Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

С.Батболд: Эх орон нэг монгол хүнээс эхэлдэг

Нийтэлсэн: - 2014/11/17 11:32 - Мэдээ, мэдээлэл , Тайлан , Блог нийтлэл , Фото мэдээ , Фото мэдээ , Үйл явдал / Event


УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд МАН-ын залуучуудын төлөөлөл болох НАМЗХ-ны гишүүдтэй уулзлаа. Тэрээр "Монгол Улсын хөгжлийн гарц" сэдвээр илтгэл тавьж, улс орны хөгжил, хувь хүний хөгжил, намын хөгжлийн талаар залуучуудтай сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Түүний илтгэлээс товчлон нийтлэв.


"Замын зураг"-гүйгээр зорьсон газртаа хурдан очиж чадахгүй

Монгол Улсын хөгжлийн төсөөлөл, хэтийн төлөв, аль нам сонгуульд ялснаас үл хамаараад заавал баримтлах хөгжлийн нэгдсэн бодлого байхгүйгээс болоод өнөөдөр бид улсаараа харанхуйд тэмтчиж яваа юм шиг болжээ. Очих газар буюу хөгжлийн чигийг заасан "замын зураг" бидэнд алга. Өөрөөр хэлбэл, бид газрын зураггүй, чиг заах луужингүйгээр ойд төөрч яваатай бараг л адилаар урсгалаараа тэмтчиж явна. Харин эрх барьсан нам нь нөгөө намаа үгүйсгэдэг зарчим ноёрхлоо. Түүнээсээ болоод заримдаа овоо явж байсан ажлаа ор тас үгүйсгэх, бүр орвонгоор нь эргүүлээд хаячих юм. Төр, засгийн бодлогын залгамж чанар тэр бүр хадгалагдахгүй байна. Өмнөх Засгийн газрынхаа хүрсэн цэгээс цааш явахгүй, хүргэсэн амжилтыг үргэлжлүүлж чадахгүй байна.

Ойд хоёулаа ч явсан, олуулаа ч явсан хэн нэг нь ахалж урд явж зам заадаг даа. Тэр хүнийг эрх баригч намтай зүйрлэбэл, бид "зам заадаг хүн"-ээ солих бүртээ "өмнөх зам заагч"-ийнхаа хүргэсэн газраас цааш явахгүй, буцаж байрнаасаа хөдлөх, заримдаа бүр өөр зүгт явах гэж зүтгэх юм. Энэ нь түрүүний ярьдаг, хэн ахалж зам заахаас үл хамааран баримтлах нэгдсэн "газрын зураг"-гүйгээс болж байна.

Би ойрын жишээ авъя. 2008-2012 онд улс орны эдийн засаг ямар байсныг та бүхэн санаж байгаа. 2008-2009 онд эдийн засаг хямралтай байлаа. Санхүүгийн салбарын хүндрэл нь хямрал болон давалгаалах төлөв ажиглагдаж, банкинд мөнгөө хадгалуулсан иргэд санаа зовниж байв. Дэлхийн болон Азийн хямралын цикль, цохилтод манайх автаж байсан үе. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, төмрийн үнэ дэлхийн зах зээл дээр уначихсан, ер нь маш хэцүү байлаа. Нөхцөл байдал хэдийгээр биднээс бараг хамаарахгүйгээр хүндэрч байсан ч, төр төмөр нүүрээ харуулах ёсгүй, хямралыг зах зээлийн урсгалд нь даатгаад орхиж болохгүй, харин ч эрх баригч нам, Засгийн газар "зам заагч"-ийн үүргээ илүү ухамсарлах ёстой гэж бид үзсэн.

Тийм учраас ард түмэндээ хандаж банкны хямралд санаа зовох хэрэггүй, арилжааны аль нэгэн банк дампуурахад хүрвэл та бүгдийн мөнгөн хадгаламжийг төр хариуцах шийдвэрийг манай Засгийн газар гаргасан. Ингэснээр иргэдийнхээ ч, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаагүй. Улмаар улс оронд банкаар дамжсан санхүүгийн тогтвортой байдлыг бий болгож чадсан. Үр дүн ч гарсан. Олон жил гацсаар ирсэн Оюутолгой төслийг эхлүүлж эдийн засгийн нааштай өсөлтүүд гарсныг хүмүүс мэдэж байгаа. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд эдийн засагчид, гадны судлаачид хүртэл Монгол Улс эдийн засгийнхаа эрчимтэй хөгжлийн гараан дээр очлоо гэж дүгнэж байсан. Бүр тодруулбал, Монгол Улсын эдийн засагт эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгой төсөл, түүнийг дагасан бизнесийнх гэдгийг олон хүн хэлж байлаа.

Оюутолгойн араас Тавантолгойг ч эхлүүлж чадсан. Монгол Улсын эдийн засаг 2010 онд 11 хувийн өсөлттэй байсан бол, 2011 онд 17.5 хувьд хүрсэн. 2012 онд үүнээс буурахгүй түвшинд байна гэсэн урьдчилсан төсөөлөлтэй, хагас жилийн гүйцэтгэл ч үүнийг баталж байв. Энэ дүгнэлтийг бид өөрсдөө хийгээгүй юм. Дэлхийн банк, ОУВС-гийнхан "Та бүхэн яг энэ бодлогоо бариад явбал Монгол Улсын эдийн засаг дараагийн 20 жилд жил бүр 15-аас доошгүй хувийн хурдацтай өсөж, Азидаа нэгдүгээрт, дэлхийд тэргүүлэх хурдтай өсөлттэй эдийн засагтай болно" гэдэг дүгнэлт гаргаад, олон нийтийн хэвлэл мэдээллээр цацаж байсан. Харин энэ их өсөлтөө ард түмний амьдралд яаж наах, айл болгоны гэрт яаж оруулах, иргэн бүрийнхээ халаас хэтэвчинд яаж мэдрүүлэх вэ гэдэг нь бидний дараагийн том зорилго байлаа.

Эдийн засгийн өсөлтийн тодорхой хувь нь бүтээн байгуулалт руу буюу эрчим хүч, үйлдвэрлэл, дэд бүтцэд чиглэж улс орны хөгжлийг хангах ёстой. Бас тодорхой хувь нь монгол хүн монгол айлд наалдаж үр шимээ өгөх ёстой гэж үзсэн. Эдийн засаг өсч л байгаа бол цалин тэтгэвэр нэмэгдэх ёстой. Иймд цалинг дунджаар 2.5 дахин нэмсэн. Дээр нь хоёр намын амласан бэлэн мөнгөний амлалтыг өгсөн. Иргэн бүртээ сар болгон 21 мянган төгрөг өгдөг байсан. Иргэддээ бэлэн мөнгө тараалаа гэж шүүмжилдэг. Энд алдаа, сургамж байсныг нуухгүй ээ. Гэтэл эдийн засаг өсч л байгаа бол түүний өгөөжийг иргэн бүр нийгмийн бүтээн байгуулалтаас гадна шууд хүртэх нь хүнээ, дундаж давхаргаа дэмжих зүүн төвийн үзэл баримтлалтай намын зөв бодлого байсан гэж би одоо ч үздэг. Бас нэгэнт амласан л бол ард түмнээ хуурч болохгүй, улстөрийн хүчин хариуцлагатай, сонгуулийн амлалт биелдэг байх учиртай гэдэг үүднээс манай Засгийн газар хүний өөрийн намын гэлтгүй зүтгэсэн, өгсөн. Ер нь цаашдаа бол бэлэн мөнгийг хэт хавтгайруулж олгохоосоо ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, амьдралын баталгаажих түвшнээс доогуур амьдралтай гэр бүлд, хүүхдүүдэд, оюутнуудад нийгмийн зорилтод хэсэг рүүгээ чиглүүлэх нь илүү оновчтой. Тийм бодлогыг бид одоо ч гаргаж хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Энэ бүгдийг бид гаднаас авсан бонд, зээлийн өрөөр хийгээгүй. Ердөө хоёрхон жилийн өмнө бид өнөөдрийнх шиг улсаараа бондын мөнгөөр амьдардаггүй байлаа.

Гэтэл өнөөдөр эдийн засгийн өсөлтийн хурд маш эрчтэйгээр саарлаа. 17.5 хувь хүрч байсан өсөлт энэ оны дүнгээр 5.3 хувьтай гарах төлөвтэй. Мөнгө төгрөг байхгүй боллоо. Цалин тэтгэвэр нэмэх, иргэн бүртээ мөнгө өгөх нь байтугай, хүүхдийн мөнгөө өгч чадахгүйд хүрлээ. 2015 оны төсөвт яаж ийгээд эрх баригчдын энэхүү алдаатай бодлогыг зогсоох ёстой. УИХ дахь манай МАН-ын бүлэг ч төсөв хэлэлцэж байгаа энэ хариуцлагатай цаг үед дээрх байр сууринаас хандаж байна.

Би Засгийн газрыг тэргүүлж байх хугацаандаа гурван удаа төсөв батлуулж байв. Хамгийн өндөр нь 4.9 их наядын төсөв байсан. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны төсөв нь 7.9 их наяд, дээр нь Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 4.0 их наяд төгрөг байв. "Чингис" бондын 1.5 сая ам.долларын нөөцтэй, өнөөдрийн ханшаар бараг 3.0 их наяд төгрөг руу дөхөх байх. Хөгжлийн банкны 580 сая ам.доллар бас "Самурай" бондын хөрөнгө, Засгийн газар өөрөө 1.0 тэрбум төгрөгийн бонд гаргачихсан. БНХАУ-тай Монголбанк төгрөг юаны своп хэлцэл хийгээд, тэрнээсээ 1.0 тэрбум гаруйг нь аваад ашиглачихсан. Манай Засгийн газрын үеийн төсвийн зарцуулалтаас тав дахин их төсвийн эх үүсвэртэй мөртлөө цалин, тэтгэврийг яагаад нэмсэнгүй вэ, яагаад ард түмэн рүү хандсан нийгмийн халамжийн бодлого явахгүй байна вэ. Энэ их мөнгө ерөнхийдөө АН-ын угшилтай, тэднийг дэмждэг компаниудаар гүйцэтгүүлж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болоод явчихвуу, сум хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн мөнгө хаагуур, юунд хуваарилагдав, хэрхэн зарцуулагдав гэдгийг тодорхой мэдэх юм алга. Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгө л гэхэд ард түмэндээ сар бүр 21 мянгаар тараахад таван жилд хангалттай хүрэлцэх мөнгө байлаа шүү дээ. Иргэн бүртээ 1.2 сая төгрөг өгч болох мөнгийг л үнэ тогтворжуулах нэрээр гаргалаа. Тэгээд үнэ тогтворжсон билүү гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүйгээр долларын ханш, хүнсний гол нэрийн барааны үнийн өсөлтөөс бэлээхэн мэднэ. Яагаад ийм хариуцлагагүй, бодлогогүй явж, Эдийн засгийн өсөлтийн хурд огцом саараад байгааг асуухад Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Хятадын зах зээл муу байна, Америкийн зах зээл муу байна гэж хариулах жишээтэй. Ямар нэг хэмжээгээр нөлөөлөл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ манайхан өөрсдөө бодлогын алдаа гаргаж, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, ард иргэдийн итгэлийг алдсанд л хэргийн гол учир оршиж байгаа юм.

Энэ хавар Австралд хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөлтэй уулзалтад манай Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар мөн АН-ын зарим УИХ-ын гишүүд оролцжээ. Тэндэхийн 160 гаруй бизнесмэн цуглаж, УИХ-ын гишүүдтэй санал солилцсон байгаа юм. Та бүхэн яагаад Монголд хөрөнгө оруулалтаа зогсоочихов, яагаад Монголд ирэхгүй байна вэ гэж асуухад уул уурхайн баялаг, хөршийн таатай орчин, ардчилсан нийгмийн тогтолцоо гээд олон сайхан давуу тал танай улсад бий. Гэхдээ танай улсад итгэхэд хэцүү, хуулиа огцом өөрчилж байна, худлаа ярьж байна, тийм учраас 2016 оны сонгуулийн дүнг харна гэж хариулсан байна лээ. Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулагчид хүртэл манай сонгуулийг, "зам заах дараагийн заагчийг" хүлээж байна шүү дээ. Энэ нь өөрөө биднийг, Монгол Улсыг хөгжлийн загвар концепцтой байх ёстой юм байна, тэр нь сонгуулиас сонгуулийн хооронд биш, дунд хугацааны, 10, бүр 20 жилийн хөтөлбөр байх ёстой юм байна гэдгийг хэлж байгаа юм.

Энд нэг жишээ хэлэхэд Катарыг 1990 оноос өмнө "тэмээн дээр байсан улс" гэж ярьдаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд Катарын ДНБ-ий үйлдвэрлэл 120 тэрбум ам.доллар болжээ. "Тэмээн дээр байх" үед нь 5.0 тэрбум ам.доллар хүрэхгүй байсан юм билээ. Хүн ам нь нэг сая хүрэхгүй шүү дээ. Тэд яаж ингэж чадав гэхээр хөгжлийн нэгдсэн бодлоготой, тэр бодлогоороо тууштай, улсаараа зөвхөн урагшаа явсан. Харин манайд ийм бодлого байхгүй, бүгдийг шинээр эхлэх гэхийн зэрэгцээ улсаараа биш, зөвхөн сонгуульд ялсан намаараа, тэр намынхан л урагшаа явах гэж зүтгээд байна. Энэ бидний, Монгол Улсын хөгжлийн загвар биш ээ.

Дэлхийн улс орнуудыг гурван хэсэгт хувааж үзэж, эндээс сонголтоо хийх хэрэгтэй. Ядуурал нэлээд ихтэй Африк, Латин Америкийн улсууд, баялагтай орнууд, хөгжилтэй орнууд гэж гурав хувааж болно. Норвеги, Шинэ Зеланд гэх мэт хөгжилтэй орнууд хөгжлийн зөв төлөвлөлт хийж чадсан учир иргэд нь бүтээгч болсон. Энэ улсуудын ялгаа нь засаглалд нь байна. Бид тэдгээрээс шилдэг засаглалыг нь сонгон авах ёстой. Судалгаан дээр үндэслэсэн, бусдын зөв сайныг ухаалаг авсан, дугуйг дахин бүтээх шаардлагагүй, илүү шинийг хийх тийм загвар руу орох ёстой. Манайд бол хэн хурц тод, чангаар үг хэлэв гэдгээр л хөгжлийн бодлогоо тодорхойлдог болжээ гэж twiittert бичсэн байсныг уншсан юм байна.

Ийм эмоциор, ийм популизмаар явсан буюу савалтууд манай хөгжлийг сааруулж байна. Ухамсартай, бодлогын төлөвлөлт, судалгаатай хөгжил рүү явах ёстой. Үүнийг үндэсний зөвшилцлийн хүрээнд ярих ёстой. Нэн ялангуяа манай намын залуус та бүхэн үүнд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой юм шүү. Одоогоор дэлхийн аль ч улс оронд төр, засгийг улстөрийн намаар дамжуулж байгуулж байна. Тийм учраас улстөрийн намын үүрэг оролцоог хэт үгүйсгэх боломжгүй. Гэхдээ улстөрийн намууд байгаа учраас Монгол Улс байгаа юм биш шүү дээ. Монгол Улс байгаа учраас улстөрийн намууд байгаа юм. Тийм учраас эрх ашгийн эрэмбийн эхэнд ямагт улс, үндэстний эрх ашиг байдаг, өнөөдрийнх шиг улстөр нь урдаа явж эдийн засгаа чирж унагадаг бус, эдийн засаг нь өмнөө гарч улстөрөө хөтөлж явдаг тийм эрүүл нийгмийг бүтээх нь монгол хүн бүрийн мөрөөдөл. Үр хойчдоо тийм нийгэм үлдээх нь бидний үүрэг.


Их мөнгө, ганган машин сайхан амьдралын хэмжүүр биш

Бид хүний хөгжлийг эрхэмлэх ёстой. Эдийн засагт үл хөдлөх хөрөнгө үнэт цэнэтэй бол улс оронд хамгийн үнэт капитал бол хүн. Цээжээ дэлдсэн нөхдүүдийг нийгэм нь дагаад хэт саваад ирэхээр үл итгэлцэл, болгоомжлол бий болж, үүний уршгаар эдийн засгийн өсөлтөө сааруулж, өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжил гэдэг зүйлийг алга болгоод байна. Германы Бундестагийн ордны хаалган дээр ийм бичиг байдаг гэсэн. "Бидний эрхэм зорилго бол герман хүний эрх ашгийг, герман хүний хөгжлийг тэтгэхэд оршино" гэж. Манайд ч гэсэн монгол хүний эрх ашгийг, монгол хүний хөгжлийг яаж зөв тэтгэх вэ гэдэг дээр төр засаг фокусаа тааруулах ёстой.

