Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

С.Батболд: Үүрэг даалгавар хэрхэн биелүүлж байгаагаа ард түмэндээ тайлагнах цаг болсон

Нийтэлсэн: - 2010/12/21 04:07 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

С.Батболд: Үүрэг даалгавар хэрхэн биелүүлж байгаагаа ард түмэндээ тайлагнах цаг болсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ жил Монгол орныхоо баруун, төв, хангай, говийн бүсийн 18 аймгийн 70 гаруй сумдын нутагт ажилласан. Орон нутагт ажиллах үеэрээ ард иргэд, малчид, хөдөлмөрчдийн санаа бодлыг сонсож хөдөөгийнхний өмнө тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн ард иргэд, аймаг, сумдын удирдлагаас тавьсан санал хүсэлт, тулгамдсан хөрөнгө оруулалтын шинжтэй 98 асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хоёр удаагийн хуралдаанаар хэлэлцүүлж, хийх ажлын төлөвлөгөө батлан сайд нарт үүрэг чиглэл өгсөн зэрэг хөдөө, орон нутгийн иргэд, малчдын талаар тодорхой бодлого барин ажиллаж байгаагаа  өнөөдөр аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай Төрийн ордонд уулзахдаа хэлж,  ирж буй 2011 онд хэрхэн ажиллах, ямар асуудалд түлхүү анхаарах талаар нь үүрэг даалгавар өглөө.

Засгийн газрын түвшинд орон нутагт тулгарч буй асуудлуудыг шийдээд байдаг. Гэтэл тэр нь хөдөө орон нутагт эзэндээ хүрэхгүй, хэрэгжилт нь удаан, бас төрийн мэдээлэл үнэн бодитой хүрэхгүй гуйвуулж няцаасан хандлага байгааг Ерөнхий сайд хэллээ. УИХ-аар батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны төлөвлөгөөг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх арга хэмжээг авч байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын төсвөөс 2010 онд 5,3 тэрбум төгрөг зарцууллаа. Мөн Засгийн газраас бүх сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулах асуудлыг шийдвэрлэж 329 суманд 658 мэргэжилтэн ажиллуулан тэдгээрийн цалин, үйл ажиллагааны зардлыг хариуцаж байгаа талаар Ерөнхий сайд С.Батболд дурдаад малчдын талаар Засгийн газраас баримтлах бодлого тодорхой байгаа.

Энэ бодлогыг та бүхэн хэрхэн, яаж орон нутагт хэрэгжүүлж байна вэ? Малчдыг сургах асуудал хэдэн хувьтай байна вэ? Малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангаж чадаж байна уу? Малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудал ямар шатандаа явж байна вэ? Хичнээн малчин нэрийн данстай болсон? Малчин бүрт эмнэлгийн үйлчилгээг үзүүлж чадаж байна уу? гээд та бүхнээс олон асуултад хариулт авмаар байна. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх үүргийг Засгийн газраас та бүхэнд өгсөн.

Хэрэгжилт нь ямар байгааг Засгийн газарт төдийгүй хөдөөгийн малчин иргэдэд тайлагнах цаг нь болсон. Ажлаа хийхгүй байгаа дарга нартай хатуухан хариуцлага тооцно гэдгийг нүүр нүүрээ харан уулзаж байгаа дээрээ хатуу анхааруулъя гэлээ. Мөн отор нүүдлээр яваа малчдаас ихээхэн хэмжээний татвар хураамж авч, дарамт үүсгэдэг хандлага их байгааг аймаг, орон нутгийн удирдлагууд Та бүхэн анхаарах хэрэгтэй гэдгийг санууллаа. Засгийн газраас төсвийн шинэчлэлийн хүрээнд анх удаа орон нутагт  хөрөнгө оруулалтаар аймаг бүрт дунджаар 800.0 сая төгрөг, 5 бүсийн хөгжилд  дэмжлэг болгон дунджаар 24.0 сая төгрөгийг тус тус  2011 оны төсвийн тухай хуульд тусгаж Улсын Их Хурлаар батлуулсан.

Засгийн газраас бараа ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төвлөрлийг багасгах зорилго тавьж байгаа. Энэ бодлогынхоо хүрээнд орон нутагт хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх эрхийг хүлээх хариуцлагын хамт орон нутагт нь шилжүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа.

Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар улсын болон бүс нутгийн шинж чанартай худалдан авалтыг Засгийн газрын тусгай агентлаг төвлөрсөн байдлаар зохион байгуулна. Харин аймаг, нийслэлийн хувьд худалдан авах ажиллагааг өөрсдөө бие даан зохион байгуулахаар болж өөрчлөгдөх юм. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболд аймаг, нийслэлийн удирдлагуудад хэлэхдээ “Ингэснээр орон нутагт төсвийн эрх мэдэл бодитойгоор шилжиж, төвлөрөл саарч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт оновчтой болж, ажлын байр нэмэгдэх, амьдарч буй орчноо өөрсдөө сайжруулах санаачлага идэвхитэй өрнөх боломж бүрдэнэ. Энэ бүх шинэ онцлог нь аймаг, нийслэлийн удирдах ажилтан Та бүхнээс үүрэг хариуцлагаа улам илүү ухаарч ажиллах, үйл ажиллагаандаа дорвитой шинэчлэл хийхийг шаардаж байна гэлээ.

Даяаршиж буй өнөөгийн нийгэмд тулгамдсан олон асуудлыг төрийн байгууллагууд  дангаар шийдвэрлэх боломжгүй болсон талаар Засгийн газрын тэргүүн хэллээ. Тиймээс төрийн болон орон нутгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцох оролцооны ач холбогдол нэмэгдэж байгаа. Иймд нутгийн удирдлагын байгууллагууд аливаа асуудлыг боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх, хяналт тавих  ажилд хувийн хэвшил, иргэд, олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийнхнийг оролцуулах боломжийг илүү бодитой бүрдүүлж ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд анхаарууллаа. Энэ бодлогын хүрээнд орон нутгийн төрийн бус байгууллагуудад тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо. Гэхдээ аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар иргэдийнхээ оролцоогүйгээр асуудлаа шийддэггүй байх зарчим баримтлах ёстой гэлээ.

Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар Ерөнхий сайд С.Батболд энэ уулзалтын үеэр мөн хөндлөө. Энэ хүрээнд төрөөс үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл, хяналт шалгалтын дарамт, шат дамжлагыг судалж, эрх зүйн орчныг сайжруулах, үйлчилгээг хөнгөвчлөх, төрийн байгууллагын зарим чиг үүргийг  мэргэшсэн  төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын эхлэл бодитоор тавигдав. Энэ талаар төрийн захиргааны төв байгууллагууд төдийгүй мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхан идэвхтэй  ажиллаж тодорхой саналууд гарч, зарим үр дүнд хүрч  байна.

Тухайлбал, уг ажлын хүрээнд судалгаа шинжилгээ хийж, бизнес эрхлэгчид мэргэжлийн байгууллагуудын дунд явуулсан өргөн хэлэлцүүлгийн мөрөөр саад чөдөр болж байсан 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаар эхний ээлжинд 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн холбогдох 21 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.

Харин аймгийн удирдах ажилтнууд энэхүү нэн хариуцлагатай ажилд  төдийлөн ач холбогдол өгөхгүй, ажиллахгүй байгааг Ерөнхий сайд анхааруулаад ажлын үр дүнг тооцохдоо үүнийг харгалзах болно гэдгийг ч хатуухан хэллээ. Түүнчлэн бизнесийн орчны шинэтгэлийг зөвхөн энэ онд хийгээд зогсохгүй, цаашид үргэлжлүүлэн бодит үр дүнд хүрэх ёстой. Тиймээс ирэх 2011 онд ч гэсэн энэ асуудлын талаар орон нутагтаа тодорхой ажил хийхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад дахин үүрэг болголоо.

Мөн 2011 онд улсын төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ихээхэн ажил хийгдэнэ. Иймд ажлын байр шинээр бий болгох, мэргэшилтэй ажилчид бэлтгэх, мэргэжил олгоход тал талаасаа анхаарч ажиллая. Орон нутагт хэрэгжиж байгаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, энэ жил улсын төсвөөс  орон нутгийн хөгжил, бие даасан байдлыг хангах зорилгоор аймаг, нийслэлд олгож байгаа хөрөнгө оруулалт, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг  ажлын байр шинээр бий болгоход чиглүүлж ажиллах ёстойг тэрбээр сануулаад улс орон, бус нутагт шинээр бий болж байгаа санхүү, эдийн засгийн таатай нөхцөлийг үр дүнтэй ашиглах ёстой. Үүнд орон нутгийн удирдлагууд Та бүхний мэдээлэл, зөвлөгөө, удирдлагын манлайлал чухал үүрэг гүйцэтгэх учиртай гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нэг багийн хамт олондоо хандаж хэлсэн үгийнхээ төгсгөлд “Өвөлжилт, хаваржилтын цаг үеийн амаргүй ажилд байнга анхаарч ажиллах хэрэгтэй. Хүйтний эрч эрс чангарч, зарим аймаг, сумдад өвөлжилтийн байдал хүндэрч сэтгэл түгшээж эхэллээ. Гэхдээ энэ жил өнгөрсөн жилийн сургамжид тулгуурлан орон нутгийн удирдлагууд Та бүхэн ажилдаа хэрхэн хандсаныг, үүрэг даалгаврыг яаж биелүүлснийг илтгэн харуулах нэгэн том шалгуур болно гэж би харж байна” гэсэн юм.

Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг нар өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах зорилго бүхий семинарт оролцож байгаа юм. Тэд маргааш Монгол Улсын сайд, төсвийн ерөнхийлөнч захирагч нартай байгуулах гэрээнд гарын үсэг зурна

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах