Унгарын Засгийн газар 25.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгоно
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Унгарын Ерөнхий сайдын Бүрэн эрхт төлөөлөгч, Унгар, Монголын Засгийн газар хоорондын комиссын Унгарын хэсгийн дарга др. Вереш Янош бараалхав. Монгол Улсын Ерөнхий сайд Унгарын төлөөлөгчидтэй уулзахдаа таатай байгаагаа илэрхийлээд эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комисс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү Комиссын ээлжит III хуралдаан амжилттай хуралдаж өндөрлөсөнд баяртай байна.
Манай хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад нэн талархалтай байна. Тус хуралдаанаас боловсруулан гаргасан протоколын заалтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсч байна. Танай улсын техник, эдийн засгийн туслалцаатайгаар баригдсан Биокомбинатыг шинэчлэхэд зориулан 25.0 сая ам. долларын урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэнд баяртай байна. Биокомбинатыг шинэчилснээр мал сүргийг вакцинжуулах зорилтыг бүрэн хангаж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх болно. Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаад Монголчууд бид бэлэгшээж байна хэмээн ярилаа.
Унгарын төлөөлөгч Вереш Янош Ерөнхий сайд Таныг хүлээн авч уулзах боломж олгосонд талархаж байна. Бид өнөөдөр хоёр орны Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хуралдаанаа амжилттай хийж дууслаа. Бидний хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлууд хоёр орны аль алинд нь чухал асуудал байв. Хамтран ажиллах чиглэлийнхээ баримт бичгүүдийг баталлаа. Манай Засгийн газраас үзүүлж байгаа 25.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийг үр ашигтай зарцуулна гэдэгт найдаж байна. Хоёр орны Гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрэх болно.
Ашигт малтмалын салбарт хамтран ажиллахаар тохиролцож баталсан гэрээ хэлэлцээр үр дүнгээ өгөх болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр талын харилцан баталгаажуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүд хоёр орны харилцааны 60 жилийн ойг тэмдэглэхэд томоохон алхам болж байна. Хоёр орон цаашид аялал жуулчлалын болон нарны эрчим хүчийг ашиглах, биотехнологийн шинэчлэлийн салбарт уламжлалт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бүрдлээ. Нийгмийн хамгааллын асуудлаар яригдсан яриа ч хэлэлцээрийн түвшинд хүрнэ гэдэгт найдаж байна. Энэ дашрамд Танд Ерөнхий сайдынхаа мэндчилгээг уламжлахын ялдамд Таныг Манай оронд тохиролцсон хугацаандаа айлчлана гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлэв