С.Батболд : Эрүүл мэндийн салбар том модоор төсөөлвөл мөчир хэсгээрээ ургаж байгаа боловч үндэс нь хир зөв тавигдсан бэ гэдэг эргэлзээтэй байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамны байранд эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа. Аливаа улсын дэлхийд өрсөлдөх чадварыг эрүүл иргэдээ хэрхэн хөгжүүлснээр нь тодорхойлдог. Иймээс “Эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг төлөвшүүлэх” талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглэв. Эрүүл мэндийн салбарт олсон ололт, амжилт их ч цаашид анхаарах, тулгамдсан асуудал ч цөөнгүй байна. Иймээс энэ салбарын шинэчлэлийг бүх шатанд цогцоор нь, зорилготой, уялдаа холбоотой хийх нь ахиц дэвшилд хүрэх арга зам гэж Ерөнхий сайд үзэж байна.
Шинэчлэлийг хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ давамгайлсан тогтолцоо бий болгох, оношлогоо, эмчилгээний чанарыг олон улсын стандартад хүргэж, тэгш, хүртээмжтэй болгох чиглэлээр хийх нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэлэв. Эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа, холбоо, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, санхүүжилтийг өөрчлөх, хүний нөөцийн хөгжилд онцгой анхаарч нэгдмэл чадавхи, тогтолцоонд шилжих хэрэгтэй гэж Ерөнхий сайд үзэж байна. Эрүүл мэндийн тухай хуульд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааны уялдааг хангах, мэргэжлийн хүмүүсийн саналыг тусган Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-аар батлуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгов.
Мөн Улаанбаатар хотын эмнэлгүүдийн тогтолцоог ч эргэж харах, боловсронгуй болгох шаардлага байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Ард иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгож төсвийн хөрөнгийг энэ чиглэлд зарцуулдаг болох нь чухал гэж Ерөнхий сайд үзэж байна. Хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх талаар бүх нийтийг хамарсан ажил зохиох, иргэдийг нийтийн бие тамираар хичээллэдэг орчин нөхцөл бүрдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Эм, сүлжээний гэж нэрлэгддэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээг хязгаарлах, хууль тогтоомжийг мөрдүүлж, шаардлагатай бол хууль, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхэд санаачлагатай хандахыг Ерөнхий сайд анхааруулав. Мөн цар тахал, гамшгийн үед эмийн үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар бодлого боловсруулан мөрдлөг болгох, үүнтэй холбогдуулан уламжлалт анагаах ухаанд суурилсан үндэсний эмийн үйлдвэрлэлийг ч дэмжиж, хөгжүүлэхийг холбогдох байгууллага, хүмүүст үүрэг болгосон байна. Жилд манай 30 гаруй мянган иргэн гадаад оронд их хэмжээний мөнгө зарцуулж, оношлогоо, эмчилгээ хийлгэдэг. Энэ тогтолцоог өөрчлөн олон улсын стандартад нийцсэн оношлогоо, эмчилгээний төвийг гадаадын зээл, тусламжийн хүрээнд байгуулах, шаардлагатай бол Засгийн газар ч дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий сайд хэлэв.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, даатгалыг бэхжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх ажлын хэсэг байгуулж асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Гадаадын орнуудад төрөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээг шууд санхүүжүүлэх бус, харин бүх нийтийг хамарсан, өрсөлдөөнт, хоёр шатлалтай даатгалын тогтолцооны хүрээнд шийдвэрлэдэг стандарт тогтсон. Үүнийг нэвтрүүлэхийн тулд санхүүжилтийн суурь үзэл баримтлалын баримт бичгийг боловсруулж, шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн яамны удирдлагад үүрэг болгов.
Осол аваар, гэнэтийн болгоомжгүй зүйлээс болж гарч байгаа төлөвлөгдөөгүй зардлыг улс нуруундаа үүрдэгийг болиулж буруутай этгээдээр төлүүлдэг хууль, эрх зүйн орчин бий болгох нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна.
Бараа, үйлчилгээ нийлүүлэх сонгон шалгаруулалт шударга бус явагддаг тухай мэдээлэл их гардаг. Үүнийг цэгцлэхийн тулд тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийддэг байхыг Ерөнхий сайд зөвлөж Засгийн газар ч холбогдох арга хэмжээг авна гэв. Хөдөө орон нутагт эмч, эмнэлгийн ажилтнуудын тоо эрс дутагдалтай байгаад дүгнэлт хийн хүний нөөцийг оновчтой төлөвлөх, ажиллах хүний чадавхийг дээшлүүлэх, тэнцвэртэй тоогоор байршуулахад анхаарахыг Ерөнхий сайд сануулав.
Нийслэл, аймгийн төвүүдэд өрхийн эмнэлгээ иргэд сонгодог байх, сумдын түвшинд анхан шатны тусламж үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлдэг гол бүтэц болгож шинэ байдлаар хөгжүүлэх цаг болсныг Ерөнхий сайд анхаарууллаа. Олон улсын хандивлагч байгууллагаас үзүүлж байгаа хандив, тусламжийг нэгдсэн нэг санд төвлөрүүлэн, нэг удирдлагаар хангаж, зориулалтын дагуу зарцуулах, эх үүсвэрийн зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах нь зөв гэж Ерөнхий сайд үзэж байна.
Гадны эмнэлэг, эмчийг шүтсэн буруу жишгийг өөрчлөхийн тулд бэлтгэн гаргаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын чанарт онцгой анхаарах, орчин нөхцлийг нь бүрдүүлэхийг Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд даалгав. Эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд амаллаа. Алслагдсан, хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад нэмэгдэл, урамшуулал олгох асуудал боловсруулахыг даалгасан. Мөн салбарын 675 хүнд хөнгөлттэй нөхцлөөр орон сууц олгохоор квот тогтоосныг Ерөнхий сайд хэлэв.
Ерөнхий сайд С.Батболдыг үг хэлсний дараа Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит клиникийн 3 дугаар эмнэлэг, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон онлайнаар холбогдож ажлаа танилцуулан тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар саналаа хэлэв. Төр , засгаас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээ авч байгааг эмч нар үнэлж байгаагаа илэрхийллээ.
Гэмтэл, согог судлалын үндэсний төв гэхэд л нарийн мэргэжлийн тоног, төхөөрөмжтэй болсноор гадаадад өндөр үнэтэй хийдэг өвдөг, түнх, нурууны мэс заслыг эх орондоо амжилттай хийж байгааг Ерөнхий сайдад дуулгав. “Цаашид мэс заслын тоног төхөөрөмж, материал, хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөх, тухай эмнэлэг үйлдвэрлэгчтэй шууд харилцан шаардлагатай зүйлсээ авдаг болох нь чухал. Үүнд ойролцоогоор 8 тэрбум төгрөг хэрэгтэй бөгөөд хөрөнгийн асуудлыг шийдчихвэл манайхан гадаадын орнуудаас хэд дахин хямд үнээр эх орондоо мэс засал хийлгэх боломжтой” гэж эмнэлгийн ерөнхий захирал С.Отгонгэрэл хэлэв.
Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг Олон улсын магадлан итгэмжлэл авахыг зорьж байгаа ч хөрөнгө мөнгө дутагдалтай байна. Мэс засал, эрчимт болон нөхөн сэргээх эмчилгээний санхүүжилт ч дутмаг байгаа талаар эмнэлгийн захирал Б.Батсуурь хэллээ. “Төрөлт эрс нэмэгдэж байгаа энэ үед нийслэлд дөрөвдүгээр амаржих газрыг нэн даруй байгуулах, удам зүйн лаборатори байгуулах зэрэгт төр, засгаас дэмжлэг үзүүлэх, 2010 онд Ерөнхий сайдын ивээл дор үндэсний чуулган зохион байгуулах”-ыг Эх нялхсын эрдэм, шинжилгээний төвийн захирал хүсэв.
Дэлхий нийтийг хамарсан томуугийн А хүрээний /H1N1/ вирус болон бусад халдварт өвчний эсрэг хийж байгаа ажлынхаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцуулав. Тус төв томуугийн А хүрээний /H1N1/ вирусийг оношлох зориулалтын лабораторгүйгээс эмч, ажилтнууд халдвар авах, тархах магадлал өндөртэй. Иймээс гуравдугаар зэрэглэлийн зориулалтын лабораторитой болох, сүрьеэ өвчтэй хүмүүсийн сувилал байгуулах, эмч, ажилчдыг орон сууцтай болгох, 23 жил болж байгаа цэвэрлэх байгууламжаа шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Уулзалтад оролцсон эмч, ажилтнууд мэдлэг, чадвараа дээшлүүлэх, Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь гаргаж бие даалгах, өрхийн эмнэлгийн санхүүжилтийг шинэчлэн, эмч, сувилагчдын цалин, нийгмийн асуудлыг нь шийдэх, иргэн хүн өрхийн эмчээ өөрсдөө сонгодог байх, хүн амын тоо бүртгэлийг цахим хэлбэрт оруулах зэрэг санал, хүсэлт гаргалаа