй байна. Хаврын ид ажил эхлэх хөтөлбөрт оруулах хэрэгтэй байна шүү дээ. Зам барилга, төмөр зам, эрчим хүч, аж үйлдвэрийн төслөө яаравчилж хувийн хэвшлийн оролцоог нээлттэй шударгаар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ер нь хөрөнгө оруулагчдад төр засгийн бодлого ойлгомжтой, тогтвортой, өрсөлдөх чадвартай, урт хугацааны найдвартай түнш байж чадна гэсэн итгэл хэрэгтэй. Зөв бодлого, зөв, шударга үйл ажиллагаагаар энэ итгэлийг бий болгоно. Алдах асуудал бол төр засгийн ганц нэг буруу шийдвэрүүд л болно. Үүнийг байнга анхаарч байх ёстой.
-Сөрөг хүчний гол үүрэг бол шүүмжлэхээсээ эрх баригчдын алдаа засах хэлж өгөх. Тэр үүргээ танай нам яагаад биелүүлэхгүй байна вэ?
-Манай намд дутуу хийж, сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүй байгаа дутагдал бий бий. Бүрэн хийх, бодитой сөрөг хүчин байх боломжийг маань хууль эрхзүйн хүрээнд хязгаарлаж байгаа хүчин зүйл ч бас байна. Манай намаас сонгогдсон УИХ-ын гишүүд бүлэггүй нэг жил шахам явлаа. Дээр нь одоо болтол Байнгын хороодод тэгш, шударга хуваарилалтаар орж чадахгүй байна. УИХ-ын гишүүдийн 1/3 нь манай намын гишүүд байдаг. Гэтэл байнгын хороон дээр очихоор 1/5, 1/10-ийг эзэлдэг. 20 гишүүнтэй байнгын хороонд хоёр гишүүн суух жишээтэй. Бусад нь байнгын хороонд байхгүй. Эсвэл нэг байнгын хороотой. Үлдсэнийг нь өргөдөл гомдлын байнгын хороо гэж байгуулж тэндээ бүгдийг нь оруулчихсан. Тэгээд, та нар аль ч байнгын хороонд үгээ хэлж болно ш дээ гэдэг. Гэхдээ бид шийдвэр гаргахад таслах эрхээ эдэлж оролцмоор байдаг. Эрх зүйн орчноор хязгаарласан ийм дарамт бидэнд байна. Гэхдээ сөрөг хүчний байр сууриа илэрхийлээгүй биш илэрхийлээд явж байгаа. Хангалтгүй, дайчин биш сул байна гэсэн шүүмжлэл бий. Популизм сайн хийж чадахгүй, сураагүй тал бас байна. Ер нь хэвлэл мэдээлэлийн орчинд бидэнд боломж бас хязгаарлагдмал байгаа. Жишээ нь УИХ дээр тодорхой, ээдрээтэй асуудлуудаар манай гишүүдийн байр суурь МҮОНРТ-ээр тун бага гардаг. Ер нь бид илүү судалгаатай, бодит байдал дээр үндэслж дуугарч байх нь төрийн бодлогийг зөв байлгахад илүү ач холбогдолтой гэж үздэг.