Хүний хөгжил хүүхдээс, хүүхэд наснаас эхэлнэ. Хүүхэд эрүүл өсөх ёстой. Эрүүл хүнд л саруул ухаан оршино. Саруул ухаантай хүн л зөв шийдвэр гаргаж чаддаг. Манай Засгийн газраас Эрүүл монгол хүн, эрүүл монгол хүүхэд хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхэд бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэлж байсан нь энэ санааг төрийн бодлого болгож байсан хэрэг. Эрүүл мэндийн дараа боловсрол хамгийн чухал. Боловсролын зөв стандарт тогтоомоор байна. Бид Кэмбрижийн стандартыг нутагшуулах талаар нэлээн ажлуудыг хийсэн боловч энэ Засгийн үед "гадаад нэртэй" гээд солигдсон сурагтай байна лээ. Амьдралын ухааныг англи хэл, интэрнэттэй нь хосолж заадаг энэ академик сургалтыг дэлхийн 130 гаруй орон хэрэгжүүлээд явж байна. Амжилтын нэг жишээ нь Сингапур. Дүүрэг, аймгаас эхлээд бүх сургууль энэ тогтолцоо руу орж, төр зохих зардлыг гаргах ёстой гэж үзэж байв. Харин сая огцорсон Засгийн газар энэ эрчийг сааруулсан, гэхдээ арай ч зогсоочихоогүй болов уу гэж найдаж байна.

Хүнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсролтой болгох, ажилтай байлгах, монгол хүнээ бүтээлч хүн болгох чиг рүү л бид явах ёстой юм. Бэлэнчилдэг, өрсөлдөх чадвараа хангаж чаддаггүй, хар ухаан, лоббиг чухалчилдаг, хэсэг бүлэг хүнийг аргадаж, аргалж амьдардаг биш, орчин үеийн өрсөлдөөнтэй ертөнцөд тэмцэж амьдрах залуу үеэ бид бэлдэх ёстой. Энэ зарчмаас бид ухрах ёсгүй.

Эх орон нэг монгол хүнээс эхэлдэг. Эх оронгүй хүн гэж байдаггүй. Нэг иргэнээс, нэг монгол хүнээс эхэлж Монгол Улс бий болно. Нэг монгол хүний эрүүл саруул, боловсролтой, идэвх эрмэлзэлтэй, дэлхийн хүмүүстэй хөл нийлж алхах чансаатай болгох зорилт нь нийт Монголоо хөгжүүлэх зорилтын түлхүүр, оньс юм.

Хүний ертөнцөд ирээд буцах тэр хугацаандаа хүн сайхан амьдрах ёстой. Тэр сайхан амьдралаа хүн өөрөө бүтээх ёстой. Үүний тулд эрүүл, боловсролтой байх нь хамгийн чухал. Түүнээс бус, мөнгө бол сайхан амьдралын баталгаа, эх үүсвэр биш. Мөнгө бол сайханд амьдрахад хэрэгтэй хэрэгсэл л болохоос сайхан амьдралд хүргэдэг гол хөдөлгүүр биш. Харин сайхан амьдралд хүргэдэг хөтөч нь, сайхан амьдралын гол тулгуур нь эрүүл мэнд, боловсрол юм. Нэг сайхан үг байдаг юм. Хүн өөрөө өөрийнхөө амьдралын гол дүр байх ёстой гэж. Өөрийнхөө амьдралын гол дүрд бусдыг тоглуулаад өөрөө туслах дүрд нь тоглоод явна гэдэг бол гунигтай. Өөрөөр хэлбэл, залуус та бүхэн өөрийнхөө амьдралыг өөрсдөө л бүтээ, бусдын цүнхийг барьж гүйгээд биш, өөрийнхөө цүнхийг барьж яваад өөрийнхөө амьдралыг бүтээхийн төлөө зүтгээрэй. Хүн болгон нь учиргүй их мөнгөтэй, айл болгон хаустай байх нь манай нийгмийн хамгийн том зорилго биш шүү. Их мөнгө, өндөр шилэн байшин, гоё ганган машин бол эцсийн зорилго биш, сайхан амьдралын хэмжүүр ч биш. Хамгийн гол нь эрүүл, боловсролтой иргэдтэй, хүчтэй дундаж давхаргатай аюулгүй орчин бүхий амгалан амьдрах нийгэм бол бидний, ялангуяа залуус та бүхний бүтээх стандарт шүү.

Тэд МАН-гүй АН-д ашигтай гэдэг бол, бид АН-гүй байх нь Монголд хохиролтой гэж үздэг

Дэлхийн улс орнуудын улс төрийн намуудын хөгжлийн түүх, төлөвшлийг аваад үзвэл олон намын тогтолцоо байсаар байгаа хэдий ч сүүлдээ хоёр үндсэн чиглэлд хуваагдаж байна. Энэ бол төвөөсөө баруун тийшээ, төвөөсөө зүүн тийшээ гэсэн хоёр чиглэл. Сүүлийн үеийн чиг баримжааг харахад төв рүүгээ тэмүүлсэн зүүн төвийн үзэл баримтлал харьцангуй давуу байдлаар зонхилж, барууны намууд нь ч мөн төв рүүгээ тэмүүлэх хандлага ажиглагдаж байна.

МАН бол сонгодог утгаараа зүүн төвийн чиглэлийн нам гэдгээ зарлаад тодорхойлчихсон, нийгмийн чиг баримжаатай нам юм. Энгийнээр тайлбарлахад зүүн болон баруун төвийн үзэл баримтлалын үндсэн шинж бол төрийн оролцоо, төрийн зохицуулалт ямар хэмжээнд байх ёстой юм гэдгээр л илэрхийлэгдэж байгаа зүйл. Төрийн оролцоо хэтрээд, бүх юмыг зохицуулаад, 100 хувь төрөөс хамааралтай явах юм бол энэ нь мэдээж хэрэг коммунизм, социализм болно. Төрийн зохистой оролцоо байх ёстой. Яагаад гэвэл чадвартай, ухаалаг, зохицуулалттай хэсэг нийгмээ авч явдаг. Олон төрлийн чадвартай олонлог ийнхүү оршихын зэрэгцээ ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэтчилэн төрийн халамж, анхааралд заавал байх ёстой бүлэг, салбарууд бий. Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол гэх мэт том салбарууд байдаг. Зүүн төвийн нам энэрэнгүй төрийн оролцоог зохистой хэмжээнд барьж, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог нийгэмд хүртээмжтэй хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Нийгэмд баян ядуугийн ялгаа хэтэрхий их байх ёсгүй. Нийгэм юун дээр тогтож, тогтвортой байх ёстой юм бэ гэвэл зүүн төвийн үзэл баримтлалаар бол нийгмийн дундаж давхарга хамгийн гол цөм нь, үнэт зүйл нь юм. Нийгмийн бүлэг хэсгүүд тодорхой хэв шинжээрээ ялгарах ч чинээлэг дундаж давхарга дийлэнх хувийг эзлэх ёстой. Үүн рүү чиглэсэн нийгэм эдийн засгийн бодлогыг явуулдаг улс төрийн хүчнийг зүүн төвийн үзэл баримтлалтай нам гэж нэрлэдэг. Энэ нь мнай МАН-ын үзэл баримтлал, улстөрийн бодлого гэсэн үг л дээ.

Эгнээндээ 200 орчим орны улс төрийн намуудыг нэгтгэж чадсан Соц интернационалын Азийн гол намуудын нэг болж чадсан явдал бол бидний бахархал юм. МАН-ын явуулж буй бодлого, бидний түүхэн нэрээ сэргээж чадсан, шинэчлэл явуулж чадаж байгаа чадварыг маань үнэлж СоцИнтерн манай намыг дэмжиж Ази тивд идэвхитэй үүрэг, үйл ажиллагаа хариуцуулдаг ба энэ ч утгаараа СоцИнтернийн Дэд Ерөнхийлөгчөөр миний бие ажилладаг. Хамгийн сүүлд буюу энэ оны аравдугаар сард Нью-Йоркт болсон СоцИнтерний хуралд оролцож, мэдээлэл солилцож байхад энэ чиглэлийн намууд Европт сонгуульд түлхүү амжилт гаргаж илүү эрх баригч болж байгаа гэж ярьж байна лээ. Хойд Европын орнууд, Скандинавын орнууд, түүний дотор Швед, Норвеги зэрэг улсын нийгмийн хөгжил харьцангуй тогтвортой, дэлхийд үлгэр жишээ болж байна. Тэдний модель загваруудыг аваад үзвэл бүгдээрээ л зүүн төвийн үзэл баримтлалтай намууд байх жишээний. Ийм намууд олон жил төр барьж, нийгмийн чиг хандлагатай бодлогыг тууштай явуулж ирсний дүнд хүчирхэг дундаж давхаргатай, тогтвортой нийгмийг бүрдүүлж чадсан байна. Бодлогынхоо төвд дундаж давхаргыг тавьсан намууд эрх баригч болж чадаж. Иргэд нь ч, нийгэм нь ч үүнийг хүсдэг.

Эндээс үзвэл манай МАН зөв чиг хандлагатай, зөв байр суурь дээр байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. СоцИнтерний Нью-Йоркт болсон хурлын үеэр жендерийн асуудлыг хөндөж байна лээ. Эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог шийдвэр гаргах түвшинд хангаж өгөх ёстой гэсэн үзэл баримтлалыг зүүн төвийн намууд хүчтэй ярьдаг. Энэ чиг хандлагыг МАН анх мэдэрч, эмэгтэйчүүдийн оролцоог 25 хувиас доошгүй байхаар дүрмэндээ хийсэн юм.

Зүүн төвийн намуудын одоо ярьж байгаа гол сэдэв эдийн засгийн тэгш байдлын асуудал байна. Баян, ядуугийн зааг ялгааг ойртуулах, дундаж давхаргаа дэмжих энэ бодлогыг олон улсын түвшинд ч, манай улс төрийн намуудын түвшинд ч ярих ёстой болжээ. Эдийн засгийн тэгш байдлын асуудлыг шинэ бодлого болгон дэвшүүлэх цаг иржээ. Гэтэл АН-ын хувьд барууны чиг баримжаатай мөртлөө явуулж буй бодлого нь заримдаа хэт зүүнийх болоод явчихдаг. Сонгуулиас сонгуулийн хооронд савласан, аль чиглэлд яваад байгаа нь ойлгомжгүй ийм бодлого явуургүй. Анх Хүүхдийн мөнгийг хавтгайд нь тараах санаачилгыг гаргаж, хэрэгжүүлж байсан шүү дээ, АН. Хавтгайрсан амлалтуудын санаачилгыг тэд гаргаж л байсан. Гэсэн хэрнээ амлалтын авторыг манайх руу түлхэнэ гэж жигтэйхэн.

Зүүний гэж үздэг МАХН-тай эвсэл болоод засаг байгуулаад явж байх жишээтэй. Явуулж буй бодлого нь баруун юм уу, эсвэл зүүн юм уу, эсвэл ямар ч бодлого байхгүй юм уу, тэрнээсээ болоод дотроо ойлголцохгүй яваад байна уу ч гэмээр. Ер нь товчоор хэлбэл, МАН бол сонгодог утга, институцийнхээ хувьд улстөрийн нам болж чадсан, тэгж улам төлөвшиж яваа бол АН-ынхан маань арай болоогүй, тэгж чадахгүй байгаа нь засаглаж байгаа байдлаас нь харагдаж байна. Эрх барьж байгаа намын нөхөд минь хурдан төлөвшиж, байх ёстой байраа эзлээд, өөрсдийн үзэл баримтлал, итгэл үнэмшлээр улс төрийн болоод нийгмийн үйл ажиллагаа явуулаасай гэж бид хүсдэг. Бид тэднийг муу муухай байгаасай, уналтад ороосой гэх мэтээр сөргөөр хандаж байсангүй.

Ардчиллын институт гэдэг утгаар ч, улс төрийн намууд бэхжин төлөвших нь Монголд хэрэгтэй гэдэг үүднээс дутуу үнэлэх, мөн үгүйсгэж байгаагүй. Харин зөв төлөвшөөсэй, улс орны хөгжил зөв яваасай, зах зээлийн үндсэн зарчмаараа баруун, зүүн гэсэн энэ хоёр хандлагаа баримтлаасай гэж боддог. Харамсалтай нь АН-ын зарим нөлөө бүхий хүмүүс МАН-ыг байхгүй болгох хэрэгтэй, булшлах хэрэгтэй гэх мэт хариуцлагагүй ярианууд гаргадаг. МАН байхгүй болох нь АН-ын л тэдгээр хүмүүст хэрэгтэй гэдэг бол, бидний зүгээс АН байхгүй болох, бүр сул муу байх нь Монгол Улсад хохиролтой гэж үздэг. Бидний ялгаа энэ. Яагаад зүүн, барууны гэж ялгарах хэрэгтэй гэвэл энэ бол дэлхийн чиг хандлага. Ингэж зүүн, баруунаараа ялгарна гэдэг маань лекцийн эхэнд ярьсан "хөгжлийн зам зураг"-ынхаа дагуу зорьсон газартаа аль нам нь Монгол Улсаа, монголчуудаа хурдан хөгжилд хүргэх вэ, гэдгээрээ л өрсөлдөж, ард түмнээрээ шүүлгүүлж байгаа хэрэг шүү дээ. Хэрвээ ингэж ялгарахгүй юм бол сонгууль хийхийн хэрэг байхгүй болно.

Залуучууд та нар өөрийн намаас гарч буй бодлогын баримт бичгүүдийг сайн унших хэрэгтэй. Нийгмээ манлайлж, эрүүлжүүлэх фронтод нэгдэх цаг болжээ. Бид дараагийн сонгуульд нэг зарчмыг хатуу барих ёстой гэж бодож байна.

Шинэ нүүр царай, шинэ бодлого, шинэ эрч хүчтэй залуусыг улс төрд түлхүү оруулах хэрэгтэй. Тэгэхийн тулд та бүхнээс санаачилга, манлайлал, идэвхтэй оролцоог хүлээж байна. Манай нам уламжлал залгамж чанар сайтай, бие биеэ нөхдөг, хурдан шинэчлэгдэж чаддаг нам. АН-ын удирдлагуудыг хар л даа. 20 гаруй жилийн өмнө өнөөгийн улстөрчид нь намынхаа гол дүр болоод зогсож л байсан, одоо ч бас хэвээрээ л байна. Гэтэл энэ хооронд манай намын хэдэн үе солигдов? Манай удирдлагууд солигдсон ч гэлээ, бид өмнөх үеэ хэзээ ч үгүйсгэж байсангүй. Илүү ардчилсан, илүү эрч хүчтэй нам бол манайх. Харин үүнийгээ ажил хэрэг болгох идэвх жаахан сул байгаад анхаарах ёстой.

Тиймээс залуус та бүхнээс маш их зүйлийг хүлээж байгаа шүү гэдгийг давтан хэлэхийг хүсч байна. Бас нэг тогтолцоогоор нөгөө тогтолцоог хэт үгүйсгэж, нэг тогтолцоог хэт шүтэж болохгүй. Бизнест үндэсний хөрөнгө оруулагчдын эрх ашгаас давсан гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашиг гэж байх ёсгүй. Тэрэнтэй адилаар улстөрд ч улс үндэсний, эх орны эрх ашгаас давсан, харшлах улстөрийн үзэл баримтлал, ямар нэгэн тогтолцоо гэж байх учиргүй гэдгийг бас хэлэхийг хүсч байна.

Ингээд залуучууд хэзээ ч хөгжлийн манлайлагч, санаачлагч, бүтээгч байж ирсэн уламжлалыг улам баталгаажуулж өмнөх үеэсээ илүү ихийг хийж бүтээж эх орныхоо хөгжилд илүү их хувь нэмэр оруулахыг та бүхэндээ хүсэн ерөөе.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах