Тендерийн хууль эрх зүйн орчинг өөрчилж, шударга, ил тод, хөндлөнгийн хяналттай болгоё
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Санхүү, эдийн засгийн салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтанд хэлсэн үг Монгол улсын хөгжил, санхүүгийн бодлого, зорилтыг тодорхойлж байдаг та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Санхүүгийн хямрал гадаад худалдаа, түүхий эдийн үнэ ханшаар дамжин манай улсад чамгүй хүндээр туссаныг статистикийн тоо баримт, дуусаагүй олон барилга байгууламжууд, ажилгүй болсон иргэд, алдагдсан боломжууд илтгэн харуулж байна. Хямрал ямар хэмжээнд манай улсад нүүрлэснийг төсөв, түүний орлогын бүрдэлтээс бас харж болно. Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 180 гаруй тэрбум төгрөгөөр тасалдлаа. Үүний дотор гадаад худалдаа, импортын үйл ажиллагаанаас олохоор тооцож баталсан гаалийн, НӨАТ-ын зэрэг татварын орлого 130,0 гаруй тэрбум төгрөгөөр дутагдах нь тодорхой боллоо. Дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа зарим улс орон хямралыг 2009 онд давах болсноо зарлаж, зарим нь 2010 оны эхний хагас жилд гэтлэн гарч цаашдын өсөлтөө хангана гэж мэдэгдэж байна. Тэгвэл Монгол улс хэзээ санхүүгийн хямралаас гарах вэ гэдгийг олон нийт мэдэхийг хүсэж байна. Үүнд манай эдийн засаг, санхүүгийн төв байгууллагууд, ялангуяа улсын сан хөмрөгийг удирдаж байгаа Сангийн яам тодорхой судалгаа хийж, хариултыг өгөх үүрэгтэй. Эдийн засгийн энэ уналтаас сэргэлтэд хүрэх зорилтыг тодорхой тусган ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Хөгжлийн төлөвлөлт – мөрөөдөл үү, бодит бодлого уу? Манай улсад шилжилтийн түвшнээс гарч, эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрэх боломжууд тодорхой харагдаж байгаа. Ийм үед ирэх жилүүдийн хөгжлийн төлөвлөлтөө тодорхой хийх нь маш чухал. Түүндээ зорилтыг салбар, бүс нутаг тус бүрээр нэн тодорхой болгосон байх шаардлагатай. Гэхдээ төлөвлөгөө гэхэд хэцүү, мөрөөдөл мэтийн зүйл бичээд энэ төсөөллөө амьдралд хэрэгжүүлэхийн тулд бодлогын ямар орчин хэрэгтэйг огт мартдаг ердийн зуршлаас салахгүй бол бидний өмнөө тавьсан олон сайхан зорилт цаасан дээрээ л үлдэнэ. Өнөөдрийг хүртэл бид 20 жилийн туршид тийм цаас үйлдвэрлэсээр л байгаа. Үндсэн чиглэл, үзэл баримтлал, бодлого гэсэн том нэртэй олон бичиг баримтуудыг уншихад хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг нэг нэггүй төлөвлөж, хаана, ямар нэртэй, ямар үйлдвэр баригдаж, хэдий хэмжээтэй, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг тооцоолсон атлаа үүний тулд бодлогын ямар алхам хийхээ тодорхой болгож тавихгүй байна. Эдийн засгийн өөрчлөлтийг эхлээд 20 жил болоход өнөөг хүртэл төр хувийн хэвшлийнхээ зааг ялгааг ойлгоогүй юм болов уу гэж заримдаа бодогдохоор байдаг. Төр засаг гэдэг чинь хувийн хэвшилдээ бодлогын орчин бүрдүүлдэг, хувийн хэвшлийг дэмждэг, харин бизнесийг хувийн хэвшил хийдэг гэдэг маш хялбархан зарчмыг төлөвлөлт хийхдээ мартаж болохгүй. Төр засаг хувийн хэвшлийг дэмжих цөөхөн боловч ихээхэн нөлөөтэй арга хэрэгсэлтэй. Түүний хамгийн чухлын нэг нь татвар. Ийм ч учраас татварын бодлогыг боловсруулдаг Сангийн яамны зөв эсвэл буруу алхам, ганцхан шийдвэр нь л салбарын яамны төдийгүй улсын эдийн засгийн бодлогыг бүрэн эргүүлэх боломжтой байдаг. Үүний нэг жишээ нь бидний үйлдвэржилтийн бодлого. Бид өнөөдөр нэмүү өртөгийг дэмжиж байгаагаа бүх түвшиндээ ярьдаг. Гэтэл татварын хувьд өнөөдөр дэлгүүр ажиллуулах, үйлдвэр эхлүүлж хөрөнгө оруулах хоёрт зарчмын ямар ч ялгаагүй. Өнөөдөр түүхий эдийг ухаж гаргах, харин тэр түүхий эдээ монголдоо боловсруулж бага боловч нэмүү өртөг нэмэх хоёрт бас бараг ялгаа алга