Төслийн менежментийн тогтолцоог бүх шатандаа нэвтрүүлэх хэрэгтэй
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” үндэсний зөвлөгөөнд оролцлоо. Тус үндэсний мэргэжлийн зөвлөгөөн нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог ажээ. Уг арга хэмжээг нээж, Монгол улсын Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ“Бид ирэх 20 жилээ их бүтээн байгуулалтын үе гэж тодотгон томъёолсон. Мөн манай улсын эрчимтэй хөгжлийн гарааны жилүүд эхэлж байгааг олон улсын төдийгүй хувийн санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын судлаачид ярьж тэмдэглэх болсон. Тиймээс бидний агуулга, мөн чанарын хувьд ч хүрээ далайцын талаасаа ч өмнөхөөсөө илүү нарийн төвөгтэй, оюун ухаан, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар шаардсан зорилго зорилтууд тосон хүлээж байгаа.
Манай улс байгалийн баялагтаа тулгуурлан эдийн засгийн хурдацтай өсөлт, их бүтээн байгуулалтын, үйлдвэржүүлэлт хөгжлийн том гараанд ирснийг нийтээрээ ойлгон ухамсарлаж байна. Дэлхийн банкнаас саяхан боловсруулсан Монгол улсын эдийн засгийн төлөв байдлын тоймд манай улсын хөрөнгө оруулалтын төслийг удирдах чадвар, менежментийн чадавхи сул байгааг анхааруулсан байна. Дэлхий дээр баялагтай мөртлөө хөгждөггүй улс орнууд байна. Бас баялаггүй мөртлөө хөгжсөн улс орнууд байна. Үүний нэг том ялгаа бол засаглалын ялгаа юм. Тиймээс төр засгийн төдийгүй дотоодын компани, бизнес эрхлэгчид хөгжлийн шаардлагыг хангаж чадахуйц удирдлага, менежментийн тогтолцоог төлөвшүүлж, хөрөнгө санхүү, хүний нөөцийн хувьд баттай сууриа бүрдүүлж чадах ёстой” гэдгийг тэмдэглэж байсан юм.
Түүнчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө Төслийн менежментийн тогтолцооны талаар суралцах, улмаарбүхий л шатандаа энэхүү менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Мөн бизнес эрхлэгч хувь хүн ч бай, аж ахуйн нэгж байгууллага ч бай юуны өмнө ашиг орлогоо нэмэгдүүлэх асуудлыг эн тэргүүнд тавьдаг хэдий ч тогтвортой амжилтын төлөө гол анхаарлаа хандуулах цаг болсныг хэлээд, хүний төлөөх үзэл баримтлал, үйл ажиллагааг салбар бүрт нэвтрүүлэх хэрэгтэй байгааг зөвлөсөн юм. Шилдэг менежер, манлайлагчдыг бэлтгэх талаар бүх шатны боловсролын байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг энд дурьдаад, орчин үеийн менежментийн ухаанд хөрөнгийн зах зээлийн асуудал томоор тавигдаж байгаа учир бизнес эрхлэгч бүр үүнд анхаарлаа хандуулахыг ч уриаллаа.
Тус зөвлөгөөнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесийн бүх салбарынхны төлөөлөл хүрэлцэн ирж, менежментийн чадамж, бизнесийн амжилтад хүрэх зам, аж ахуйн нэгж байгуулагуудын үйл ажиллагаан дах эрсдлийн менежмент гэх мэт олон сэдвээр мэргэжлийнхнээс номын дуу сонслоо. Дашрамд дурьдахад Ерөнхий сайд С.Батболд Монголын менежментийн холбооны 2004 оны улс төр нийгмийн салбарын “Шилдэг менежер “-ийн шагналыг хүртэж байжээ. Бизнесийн салбарынхны зовлонг ойлгож, энэ тал дээр таатай бодлогоявуулж байгаад талархаж байгаагаа ММХ-ны тэргүүн, профессор Д.Цэрэндорж энэ үеэр илэрхийлж, холбооныхоо хүндэтгэлийн цомыг Засгийн газрын тэргүүнд гардууллаа