Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

С.Батболд: Өнгөрсөн 20 жилийн ардчиллын сургамж бид бүхний хамтын ололт, хамтын ухаарал юм

Нийтэлсэн: - 2010/07/22 01:26 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Зуны аагим халуун энэ өдөр монголчууд тэртээ 20 жилийн өмнөх бас нэгэн халуун өдрийг дурслаа. Энэ сонгууль нь улс төрийн олон нам оролцсон анхны сонгууль гэсэн тодотголоороо түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Түүх бичлэг болсон сонины хуудсыг сөхөн харвал тухайн сонгуульд МАХН, МоАН, МСДН, МҮДН, МНН, МЧХН (Чөлөөт хөдөлмөрийн нам) гэсэн зургаан нам “уралджээ”. Олон нам оролцсон анхны чөлөөт сонгуулийн 20 жилийн ойд зориулсан баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нар илтгэл тавьж, дараа нь баярын концерт боллоо.

Улстөрийн тэр халуун өдрүүдийг дурсахаар Соёлын төв өргөөнд анхны ардчилсан үндсэн хуулиа баталж, өнгөрсөн хугацаанд туулж ирсэн ардчилсан нийгмийн түүхэн замналыг эхлүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн Ардын их хурал, Улсын бага хурлын гишүүд, иргэдийн төлөөлөл ирсэн байв. Ардчиллын 20 жилийн ойн хүрээнд энэхүү үйл явдлыг эргэн дурсаж, хүндэтгэл ёслолын арга хэмжээ зохион байгуулах нь зүй ёсны хэрэг юм гэж Ерөнхий сайд С.Батболд илтгэлийнхээ өмнөтгөлд дурдлаа.

Улс төрийн олон намууд оролцсон анхны сонгууль гэсэн тодотголтойгоор түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн түүх бичлэгийг сөхвөл тухайн сонгуулийн үр дүнд байгуулагдсан төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага болох Ардын Их Хурлын анхдугаар чуулганаар байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг 50 гишүүнтэйгээр байгуулсан байна. Ингэхдээ суудлын хуваарилалтыг сонгуульд намуудын авсан саналтай хувь тэнцүүлэх байдлаар шийдвэрлэжээ. Үр дүнд нь МАХН ба бусад шинэ намууд 60:40 гэсэн харьцаагаар Улсын Бага Хурлыг бүрдүүлсэн байна. Энэ нь сонгуулийн дүнгээр улс төрийн намууд парламентад зохистой байдлаар байрших, сонгогчдын саналыг бодитой тусгасан, зөв тэнцвэр бий болох улс төрийн аятай нөхцөлийг бүрдүүлсэн ухаалаг шийдэл байсан гэж түүхчид үнэлж байна.

“Тэртээх чөлөөт ардчилсан сонгуулиар үндсэн суурь нь баталгаажсан, ардчилалын замнал Та бидэнд олон зүйлийн ухаарал сургамж үлдээсэн, бахархам ололт амжилт, өмгөөлөн хамгаалах, эрхэмлэн дээдэлбэл зохих олон олон үнэт зүйлсийг бий болгосон.  Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүтлэг бишрэлтэй байх эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт сонголт, бизнесийн болон бүтээн туурвих эрх чөлөө, олон намын тогтолцоо, иргэний нийгмийн байгууллагад суурилсан ардчиллын институциуд бодит байдал, бидний амьдралын ердийн хэм хэмжээ үнэлэмж болжээ. Улс төрийн намуудын харилцаанд улс төрийн шинэ соёл, шинэ хэм хэмжээ тогтож, улс төрийн намууд сөргөлдөгчид биш түншлэгчид болж төлөвшлөө. Сонгуулийн үед өрсөлдөгчид байх боловч  улс орны нийтлэг асуудал, үндэсний эрх ашгийн төлөө хамтран ажиллагчид боллоо.

Үүний жишээ нь өнгөрсөн жилүүдийн эвслийн ба өнөөгийн манай хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа юм гэж Ерөнхий сайд илтгэлдээ онцоллоо. Мөн “Бид эвсэж нэгдвэл их зүйлийг хийж бүтээж чадахаа ойлгодог боллоо, туршлагатай боллоо. Энэ бол өнгөрсөн 20 жилийн ардчиллын сургамж бид бүхний хамтын ололт, хамтын ухаарал мөн. Хамтарсан засгийн газар өнгөрөгч хугацаанд УИХ-тай  хамтран олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудыг эхнээс шийдвэрлэж, улс орныхоо хөгжлийг түргэтгэх, хүн ардынхаа аж амьдрал, хүний хөгжлийг хангах, үйлдвэрлэл бизнесийг хөгжүүлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зоримог алхмуудыг хийж эхлээд байна.

Үндэсний аж Үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, шинэ бүтээн байгуулалт, говийн бүсийн дэд бүтцийн хөгжил, атрын III аян, монгол мал хөтөлбөр гээд асар их хөрөнгө оруулалт шаардсан аварга том бүтээн байгуулалт, ажлын байрны багтаамжтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүүлэх эхний алхмуудыг хийлээ. Эдийн засгийн хөгжлийн галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэдгийг хамтарсан Засгийн газрын тэргүүн хэллээ. Нэг үгээр хэлбэл улстөр, нийгмийн өөрчлөлтийн 20 жил дуусч, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн 20 жилийн буухиа эхэлж байгааг тэрбээр тодотгоод “Энэ буухиа галт тэрэгний эрч хурдыг сааруулахгүйн тулд хамтарсан Засгийн газар олон арга хэмжээ авч байна. Энэ бүхэн Засгийн газрын хийх ёстой л ажлууд” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илтгэлийнхээ төгсгөлд “Сонгууль бол түүнд оролцогч улс төрийн намууд нэр дэвшигчид, сонгогчид, сонгуулийг зохион байгуулагч олон субъектуудын оролцоо, харилцааны соёлыг илтгэх толь билээ. Сүүлийн үед энэ толинд бид тийм ч сайхан харагдахаа больсон. Энэ дутагдлаа засаж залруулах нь ардчилалд суралцаж, түүнийг хөгжүүлж буйн нэгэн шалгуур болно. 20 жилийн өмнөх анхны чөлөөт ардчилсан сонгуулийн цэвэр шудрага өрсөлдөөний уламжлалыг сэргээж, сонгуулийн ардчиллын шинэ соёлыг төлөвшүүлж, Монголын ардчиллын хөгжилд шинэ түрлэг нэмэхийг нийт иргэд сонгогчид, улс төрийн бүх намд уриалж байна” гэлээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах