Төв аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн үг
Зуунмод хот 2010 оны 10 дугаар сарын 7 Эрхэм хүндэт Төв аймгийн нийт ард иргэд ээ Намрын нар ээсэн өдрүүд үргэлжилж, ургац хураах, өвөлжилтийн бэлтгэл хангах их ажил өрнөсөн энэ цаг үед домог түүхт Богдхаан уулаа түшин орших Төв сайхан нутгийн ард иргэд Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би энэ онд бүх аймгаар явж, орон нутгийн ажил амьдралтай танилцах, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажлаа олон түмэндээ тайлагнан, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилго тавин ажиллаж байгаа юм. Ийм зорилгоор наадмын дараахнаас төв, баруун болон говийн бүсийн 17 аймгаар явж, иргэдтэйгээ уулзаж, ахуй амьдрал, ажил байдалтай нь танилцлаа. Аймгууд өөр өөрийн онцлогтой олон сайхан бүтээлч ажил хийж хэрэгжүүлэн, зарим үр дүнд хүрч байгаа нь сайшаалтай. Үүний зэрэгцээ төр, засгийн хэмжээнд анхааралдаа авч нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэх асуудал ч цөөнгүй байгаа нь уулзсан орон нутгийн удирдлагууд, ард иргэдийн маань санал хүсэлтээс илт харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд ажилласан аймгуудынхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаар хоёр ч удаа тусгайлан хэлэлцэж, тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Тодруулан хэлэхэд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх, хөдөө аж ахуйн бирж болон мах боловсруулах үйлдвэрийн сүлжээ байгуулах, малгүй болсон малчдын банкны зээлийн өрийн зарим хэсгийг “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт хүртээх хишиг, хувиас нөхөн төлүүлэх, зарим аймаг, суманд нэн шаардлагатай бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэргээр ажиллаж байна. Энэ удаа би аймгийн ард иргэд та бүхэнтэйгээ уулзаж улс орон, төр засгийн үйл ажиллагаа, орон нутгийн олон тулгамдсан асуудлаар санал солилцож, заримыг газар дээр нь шийдвэрлэх боломжтой өргөн бүрэлдэхүүнтэй ирж уулзаж байна. Эрс тэс уур амьсгал, эмзэг онгон хөрс, ургамалтай манай орны хувьд байгаль, экологийн сөрөг өөрчлөлтийн үр дагавар хурцаар мэдрэгдэх боллоо. Дулааны улирлын хугацаа богиносож, хэт халалт, хүйтрэлт, хуурайшилт явагдаж бэлчээрийн даац хомсдсон нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл түшиглэн амьдарч буй иргэдийн амьдралд хүндээр тусах боллоо. Үүнд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг анх удаа цөлжилт ихээр явагдаж байгаа Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг Гашууны хоолойд хийлээ. Хуралдаанаар манай оронд төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгарч буй цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж, хурдацтай явагдах цөлжилт түүний дэлхий дахинд үзүүлж буй нөлөөллийн асуудалд бусад орны анхаарлыг хандуулах зорилтыг тавьсан юм. Монгол оронд хэрэгжүүлэх Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийг Засгийн газрын дээрх хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Их бүтээн байгуулалтын ажлын гол зорилго нь улс орноо аж үйлдвэржүүлэхэд оршино. Учир нь орчин үеийн эдийн засгийн өсөлтийн үндэс тулгуур нь аж үйлдвэржүүлэлт, өндөр технологи, мэдлэг мэдээлэл боллоо. Тиймээс ч аж үйлдвэржүүлэх бодлого улс орны маань хөгжлийг шинэ шатанд гаргана хэмээн манай Засгийн газар үзэж байгаа юм. Манай орны их бүтээн байгуулалт, эрчимтэй хөгжил, Засгийн газраас явуулж буй эдийн засгийн шинэчлэлийн асуудлыг дэлхийн олон улс орон, хөрөнгө оруулагчид багагүй сонирхож тодорхой санал, санаачилга гаргаж байна. Өөрөөр хэлбэл Монгол улс маань дэлхийн анхаарлын төвд байна. Хэдхэн хоногийн өмнө миний бие АНУ-д болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний хуралдаанд оролцож, Канад, Японд айлчлахад энэ хандлага улам бүр нэмэгдэж байгааг мэдэрлээ. Улс оронд олон жилийн туршид яригдаж байсан боловч бүрэн шийдэж чадаагүй асуудлуудын зангилааг хамтарсан Засгийн газар тайлж, бүтээн байгуулалтын зарим томоохон ажлыг эхлүүллээ. Тухайлбал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар одоо үйлдвэрлэлийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Мөн Таван толгойн орд газрыг ашиглах талаарх төрийн бодлого, үзэл баримтлалыг Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр Монгол улсын иргэн бүр эх орныхоо байгалийн баялгаас хишиг хүртэх, орд газрыг эзэмших болон түүнийг дагасан бүтээн байгуулалтын ажилд манай иргэд, дотоодын аж ахуйн нэгж давуу эрхтэйгээр оролцох, цаашид үндэсний