Унгарын Элчин Сайдын Яамыг нээн ажиллуулах асуудлыг эргэж харахыг хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсын Парламентын дэд дарга Иштван Үйхейи тэргүүтэй төлөөлөгчдийг 2011 оны 4 дүгээр сар 13-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн Парламентын дэд даргын хувиар гадаад улс оронд хийж байгаа анхныхаа айлчлалыг Монгол Улсаас эхэлж байгаад талархал илэрхийлээд хоёр орны эртний уламжлалт харилцааг хадгалж, цаашид шинэ шатанд өргөжүүлэн, хөгжүүлэх олон боломж байгааг тэмдэглэлээ. Мөн тэрбээр Монгол Улс өрсөлдөх чадвартай, Европ стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх үүднээс Европын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Үүнд Унгар, Чех зэрэг сайн харилцаат улс орнуудын туршлагыг судлах шаардлага байгааг хэлээд энэ чиглэлээр хамтран ажиллана гэдэгт илтгэлтэй байна гэлээ. Түүнчлэн Хөгжлийн албан ёсны тусламжийг үргэлжлүүлэн үзүүлж байгаад талархал илэрхийлээд хоёр орны байнгын хамтын ажиллагааг өрнүүлэх үүднээс Монгол Улсад Унгарын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах асуудлыг эргэж харах, Сонгино дахь Биокомбинатыг шинэчлэхэд Унгар Улсаас олгосон 25 сая ам.долларын зээлийн төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг хүслээ.
Ноён Иштван Үйхейи найрсгаар хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд тодорхой хугацаанд хоёр орны харилцаанд завсрын үе байсан хэдий ч Унгар Улсын хувьд Монгол Улстай сайн хөршийн найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг гээд Унгарын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.