гэж хэлэхэд хилсдэхгүй. Үүний нэг гол шалтгаан эдийн засгийн төлөвлөлт нь бодит амьдралаас тасарсан, явцуу орчинд хийгддэгтэй шууд холбоотой. Энэ жил хуучин загвараараа улсын төсвөө дуулиан, шуугиантайхан баталлаа. Ирэх 2011 оны төсвийг боловсруулж эхлэхээс өмнө бид Монгол Улсын ойрын жилүүдийн хөрөнгө оруулалтын бодлогыг маш чамбай, нухацтай байдлаар боловсруулах хэрэгтэй. Гадаад, дотоодын, хувийн хэвшлийн, зээлээр хийгдэх хөрөнгө оруулалтын талаар мэдээллээ нэгтгэж салбарын яамд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран судлан боловсруулж бэлтгэхийг Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлагуудад үүрэг болгож байна. Иймд ирэх оны эхээр зохион байгуулахаар төлөвлөж буй “Монголын эдийн засгийн чуулга уулзалт”–ын хүрээнд эдийн засгийн хөгжлийн гол бодлого, санхүүжилтийн зарчим, сүүлийн 20 жилийн эдийн засгийн өөрчлөлт, ирээдүйн хөгжлийн стратеги, том төсөл хөтөлбөрүүдийн “Бодлогын уялдааг хангах” асуудалд та бүхэн санаачилгатай оролцох ёстой. Төсвийн бодлого – тодорхой, тогтвортой, тэгш Манай улс цаашид илүү хурдацтай, хөгжлийн зөв чиг, замаар явахын тулд юуны өмнө одоо мөрдөж буй төсвийн бодлогодоо томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Зөвхөн төсвийн бодлогоор бүхий л асуудал шийдвэрлэгдэхгүй. Гэхдээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн олон асуудал төсвөөс ихээхэн хамаардаг. Тиймээс төсвийн бодлогын хүрээнд хийх шинэчлэлийг дараахь хэдэн үндсэн чиглэлээр хийх ёстой гэж бодож байна. Үүнд: 1. Төсвийг УИХ-аас хэлэлцэн баталж байгаа цаг хугацааг шинэчлэн өөрчлөх; 2. Төсвийн тогтвортой байдлыг хангах; 3. Төв, орон нутгийн төсвийн харилцааг тэнцвэржүүлэх; 4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжүүлэх зарчмыг шинэчлэн тогтоох; 5. Худалдан авах ажиллагааны тогтолцоо буюу тендерийн журмыг шинэчлэх; Гадаад зах зээл – санхүүжилтийн эх үүсвэр Гадаад зах зээлээс хөрөнгийн эх үүсвэр бий болгох нэг арга хэрэгсэл бол бонд гаргах, бондын орлогыг ашиглахтай холбогдсон асуудал юм. Өнөөдөр бондыг гол төлөв төсвийн орлогын алдагдалыг нөхөх, банк, санхүүгийн байгууллагын активыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилгоор гаргаж байна. Энэ бол хөрөнгийн эх үүсвэрийг хөгжлийн зориулалтаар ашиглаж байгаа хэрэг биш. Улс орны цаашдын хөгжлийн бодлого, чиглэлтэй уялдуулан Сангийн яамнаас бондын эрэлт хэрэгцээг наад зах нь 2-3 жилийн өмнөөс урьдчилан төлөвлөдөг байх, борлуулалтын орлогоор хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр болгон ашиглах шаардлагатай. Дэлхийн зах зээлд Монгол Улсын бондыг таниулах, сурталчлах зэрэг олон талын ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Азийн бондын зах зээлд Монгол Улсын нэрийн бонд өнөөг хүртэл арилжаалагдаагүй байгаад бид эхний ээлжинд дүгнэлт хийх ёстой. 2003 оноос бидний мөрдөж, хэрэглэж ирсэн Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах болсны нэг гол учир шалтгаан бол дутагдаж болох хөрөнгө, түүний эх үүсвэрийн тооцоог урьдчилан харах, хаанаас хэрхэн бүрдүүлэх, хөрөнгө босгох арга хэмжээг эртнээс бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх зорилготойг үндсэндээ ойлгож, хэрэгжүүлж чадаагүй явж ирснээ бас анхаарах хэрэгтэй байна. 2009 онд алтны санхүүжилт нэрээр гаргасан бонд нь Монголын Засгийн газрын анхны бонд байлаа. Гэсэн хэдий ч Монголын Засгийн газрын зээлжих эрхийг 11 хувиас дээгүүр тогтоосноор гадаад зах зээл дээр хувийн хэвшлийн зээлжих түвшинд энэ нь сөргөөр нөлөөлснийг цаашид харгалзах хэрэгтэй. Өрсөлдөх чадвар – төрийн үйлчилгээний чанар Өнөөдөр бидний өмнө өрсөлдөх чадварын асуудал чухлаар тавигдаж байна. Хувийн хэвшлийнхэн энэ асуудлыг ойлгоод байдаг. Гэтэл төрийн байгууллагууд удаан хойрго хандаж байна. Тиймээс би “Монгол Улсаа бүс нутагтаа татвар, эрх зүй, хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвараар өндөр үзүүлэлттэй орон болгохын төлөө чармайж ажиллах ёстой”-г бусад салбарынхантай хийсэн уулзалтынхаа явцад онцлон хэлж ирсэн. Өнөөгийн байдлаар хилийн боомтод гааль, хилийн цэрэг, гадаадын иргэн, харъяатын алба, улсын мэргэжлийн хяналт, авто тээврийн байгууллага гэсэн 6 байгууллага тус бүртээ үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд өөр өөрийн үйл ажиллагааг тус тусын дүрэм, журмаар зохицуулдаг. Бас өөр өөрийн байранд үйл ажиллагаа нь явагддаг. Хэрвээ бид өндөр хөгжилтэй улс орнуудын хилийн боомтын үйл ажиллагаанд мөрдөгддөг стандартыг авч хэрэгжүүлбэл эдгээр олон байгууллагын үйл ажиллагаа нь ил тод, тогтсон нэг л стандарт, журмаар хурдан шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй зохицуулагдах болно. Ингэснээр үйл ажиллагааны давхардал арилж, цаг хугацаа, орон тоог хэмнэж, гадаад худалдааг хөнгөвчлөх бодлого зорилтод ч өөрчлөлт гарч үр дүнд хүрнэ. Хил, гааль, гадаад худалдаатай холбоотой нэгдсэн нэг стандарттай болох нь манай улсын хөгжлийн нэг чухал үзүүлэлт юм. Гадаад худалдааг хөнгөвчлөх, хилийн боомтуудын дамжин өнгөрүүлэх чадварыг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг шинэ өнцөгөөс харж, олон улсын түвшний хил, гаалийн үйлчилгээг нэг дор хөнгөн, шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлсэн “Цогцолбор боомт”-ыг хөгжүүлэх асуудлыг бодлого, төлөвлөлтдөө тусган хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ асуудлыг судалж шийдвэрлэх талаар судалгаа шинжилгээ хийж танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгож байна. Татвар, гаалийн байгууллагууд улсын төсвийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаагаас гадна аж ахуй, бизнес эрхлэгчид, иргэдтэй өдөр тутамд харьцаж тэдэнд үйлчилгээ үзүүлдэг. Олон нийтийн дунд явуулж ирсэн санал асуулга, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Азийн сангаас удаа дараа хийсэн судалгааны үр дүнд манай татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагаанд оршиж буй хүнд суртал, авилгын зарим илрэл, хандлагын талаар дурдагдсан байдаг. Сүүлийн жилүүдэд гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагч нартай холбогдсон авилга, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаарх таагүй мэдээ багассан нь саашаалтай. Ер нь татвар, гаалийн чиглэлээр олон ажил хийгдэж үйл ажиллагаа нь сайжирч, ахиц дэвшилд хүрч байна. Цаашид ч гэсэн шинэчлэлийн чиглэлээр хийх ажил их бий. Мөн эрхэлж байгаа үйл ажиллагааны онцлог, байгууллагын хяналт шалгалтын тогтолцооны байдлаас хамаарч авилгад өртөх эрсдэл өндөр гэж судлаачид үзсэн хэвээр байна. Үүнийг анхаарч, урьчилан сэргийлэх, зөрчил илэрсэн тохиолдолд арга хэмжээ авч, хариуцлага тооцдог байх шаардлагатай. Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, судлаачид Монгол Улсын өмнө бий болж байгаа асар их боломж, түүнчлэн цаашдын хөгжлийн хүрч болох амжилтад ихээхэн итгэл найдвар тавьж буйгаа илэрхийлж байна. Монгол хүн бүр ажилтай, дундаж орлоготой, чанартай боловсролтой, эрүүл саруул амьдрах орчин нөхцөл, боломжоор хангагдсан тийм л улс оронд амьдрахыг хүсч байна. Энэ бол хоосон мөрөөдөл биш. Бидэнд ойрын ирээдүйд олдож байгаа бодит боломж юм. Энэ бүх итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, боломжийг бодит байдал болгон хэрэгжүүлэхийн төлөө бүгдээрээ зөв сэтгэж, зөв бодож, идэвхи санаачлагатай ажиллацгаая. Бид хамтдаа Монгол Улсаа хөгжүүлж чадна. Анхаарал тавьсанд баярлалаа. |