Тавантолгойн нүүрс гуравдагч зах зээлд гарч эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Японы Мицүй компанийн Ерөнхийлөгч М.Ийжиймаа өнөөдөр бараалхлаа. Японы гол үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчид Монгол Улсын Ерөнхий сайдын Японд хийж байгаа айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа, мөн хоёр улсын хоорондын эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагаа идэвхжих суурь бий болж байгаад талархаж байгаагаа Мицүй компанийн Ерөнхийлөгч хэлж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Японы хөгжлийн гол тулгуур болсон том компаниудад Монголд бодитоор хөрөнгө оруулалт хийх, бие биенээ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаад талархаж байгаагаа хэллээ. Дипломат харилцаа тогтоосноос хойшхи 40 жилийн хугацаанд бидний эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хөгжлийн албан ёсны тусламж дэмжлэгийн хэмжээнд явж ирсэн. Харин Засгийн газрын тэргүүний энэ айлчлалын үеэр Стратегийн түншлэлийн эдийн засгийн агуулгыг тодорхойлсон яриа хэлэлцээ, гэрээ хэлэлцээр хийгдсэн нь ач холбогдолтой боллоо гэдгийг хоёр тал дүгнэж байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.
Мөн уулзалтын үеэр Тавантолгойн төсөл дэх Японы оролцоог хангах бодлого баримталж байгаа. Нүүрс олборлох, баяжуулах болон уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжилтэй уялдуулан төмөр замын сүлжээг барьж байгуулах талаарх томоохон төслүүдэд Японы хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан юм. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд шинэ технологийг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах зэрэгт хамтран ажиллах зорилго тавьж байгааг дурдаж байлаа. Мөн Мицүй компани нь Монголын эрх ашгийг хүндэтгэн хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ.
139 жилийн түүхтэй Мицүй компани нь дэлхийн 75 оронд 175 гаруй салбартай, тэдгээрт нь 40 гаруй мянган ажилтан, албан хаагч ажилладаг байна. Мөн худалдаа, үйлдвэрлэл, экспорт, импорт, олон улсын худалдаа,үйлчилгээ зэрэг бизнесийн үйл ажиллагааг төмөрлөг, гангийн үйлдвэрлэл, ашигт малтмал, бүх төрлийн машин механизм, электрон техник, мэдээлэл харилцаа холбоо, эрчим хүч, өргөн хэрэглээний бүбтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа аж үйлчилгээ, санхүүгийн зах зээл болон тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. Гэхдээ ашигт малтмал эрчим хүч болон дэд бүтцийн салбар нь тус компанийн цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд чухал байр эзэлж байгаа салбар нь ажээ.
Энэхүү уулзалтын дараагаар “Эрдэнэс Тавантолгой” компани болон Японы Мицүй компанийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд оролцлоо. Мицуй компани Монголд дулааны цахилгаан станц барих, гангийн үйлдвэр байгуулахад оролцох санал тавиад байсан бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар Тавантолгойн ордоос гарах коксжих нүүрсийг худалдах, худалдан авах асуудлаар хамтран ажиллах боломжтой болж байгаа юм байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани нүүрсний салбарт гурав дахь зах зээлийн орнуудад нүүрс экспортлох боломж эрэлхийлсэн бодит яриа хэлэлцээ эхэлж байна гэж үзэж байна.
Мицүй компани нь одоо ч Тавантолгойн Зүүн цанхийн уурхайгаас олборлож байгаа нүүрсний тодорхой хувийг Хятадын компаниас худалдан авч байгаа бөгөөд Эрдэнэс Тавантолгой компаниас шууд худалдан авах зорилгоор энэ өдрүүдэд яриа хэлэлцээ ид өрнүүлж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.