Торонтогийн Хөрөнгийн биржид зочиллоо
Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 30-нд Торонтогийн Хөрөнгийн биржид зочиллоо. 1852 онд байгуулагдсан 157 жилийн түүхтэй тус бирж нь бүртгэлтэй уул уурхайн компаниудын тоогоороо дэлхийд нэгдүгээрт, бүртгэлтэй нийт компанийн тоогоор хоёрдугаарт, Хойд Америктаа хамгийн томд тооцогддог юм байна. Тухайлбал, 2010 оны байдлаар тус Хөрөнгийн биржид уул уурхайн 1419 компани бүртгэлтэй байгаагийн 134 нь олон улсынх байна.
Торонтогийн Хөрөнгийн биржид ашигт малтмал олборлох, үйлдвэрлэх, нефть, хий, аж үйлдвэр, судалгаа, хөгжлийн болон технологийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тус бирж дэлхийн эдийн засгийн гүн хямралын үе 2009 онд 65 их наяд долларын ашигтай ажилласан тухай Торонтогийн Хөрөнгийн биржийн зах зээл болон ТМХ группийн хувьцааны асуудал эрхэлсэн Ерөнхийлөгч Кеван Кован Ерөнхий сайд С.Батболдод ярилаа.
Тус биржид бүртгэлтэй уул уурхайн 19 компани Монголд үйл ажиллагаа явуулдаг байна. Манай улсын Засгийн газрын тэргүүн тус биржийн удирдлагауудтай уулзахдаа Монголын Хөрөнгийн биржийг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхээр ажиллаж байгаа, дэлхийн нэр хүнд бүхий хэд хэдэн бирж хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн, 157 жилийн арвин их түүхтэй Торонтогийн биржийн туршлагаас мөн суралцах сонирхолтой байна гэлээ. Мөн Монголын Үндэсний компани анх удаагаа олон улсын зах зээлд хувцаа гаргах гэж байгаа тухай дурдав.
Торонтогийн Хөрөнгийн биржийн удирдлага Монголын Хөрөнгийн биржтэй бүх талаар хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайдад хэллээ