Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Төмөр зам, Уран, Тавантолгойн асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна

Нийтэлсэн: - 2011/06/28 22:56 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Төмөр зам, Уран, Тавантолгойн асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна Шатахууны нөөц хангалттай байгаа ч зохиомол хомсдол үүсч, ялангуяа өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэдийн бухимдал багагүй үүслээ. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд нөхцөл байдлыг хяналтандаа авч, шуурхай арга хэмжээ авах тодорхой хугацаатай үүрэг даалгаврыг өнгөрсөн баасан гаригт холбогдох албан тушаалтануудад өгсөн билээ.

Шатахууны нөөц, нөхцөл байдал яг газар дээрээ ямар байна вэ. Хомсдол үнэхээр үүсэв үү, ард иргэдийн ахуй амьдрал, удахгүй болох Улс хувьсгалын баяр наадмыг энэ байдалтайгаар угтах уу. Шатахууны хангалт хэвийн явагдаж байхад хомсдол яагаад үүсээд байна вэ  гэх мэт мэдээллийг сонсч, өгсөн үүргийн хэрэгжилтийг шалгахаар  Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр  ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт, Газрын тосны газрын дарга  Д. Амарсайхан нарыг өрөөндөө дуудлаа.

ЭБЭХ-ийн сайд Д.Зоригтын мэдээлж байгаагаар дизель түлшний хувьд өнөөдрийн байдлаар Монгол улсад байгаа нөөц нь нийтдээ 28.964 тн байгаа ажээ. Энэ нь хэвийн хэмжээнд байгаа гэсэн үг бөгөөд  “Шунхлай”, “Магнай трейд” компаниудын шатахуун түгээх станцууд шатахууныг иргэдийн хүссэн хэмжээгээр өгч байгаа юм байна. Харин бусад компаниудын шатахуун түгээх станц шатахууныг картаар өгч байгаа гэнэ. Дизель түлшний хангамж ерөнхийдөө жигдэрсэн, уул уурхайн томоохон компаниуд болох Оюутолгой, тавантолгойн уурхайнууд бүрэн хэмжээгээр хангалт хийгдсэн гэх мэдээллийг салбарын сайд хийлээ. Уриншийн хувьд ч байдал жигд байгаа гэдгийг Д.Зоригт сайд дуулгаж байна.  

АИ-80,АИ-95 бензиний хангамж болоод нөөц хэвийн байгаа аж. Харин АИ-92 бензиний хувьд асуудал гарсан гэдгийг тэрбээр тэмдэглээд, өнгөрсөн амралтын өдрүүдээр шатахуун түгээдэг компаниуд нэг нэгнээ дагаж хэвийн олгож байсан шатахуунаа карт, талон руу шилжүүлсэн байна. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу эдгээр компаниудын удирдлагатай ЭБЭХ-ийн сайд уулзаж, нөхцөл байдлыг нь сонсчээ. Шатахууны байдал хэвийн болж байх явцад элдэв яриа үүссэнээс иргэд шатахууныг их хэмжээгээр нөөцөлж, зарим газруудаар өдөрт 2000 тонн зардаг байсан бол 10000 тонн болтлоо өсч, зохиомол хомсдол үүссэнээс компаниуд талон руу шилжсэн гэнэ.

Яриа хэлэлцээ хийсний үр дүнд компаниуд өнөөдрөөс эхлэн шатахуунаа бэлэн мөнгөөр өгч эхэлсэн, ихэнх газар 20 мянган төгрөг хүртэлх хэмжээнд олгож байгааг Д.Зоригт сайд мэдээллээ. Ирэх сарын шатахууны нөөцийг ОХУ, БНХАУ-тай ярьж байгаа төдийгүй, БНСУ болон Сингапур улстай ч энэ тухай яриа хэлэлцээ хийж байгааг онцоллоо. Мөн ЭБЭХ-ийн сайд энэ үеэр хоёр асуудлыг онцлон тэмдэглэлээ. Монгол улсын Е­рөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр яригдсан Роснефтийн жижиглэнгийн худалдааны асуудал ч энд хөндөгдлөө.

Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа газрын тосны тухай хууль тогтоомжид зарим өөрчлөлтийг оруулж, ОХУ-ын компаний бөөний болон жижиглэнгийн худалдааны асуудлыг зохицуулах асуудлыг судалж, энэ саналаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах шаардлагатай байгааг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байна. Түүнчлэн ОХУ-тай зангилаа асуудал болох Төмөр зам, Уран, Тавантолгойн асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол шатахуун, эрчим хүчний салбарт асуудал дахин үүсэхгүй гэх баталгаа байхгүйг онцоллоо. Харин Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы хэлснээр шатахууны нийлүүлэлт өнгөрсөн оноос 50 хувь илүү нийлүүлэгдсэн бөгөөд иргэд их хэмжээгээр нөөцөлснөөс ийнхүү хомсдол үүссэн, хэрэглээ хэвийн хэмжээнээс 3-5 дахин нэмэгдсэн гэдгийг тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд шатахууны нийлүүлэлт, эрэлт, татвартай холбоотой асуудлыг Засгийн газар цаг тухай бүрт нь авч хэлэлцээд зохих шийдвэрийг авч ирсэн. Тухайлбал, 2011 оны байдлаар ОХУ-аас Монгол улсад нийлүүлэх газрын тосны хилийн үнэ удаа  дараа өөрчлөгдөж ирсэнтэй холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварын хувь хэмжээнд 7 удаа өөрчлөлт оруулах замаар үнийг тогтвортой барьж ирсэн.

Цаашид ч шаардлагатай арга хэмжээ авах болно гэж  Засгийн газрын тэргүүн хэллээ. Ингэхдээ  хоёр хөрш болоод гуравдагч талтай шатахуун нийлүүлэх гэрээ хэлцлийг шуурхай хийж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, шатахуун түгээх станцуудын картаар олгож байгааг зохицуулж, тодорхой хэмжээнд бэлэн мөнгөөр олгох, иргэдэд бухимдал чирэгдэл үүсгэхгүй байхыг онцгой анхаарч, хурдтай ажиллахыг ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарт үүрэг болгоод маргаашийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг цогцоор нь оруулж ирэхийг даалгалаа

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах