Тогтоолын төслийг өргөн барив
Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2010 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив. Хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, эдийн засаг дахь төрийн хувь хэмжээг багасгаж хувийн хэвшил, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн өмчит компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсрууллаа.
Өмч хувьчлахад өмнө нь хэрэглэж байсан дуудлага худалдаа зэрэг уламжлалт аргыг хэрэглэнэ. Гэвч улс орны эдийн засгийг хөгжүүлэх гол хөшүүрэг нь хөрөнгийн зах зээл тул үүнийг гол механизм болгон ашиглахыг зорилоо хэмээн Ерөнхий сайд С.Батболд хэлэв. “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл”-ийн төсөлд уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын зарим төрийн өмчит хуулийн этгээдийг хамруулахаар тусгасан бөгөөд эрүүл мэндийн болон боловсролын салбарын өмчийг хувьчлах шаардлагагүй гэж үзэж байна.
“Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар улс орны эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн зохистой хэлбэрийг бий болгох зорилтыг хангахад тодорхой дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд уг тогтоолын төслийг энэ намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