С.Батболд: Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах том боломж та бүхний өмнө байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Солонгосын техникийн коллежийн 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд оюутан залууст хандаж үг хэлэхдээ “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 45 мянган залуучууд сурч байна. Үүнээс гадна саяхан “Оюутолгой” төслийн санхүүжилтээр 3300 ажилгүй иргэдийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан сургаж мэргэшүүлэх шийдвэрийг манай Засгийн газар гаргасан. Үүнд “Оюутолгой” төслөөс 36 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж хийх юм. Үүний 23 тэрбумыг нь суралцагчдын цалин, хоол хүнсний зардалд, 13 тэрбумыг нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн чадавхийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулна” гэсэн чихэнд чимэгтэй мэдээг дуулгалаа.
Хэдхэн хоногийн өмнө говийн аймгуудад ажилаад ирсэн Ерөнхий сайд С.Батболд “Мэргэжилтэй ажилчдыг даруй бэлтгэн гаргах шаардлага байгаа тул эхний 1000 хүнийг ирэх сарын 1-нээс, үлдсэн 2300 хүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт даалгаж, сонгон сургахдаа төв, орон нутгийн оролцоог жигд хангаж, нийт хүн амын тоотой хувь тэнцүүлэн, суралцах хүний квотыг хот, аймаг, сум, дүүргүүдэд тогтоох зарчмаар сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах үүрэг өгсөн юм. Ингэхдээ ажилгүй, хөдөлмөрийн биржид бүртгүүсэн, ажлын байр идэвхтэй хайж байгаа хүмүүсээс сонголт хийх нь зохимжтой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ онцоллоо. Мэргэжлийн байгууллагуудын судалгаанаас харахад орын таван жилд 40 мянга гаруй ажлын байр шинээр бий болох төлөвтэй байгааг суралцагч оюутнууд, эрдэмтэн багш нарт дуулгасан юм.
Ерөнхий сайд дараа нь тус коллежийн зарим анги танхимаар орж, суралцагчидтай уулзаж, ярилцлаа.
Эхний орсон анги нь Оюутолгой төслийн санхүүжилтээр суралцаж буй ангийнхан байлаа. Голдуу Өмнөговь аймгаас ирсэн залуучууд тэнд суралцаж байгаа юм байна. Ерөнхий сайд С.Батболд тэдэнд хандаж хэлэхдээ “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, идэвхжүүлэх, бодитой ажил болгох зорилт тавиад бид бүх талаас нь бодлогоор дэмжиж байгаа. Энэ нь бодитой ажил болж байна. Засгийн газраас дэмжихийн зэрэгцээ хамгийн гол зүйл нь бүтээн байгуулалтын ажил ид өрнөж нарийн мэргэжилтэй боловсон хүчний эрэлт хэрэгцээ, ажлын байрны шаардлага их байгаа нь үүнтэй холбоотой юм.
Засгийн газрын шийдвэрүүд бодитой ажил болох ийм нөхцөл Монгол Улсын маань өнцөг булан бүрт өрнөж байна. Өндөр мэргэжилтэй, өрсөлдөх чадвартай мэргэжлийн боловсон хүчнээ бид өөрсдөө бэлтгэж чадаж байвал гадаадын мэргэжилтэн авах шаардлага байхгүй. Ийм боломж манай улсад бүрдээд байна. Та нар минь хичээн суралцаарай. Би сая говийн аймгуудад ажиллаад ирлээ. Тэнд, уурхайд та нар шиг залуучууд ажиллаж, дундаж нь 890 мянган төгрөгийн цалин авч байна. Тэдний амьдрах орчныг ч сайн бүрдүүлжээ. Энэ бүхэнтэй танилцаад ирсэн хүний хувь та бүхэнд зөвлөж байгаа юм” гэж зөвлөлөө.
Түүнчлэн “Манай залуучууд хар бор ажил хийх гэж гадаад орныг зорьж байна, Элчин сайдын яамдын үүдэнд зогсож байна. Ингэхийн оронд эх орондоо бүтээлчээр ажиллаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, өөрсдийнхөө ахуй амьдралыг дээш нь татаж чадах мэргэжилтэй, чадвартай боловсон хүчин болох бүх боломж та бүхний өмнө нээлттэй байна” гэж хөдөө орон нутгаас нарийн мэргэжил эзэмшихээр ирсэн тэдгээр залууст гүйцэтгэх засаглалын тэргүүн захилаа.
Монгол Солонгосын технологийн коллежид энэ жил шинээр 500 оюутан авчээ. Эднээс гадна 1000 залуус суралцах хүсэлтээ өгөөд байгаа юм байна.
Ерөнхий сайд энэ мэдээллийг сонсоод “Суралцъя, нарийн мэргэжил эзэмшье гэсэн ийм хүсэл эрмэлзлэл өндөр залуучууд олон байгаад сэтгэл хангалуун байна. Засгийн газрын зүгээс хөдөлмөрийн зах зээлд хүлээгдэж, шаардагдаж байгаа мэргэжилтнүүдийг МСҮТ-үүдтэйгээ хамтраад бэлтгэх бодитой ажлын эхлэл нь энэ хичээлийн шинэ жил боллоо. Залуучуудын сурах боломжийг өргөтгөхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагуудтай уялдаа холбоотой байж, хамтран ажилахыг Засгийн газар зорьж байна. Хамгийн гол нь төгсөж гарч байгаа залуучууд маань ажлын байраар бүрэн хангагдсан байх, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээ байгаа нарийн мэргэжлийг чадварлаг эзэмшсэн байх ийм боломжийг бий болгоно” гэдгээ эрдмийн энэ өдөр залуучууд та бүхэндээ дуулгахад таатай байна” гэлээ.
Хөнгөн үйлдвэрийн мэргэжилтэй ажилчид бэлтгэж ирсэн тус сургууль нь энэ уламжлалаа үргэлжүүлэхийн зэрэгцээ нийгмийн хөгжил, шинэтгэл, өөрчлөлттэй уялдуулан эрэлтэд тулгуурласан мэргэжлүүдээр сургалтаа өргөжүүлж , энэ хичээлийн жилд мэргэжлийн боловсрол олгох сургалтад нийт 2760 суралцагч хамруулж байна.
Монгол Улсын Засгийн газрын Үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх бодлогын хүрээнд томоохон төслүүд хэрэгжиж, , энэхүү бүтээн байгуулалтад олон улсын түвшний стандартад нийцсэн өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн шаардагдаж байгаа энэ үед тус коллежийн гүйцэтгэх үүрэг чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд онцолж байлаа.
Тус коллеж нь “Вагнер-Ази тоног төхөөрөмж” ХХК, “Оюутолгой” ХК-тай хамтарч эдгээр ажил олгогч компанийн захиалгат мэргэжлийн сургалтад залуучуудыг хамруулж, ажлын байраар хангаж байна. Удахгүй “Тавантолгой”, “Энержи ресурс” ХК-ийн захиалгаар ажиллагсдыг мэргэшүүлэн сургах юм. “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгээр ирэх сараас таван мэргэжлээр 140 хүнийг мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулах гэж байгаа талаар тус сургуулийн захирал танилцууллаа. Засгийн газраас мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, олон арга хэмжээ авсны үр дүнд мэргэжлийн сургуулиудын хүчин чадал нэмэгдэж, иргэд, нарийн мэргэжлийн үнэ цэнийг мэдэрч мэргэжил эзэмших эрмэлзлэл өргөжин тэлсээр байгаа гэдгийг тус коллежийн захирал онцоллоо