Угсаа залгамжлах эрхэм дээд Хун тайжид бараалхлаа
Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэргий Х.Отгонтуяагийн хамт гуравдугаар сарын 12-ны энэ өдөр Япон улсын залгамжлах эрхэм дээд Хун тайж Нарухитогийн өргөөнд зочилж, түүнд бараалхлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд болсон байгалийн гамшгийн үеэр олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсанд эмгэнэл илэрхийлээд Японы ажилч хичээнгүй ард түмэн сэргээн босголтыг богино хугацаанд хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн эл гамшигт өртөж амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд Монголын ард түмнийхээ халуун сэтгэлийн илэрхийлэл болж оролцохоор албан ёсны айлчлалаасаа нэг өдрийн өмнө ирсэн гэдгээ тодотголоо.
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэхүү найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Эрхэм дээд Хун тайж ихээхэн анхаарч, хувь нэмрээ оруулж байдагт Ерөнхий сайд талархаад хоёр орон стратегийн түншлэлээ бодитоор хөгжүүлэх суурийг тавьсан айлчлал болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Эрхэм дээд Хун тайж Нарухито 2007 онд манай улсад айлчилж, монголчуудын ахуй амьдрал, соёл зан заншилтай танилцсандаа сэтгэл хангалуун байдгаа энэ үеэр илэрхийлээд монгол орны цаг агаар, мал сүрэг, малчдын амьдралын талаар асууж сонирхоод монгол оронд хөгжил цэцэглэлийг ерөөж, Монголын ард түмэнд мэндчилгээ дамжууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.