компаниудын өсөн бэхжих бодлого эрх зүйн үндэс баталгаажиж байгаа юм. Орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэлүүд ч ач холбогдлоо өгч эхэллээ. Тухайлбал, оны эхний саруудын байдлаар уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдэж, өнөөгийн байдлаар зөвхөн Оюу толгой төсөлд 3600 гаруй монгол ажилчид ажиллаж байна. Үүнээс гадна манай хувийн хэвшлийнхэн Өмнөговь аймгийн Ухаа худаг, Нарийн сухайт, Сэлэнгэ аймгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрын олборлолтыг эхлүүлж, түүнийг дагалдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчтэй өрнөж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр дулааны цахилгаан станцыг барьж байгуулж байна. Ийнхүү ашигт малтмал, уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил эх орны маань өнцөг булан бүрт өрнөж эхэллээ. Үйлдвэрлэлийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилбэл 2012 оноос Таван толгойн, 2013 оноос Оюутолгойн орд газрын үндсэн олборлолт эхэлж, түүхий эд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргана. Ашигт малтмалыг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард иргэдээ ажлын байраар хангах, элбэг хангалуун амьдруулахад төр засаг бодлогоо чиглүүлж байна. Оюутолгойн үндсэн олборлолт эхлэхэд Эрдэнэт үйлдвэрээс 3 дахин их бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн тооцоо судалгаа бий. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байсан зарим он жилд Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн орлогын 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан. Ойрын жилүүдэд Оюутолгой, Тавантолгойд бий болж байгаа томоохон бүтээн байгуулалтын үр дүнд Монгол улсын төсөв болон хүн амыг ирэх 30-40 жилд мөнгөн орлогоор тасралтгүй хангах болно. Аж үйлдвэржилтийн бодлогыг цогцоор хэрэгжүүлснээр улс орны хөгжил шинэ шатанд гарна гэсэн төсөөлөл, тооцоо байна. Засгийн газраас баталсан "Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл", “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр" зэрэг баримт бичиг нь энэхүү бодлого, зорилгод чиглэж байгаа юм. Эдгээр хөтөлбөр, чиглэлийн дагуу улс орны эрчимтэй хөгжлийг хангах зорилгоор Оюутолгой, Тавантолгойн орд газрыг түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолборыг Сайншандад байгуулахаар зорьж ажиллаж байна. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд зэс хайлуулах, газрын тос боловсруулах, хар металлургийн, кокс химийн, нүүрс химийн, барилгын материалын үйлдвэр зэрэг улс орны цаашдын хөгжлийг тодорхойлсон томоохон үйлдвэр баригдана. Ингэснээр Монгол Улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь гадагш гаргах бус дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад экспортлох боломжтой болно. Томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж, хэдэн мянган шинэ ажлын байр бий болж, орчин үеийн аж үйлдвэрийн хот, төвүүд үүснэ. Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаар урьдчилсан тооцоогоор манай улсын эдийн засгийн бодит өсөлт эрс хурдацтай нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 60 орчим хувьд хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин нэмэгдэх, өрх гэр бүлийн орлого хурдацтай өсөх зэргээр ард иргэдийн аж амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарна гэсэн тооцоо байна. Ингэхдээ орон нутгаас, иргэдээс гаргасан санал хүсэлтийн дагуу аймаг тус бүрээс суралцах залуучуудын квот гаргаж, бүтээн байгуулалтын ажилд бүх аймгийн залуучуудыг адил тэгш хамруулна. Тиймээс залуучуудын маань өөрсдийн сахилга хариуцлага, санаачлагатай байдлаас л олон зүйл шалтгаалах болно гэдгийг сайтар ухаарч, анхааран суралцах ёстой. Аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам төслийн зэрэгцээ 2011-2016 онд хэрэгжүүлэх "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг сэргээх, нийслэл болон хүн ам төвлөрсөн хот суурин, бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх олон томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Аж үйлдвэржүүлэлт, шинэ бүтээн байгуулалтын зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох, олон шаттай зөвшөөрлийн тогтолцоог өөрчлөх, бүртгэл мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, эдийн засгийг ардчилахад чиглэсэн удирдлага зохион байгуулалтыг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Уул уурхай, аж үйлдвэрийн салбараас гадна манай орны эдийн засгийн нэг үндсэн тулгуур болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар онцгойлон анхаарч байна. Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангах түвшинд хүрэх нь бидний ойрын зорилт юм. Энэ нь зөвхөн тухайн салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий бус манай эдийн засгийн, улс үндэстний маань хүнсний аюулгүй байдлын чухал холбогдолтой том зорилт гэдгийг хэлье. Атрын III дугаар аян үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьж, тариаланчдыг дэмжих олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрлээ. Энэ онд ургацын урьдчилсан балансаар 330 гаруй мянган тонн улаан буудай хураан авч, 250 орчим мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой боллоо. Ингэснээр гурилын хомсдол гарахгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн тооцоо, судалгааг холбогдох яамнаас гаргаж байна. Өнөөдрийн байдлаар 298.0 мянган тонн үр тариа, 147.5 мянган тонн төмс, 77.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч, үр тарианы 85.3 хувь, төмс, хүнсний ногооны 90.9-91.9 хувийг хураан аваад байна. Ажиллаж байгаа хүн, техникийн хүчин чадлаар тооцоход энэ сарын 15-ны дотор ургац хураалтын талбайн ажлыг дуусгах бүрэн боломжтой. Төв аймгийн тариаланчид энэ онд улсын хэмжээний үр тарианы дөрөвний нэг, төмсний гуравны нэгийг дангаараа үйлдвэрлэсэн амжилт үзүүлснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэ нь Төв аймгийн иргэд, тариаланчид та бүхнээс эх орныхоо хүн амын хүнсний хэрэгцээг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад оруулж буй томоохон хувь нэмэр юм. Мал аж ахуй бол манай орон нутгийн үндсэн салбар, хөдөөгийн иргэдийн маань амьжиргааны гол эх үүсвэр билээ. Энэ утгаараа Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар хэрэгжүүлэхээр холбогдох арга хэмжээг авч эхэлсэн. Өнгөрсөн өвөл, хавар байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл зуд болж, мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Зудын улмаас 44 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9,7 сая толгойгоор хорогдож, олон арван тэрбум төгрөгийн шууд хохирол учирч, 8700 гаруй өрх огт малгүй болсон. Зудын хор хохирлыг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засгийн газраас саяхан тогтоол гарган "Малчин өрхийг малжуулах журам"-ыг батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг 2010 онд малжуулна. Үүнд зориулан эхний ээлжинд Засгийн газар 3 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж, аймаг бүрт олгож эхэлсэн. Манай Засгийн газрын тэргүүлэх үндсэн гол зорилго бол Монгол хүнээ хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа. Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм боловсролтой, бүтээлч чадвартай байх нь улс орны, ард иргэдийн маань нийтлэг хүсэл эрмэлзэл билээ. Засгийн газар юуны өмнө нийгмийн баялгаас иргэн бүрт хувь хишиг хүртээх, хувь хүний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд иргэн бүрт 70 мянган төгрөг олгосон. “Сургалтын төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гаргаж, их, дээд сургууль, коллежийн суралцагчийн төлбөрөөс 500,0 мянган төгрөгийг 2011 оны 1 дүгээр сараас “Хүний хөгжил сан”-гаас бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн. Төв аймгийн ард, иргэдээ, Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улс, бүс нутгийн шинж чанартайгаас бусад бүх бараа, ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааруулан тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журам тогтооно. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлэх зэрэг арга хэмжээг авна. Мөн бүх шатанд хариуцлагын тогтолцоог бий болгож, хууль дүрмийг чанд мөрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн ёс суртахууны эсрэг үзэгдэлтэй тууштай тэмцэж, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахад ч онцгойлон анхаарч ажиллаж байгаа, ажиллах ч болно. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ойрын ирээдүйн бодлого, зорилтын талаар Та бүхэнд товч танилцууллаа. Төр засгийн шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бүх салбар, орон нутгийн түвшинд бодит ажил болон өрнөж, түүний үр дүн ард иргэдэд шууд хүрч байх учиртай. Тийм ч учраас энэ удаагийн томилолтын нэг зорилго бол гаргасан шийдвэрийг аймаг, сум, багийн түвшинд иргэдэд хүргэх талаар хэрхэн ажиллаж байгаа, иргэдийн санал бодол ямар байгаатай танилцах, мөн орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх ямар арга хэмжээ авч болох талаар санал бодлоо солилцоход чиглэж байна. Эрхэм хүндэт ард, иргэд ээ! Миний бие аймаг орон нутагт томилолтоор ажиллахдаа тэдгээрийн хөгжлийн түвшин, давуу тал, хөгжих боломжийг харьцуулан бодож явдаг. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод манай улс мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээрээ хангах зорилт дэвшүүлсэн. Төв аймаг гурилаас бусад хэрэгцээгээ хангаж байгааг сайшаан тэмдэглэж байна. Манай улсын Төв аймгийн хувьд бусад аймагтай харьцуулахад олон давуу талтай. Газар зүйн байрлын хувьд нийслэл болон Дархан зэрэг томоохон зах зээлд ойр, таатай байршилд оршдог. Дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, төмөр болон авто замаар бусад аймгуудтай төдийгүй манай улсын хөрш ОХУ, БНХАУ-тай харилцах боломжтой. Төв аймгаас манай улсад нэртэй олон шилдэг сэхээтэн, эрдэмтэн төрөн гарсан боловсон хүчний чадавхи сайтай. Тухайлбал их зохиолч Д.Нацагдорж, Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Х.Уртнасан, Т.Цэнд-Аюуш, Л.Цогзолмаа, Ардын жүжигчин Д.Дамдинсүрэн, Д.Цэрэндулам, Г.Гомбосүрэн, А.Очирбат, О.Ганбаатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Төрийн шагналт, академич Т.Шагдарсүрэн, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Б.Бадар-Ууган зэрэг шинжлэх ухаан, урлаг соёл, спортын олон зуун алдартны өлгий нутаг билээ. Мөн Д.Бодоо, Д.Чагдаржав, Ц.Дамбадорж, Ж.Самбуу, М.Энхболд зэрэг Монгол төрийн төрийн нэрт зүтгэлтнүүд төрөн гарсаныг ч дурсахгүй байж болохгүй. Өнөөдөр ч гэсэн Монгол улсын төр засгийн томоохон албан тушаалд Төв аймгийн уугуул олон арван хүн итгэл зүтгэл гарган амжилттай, үр бүтээлтэй ажиллаж буйг дурдахад таатай байна. Төв аймаг эдгээр давуу тал, аятай нөхцөлүүдээ ашиглан зах зээлийн харилцаанд шилжсэн он жилүүдэд эдийн засаг, нийгмийн салбарт багагүй амжилт олсон. Төв аймаг улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээгээрээ аймаг, нийслэл дотроо 4-т орох амжилтыг үзүүлж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор 2007 оноос “Аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийн сан”-г төр-нутгийн захиргаа-банкны байгууллагын оролцоотой анх удаа байгуулан бүх сумдыг хамруулан төсөл сонгон шалгаруулж, хөнгөлөлттэй нөхцөлөөр 213 төсөлд 1.7 тэрбум гаруй төгрөгийн зээл олгосон байна. Эдгээр болон бусад арга хэмжээний дүнд өнөөгийн байдлаар танай аймагт 177 жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ уулзалтад орохын өмнөхөн бид “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн 2010” үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаатай танилцлаа. Жил бүр уламжлал болгон явуулдаг уг арга хэмжээ үр дүнгээ өгч, бүтээгдэхүүний нэр төрөл нь нэмэгдэн өргөжиж, аймгийн шилдэг 56 нэр төрлийн брэндтэй болсон нь бахархууштай үйлс юм. Мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл хөгжиж эхэлж байгаа ч аймгийнхаа түүхий эдийн нөөцийн багахан хэсгийг л боловсруулж байна. Тухайлбал, сүүний үйлдвэрүүд хүчин чадлынхаа 19.4 хувийг ашиглаж, жилд үйлдвэрлэж байгаа сүүний 1.3 хувь, махны 0.3 хувь, хонины ноосны 30.0 орчим хувийг л үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, үлдэх хэсгийг нь 100 хувь түүхийгээр нь зах зээлд нийлүүлж байна. Үүнээс үзэхэд орон нутгийн дээрх нөөцөд тулгуурлан мах, сүү, төмс, хүнсний ногоо, ноос, ноолуур, арьс шир, буудай зэрэг түүхий эдийг боловсруулах нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх ихээхэн нөөц боломж харагдаж байгааг хэлэх нь зүйтэй. Нийслэл хотыг даган хурдацтай хөгжиж буй эрчимжсэн аж ахуйн хэрэгцээнд нэн шаардлагатай тэжээлийн хэрэгцээг хангах таатай боломж, бэлэн зах зээл байгааг ч ашиглах хэрэгтэй. Засгийн газрын шийдвэрийн дагуу Төв аймаг нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг ойрын жилүүдэд хангах томоохон зорилтыг шийдвэрлэх ёстойг сануулах нь зүйтэй. Энэ ажилд ахиц гаргах зайлшгүй шаардлага байгааг аймгийн удирдлагууд анхаарах ёстой. Аймгийн эдийн засгийн бүтцэд боловсруулах салбарын эзлэх хувийн жин бага байгаад дүгнэлт хийж, аймгийн ИТХ-ын хуралдаанаар зориуд хэлэлцэн “Төв аймгийг 2010-2016 онд үйлдвэржүүлэх төлөвлөгөө баталсныгаа хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлагатай. Төр, засгийн бодлого, шийдвэрийг амьдралд бодитой хэрэгжүүлэх нь иргэн бүрийн хүчин чармайлтаас бүрэн хамаарна. Иймд өрх, иргэн бүр хичээнгүйлэн ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь туйлын чухал юм. Анхаарал тавьсанд баярлалаа.
Та бүхэн минь Тавтай сайхан намаржиж байна уу?
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын зэрэгцээ, эцэг өвгөдөөс үлдээсэн баялагийг зөв зохистой ашиглан эдийн засгаа тэлэх, хүн ардынхаа хөгжил дэвшил, сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь Засгийн газар бүрийн эрхэм зорилт төдийгүй түүний сорилт, шалгуур болдог. Энэ жишгийн дагуу манай хамтарсан Засгийн газар асуудлын хүнд бэрхээс халгаж халшралгүй, өнөө маргаашаар аргацаалгүйгээр ирээдүйд үр дүнгээ өгөх их бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Эрхэм хүндэт ард, иргэд ээ!
Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад эхний ээлжинд нийт 5000 гаруй инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчин шаардагдана гэсэн урьдчилсан тооцоо гарлаа. Тиймээс ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн, одоогоор ажилгүй байгаа залуучуудыг инженер техник, гагнуурчин, бетон цутгагч, засварчин зэрэг ажил мэргэжлээр сургах шийдвэрийг манай Засгийн газар гаргасан. Энэ онд эхний удаа 3000 гаруй залуучуудыг ямар нэгэн төлбөргүйгээр холбогдох чиглэлийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургаж эхэллээ.
Саяхан батлагдсан "Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын хүрээнд эхний ээлжинд Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн нийт 1000 гаруй км төмөр зам барина. Үүнийг гүйцэтгэснээр эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц өгч, олон шинэ ажлын байр бий болох боломж бүрдэнэ.
Мөнгийг бэлнээр, бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартай учир, цаашид сар бүр тогтмол олгож байхаар шийдлээ. Тухайлбал, энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10 мянган төгрөг олгож байгаа бол 2011 оноос эхлээд сар бүр 21 мянган төгрөг олгохоор тогтож байна. Үүнийг удахгүй 2011 оны улсын төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн төсвийг хэлэлцэн батлах үед эцэслэн шийдвэрлэж, баталгаажуулах болно. Үлдэх 1.0 сая төгрөгийг иргэдэд боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр болон орон сууцны, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр олгохоор судалгаа тооцоог холбогдох яам, байгууллагууд хийж байна.
Энэ арга хэмжээ нь манай ард иргэдэд учирч байсан оюутны сургалтын төлбөрийн болон банкны зээлийн дарамтыг багасгаж, тэдний ахуй амьдралд томоохон дэмжлэг болохуйц зөв зүйтэй шийдвэр болсон гэж олон түмэн дэмжиж байгаад баяртай байна. Мөн энэ оны 10 дугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдлээ. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд түүнийг энэ оны IV улирлаас өгч эхлэхээр төлөвлөөд байна. Засгийн эрхийг барьж байгаа улс төрийн хүчнийг тэргүүлж байгаагийн хувьд сонгогчдынхоо өмнө өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө бүх талаар чармайн ажиллах болно.
Засгийн газар эдийн засаг, нийгмийн бодлогын дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагын ажил, үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ төрийн өмчит аж ахуйг удирдах арга барилдаа ч шинэчлэл хийхийг эрмэлзэж байна. Энэ чиглэлээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол Улс минь, Төв сайхан аймаг маань цэцэглэн хөгжих болтугай.