УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын албанаас мэдэгдэл гаргалаа
Сүүлийн өдрүүдэд зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн С.Батболдыг Оюу толгойн гэрээг байгуулах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, улмаар гэрээний яриа хэлэлцээнд хууль бусаар нөлөөлөх замаар авлига авсан мэт, Эрдэнэт УБҮ-д хууль бус “шахаа” хийсэн, гадаадад байр, өмч хөрөнгө нуусан гэх зэргээр илт худал гүтгэлгийг зохион байгуулалттайгаар түгээж байгааг няцааж, дараах мэдэгдлийг хийж байна.
Нэгдүгээрт, С.Батболдыг “10 гаруй улсад 100 гаруй компани, олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй” гэх зохиомол хэрэг нь бүхэлдээ энд тэндээс хамж шимсэн авцалдаа, логикгүй хов живийн цуглуулга, С.Батболдтой ямар ч хамааралгүй гадны бизнес эрхлэгчдийн компаниудын нэр, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт байна гэдгийг албан ёсоор холбогдох бүх газар мэдэгдсэн. Улмаар энэхүү гүтгэлгийг тарааж буй этгээдүүд үнэнд гүйцэгдэн Нью Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс С.Батболдын нэрийг өөрсдөө татан авсан болно. Эрдэнэт УБҮ, Эрдэнэс Оюу Толгой ХХК зэрэг хуулийн этгээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тэр бүү хэл Монгол Улсын Засгийн газрын нэрийг гадаадын шүүхэд хуурамчаар ашиглан маргаан, нэхэмжлэл гаргасан мэтээр эхлүүлсэн нь гадаадын шүүхийн тогтолцооны нэр хүндийг ашиглах, олон нийтийг төөрөгдүүлэхэд чиглэсэн улс төрийн бохир арга гэдэг нь энэхүү шүүхийн ажиллагааны үеэр тодорхой мэдэгдсэн болно. Гэтэл гүтгэлэг тараагчид үнэнд ялагдсанаа огт дурсахгүй, мэдээгүй мэт цариалан үндэслэлгүй нь нотлогдсон “Нью-Йоркийн шүүхийн хэргийн материал” гэгчийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тангад ном мэт зогсолтгүй тарааж байгаа нь энэ бүх гүтгэлэг эртнээс төлөвлөсөн, улс төрийн зорилготой үйлдэл болохыг харуулж байна.
Хоёрдугаарт, гүтгэлэг тарааж байгаа этгээдүүдийн өөрсдийнх өгсөн баримтаар аль 1997 оноос дэлхийд томд тооцогдох “Самсунг” компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга, Эрдэнэтийн УБҮ-тэй хамтарсан “ЭрдСам” компанийн дэд захирал байсан, түүнээс хойш Монголд зэсийн баяжмалын бизнес 20 шахам жил эрхэлсэн Солонгос бизнесмен Чёон Чү Ёон болон түүний бизнес хамтрагчдын компани, өмч хөрөнгийг С.Батболдод хамааралтай болгон нялзаах гэсэн нь ээлжит нэгэн гүжир гүтгэлэг юм. Тухайн бизнесмэн нь С.Батболдыг Ерөнхий сайд болохоос 12 жилийн өмнө зэсийн баяжмалын бизнесээ хийж л байсан, Ерөнхий сайдаас буусных нь дараа ч олон жил энэ бизнесээ эрхэлсээр байсан нь гүтгэлэг тарааж буй хүмүүсийн өөрсдийн өгсөн баримтаар нотлогдоод байна. Олон жил Монголд бизнес хийсэн хүний танилын хүрээ өргөн биз. Гэтэл тэр олон хүнээс заавал С.Батболдтой түүний компани, өмч хөрөнгийг холбох гэсэн оролдлого нь цаанаасаа улс төрийн зорилготой үйлдэл гэдгийг дахин нотолж байна. Эдгээр гадаадын иргэдийн үүсгэн байгуулан Эрдэнэт үйлдвэртэй бизнес эрхэлж байсан “Catrison Limited”, “Cliveden Trading AG”, “Genetrade Limited”, “Lidex Holdings Limited” гэх мэт компаниудыг С.Батболдынх мэтээр гүтгэж, олон нийтийг цочроох зорилгоор эдгээр компаниуд нь 400 сая долларын гэрээ хийсэн гэж байгаа атлаа С.Батболд тэнд хувьцаа эзэмшиж байсан эсвэл ямарваа нэгэн ашиг хүртэж байсан нэг ч баримт нотолгоо байхгүй. Байх ч үндэслэлгүй учраас дан хоосон хардлага, цуу яриа цуглуулж энэхүү гүтгэлгийг зохиож байгааг нь гадны шүүхэд ч тодорхой мэдэгдэж холбогдох шүүхийн шийдвэр гарсан болно. УИХ-ын гишүүн С.Батболд Эрдэнэтэд шахааны бизнес хийж байгаагүй, хийх шаардлага ч байхгүйг олон нийт эрхбиш ойлгохтойгоо байгаа.
Гуравдугаарт, С.Батболд болон түүний хамаарал бүхий хэн нэгэн, хуулийн этгээд оффшор бүсэд данс, мөнгө, байр орон сууц, өмч хөрөнгө ил болон далд эзэмшдэггүй. Гүтгэлэгт дурдаад буй олон арван сая долларын үл хөдлөх хөрөнгө, оффшорт байгаа мэтээр гүжирдээд байгаа данс нь С.Батболдын өмч гэсэн нэг ч нотлох баримтгүй, байх ч үндэслэлгүй учраас энэхүү гүжир гүтгэлгийг цэвэр цуу яриа, хий хоосон хардлага болгон тараасан. Зүгээр л бусдын өмчлөлийн байрны фото зураг гаргаж ирээд С.Батболдын өмчилдөг байрны нотлох баримт мэтээр гүжирдэж байна. Ийм ч учраас Нью Йоркийн шүүх дээр үнэн ялж нэр нь дурьдагдсан Солонгосын бизнесмений өмч болох С.Батболдод огт хамааралгүй энэ эд хөрөнгийг царцаахгүй гэсэн шийдвэр гаргасан. Лондон, Гонконг гэх мэт хотуудад тухайн Солонгосын бизнесмены эзэмшиж байгаа өмч хөрөнгө ч гэсэн С.Батболдод хамааралгүй, нэр дурдагдаад байгаа газруудад болон гадаадад С.Батболдод орон сууц, өмч хөрөнгө байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд шүүх хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлж байгаа. С.Батболд нь дотооддоо ч энэ тухайгаа олон жилийн турш баримт нотолгоотой тайлбар, мэдээлэл өгч, холбогдох байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг хуулийн дагуу өгөх ёстой бөгөөд өгч ч ирсэн болно.
Дөрөвдүгээрт, Оюу толгойн гэрээ анх байгуулагдсаны дараа С.Батболд Ерөнхий сайд болж тус гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бараг 50 хувь бууруулах, Монголын талын авах суутгах татварын хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлэх зэрэг Монгол Улсад ашигтай, хөрөнгө оруулагч талд алдагдалтай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсныг буруутгаж гадаадын шүүхэд энэ бүх гүтгэлгээ зохиож өгснийг дотоодын хөлсний бичээчид дурьдалгүй өнгөрч байгаа. Олон түмэнд нээлттэй баримттай зүйлсийг улс төрийн зорилгоор харлуулахын тулд хөлсний байгууллагад “захиалга” өгч, Монголын талын ахиц дэвшлийг нөгөө талд өгсөн давуу байдал хэмээн эрээ цээргүй гүтгэлэг зохиож, шүүхэд хандах үндэслэлээ болгосон байгаа. Энэ бол цагааныг хар гэх гэсэн, харыг цагаан гэх гэж олон түмнийг хуурах гэсэн бузар гүтгэлэг, улс төрийн бохир тоглолт. Олон мянган удаа давтаад байвал үнэн болно гэж зүүдэлж яваа тэд энэхүү гүтгэлгээ гадаад дотоодын хэвлэлд түгээж байгаа нь эдгээр шийдвэрийг цуцлах гэсэн оролдлого байх гэсэн их хардлага дагуулж байна. Зээлийн хүүг бууруулсан, татвар нэмснийг эсэргүүцэн гүтгэлэг зохион тарааж байгаа хүмүүс хэний талд үйлчлээд байгаагаа сайтар бодох хэрэгтэй. Лав л Монголын талд биш.
Энэ бүх гүтгэлэг дайралтыг хэдэн тэрбум төгрөг гарган нарийн зохион байгуулж, өөрийн улсын иргэнийг гадаадын хөлсний байгууллагад “захиалж” мөрдүүлэн “зохион бичлэг” бичүүлж байгаа, гадаад дотоодын хэвлэлд зохион байгуулалттай гүтгэж байгаа, гадаадын шүүхийн байгууллагыг өөрийн дотоодын улс төрийн тоглоомондоо ашиглах гэсэн оролдлого хийж байгаа, энэ этгээдүүд нэг л зорилготойгоор энэ бүх зүйлийг хийж байгаа. Тэртээ 2004 оноос хойш сонгуулийн жил бүр УИХ-ын гишүүн С.Батболдын улс төрийн нэр хүндийг харлуулж, хийсэн бүтээсэн ажлыг гутаах, олныг төөрөгдүүлэх ажиллагаа явагдаж ирсэн. Энэ бол үеэ өнгөрөөсөн тархи угаах улстөрийн бохир технологи гэдгийг ард түмэн ялгаж салган ойлгож байгаа.
Энэ удаа ч бүр төсвийн хөрөнгө мөнгө, төрийн байгууллагын эрх мэдлийг хууль бусаар ашиглаж байна. Гүжир гүтгэлэг зохион тараагчдын үйлдэл хэрээс хэтэрч, гэр бүл, үр хүүхдийг нь бузар гүтгэлэгтээ хамруулах боллоо. Иймд энэ мэт гүтгэлгийг зохион тарааж буй хүмүүсийг зохих хуулийн дагуу арга хэмжээ авахаа УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын албанаас үүгээр мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын алба