Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд гурван тал хамтран ажиллахаар боллоо
Байгалийн баялгийг эзэмших, ашиглахтай холбоотой аливаа үл ойлголцол, зөрчил, маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, эдгээрийг хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх үндэсний тогтолцоог бий болгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хүний үндсэн эрхийг баталгаатай хангах, ил тод, хариуцлагатай, харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжихэд бусад орны туршлагыг судлах, чадавхийг бий болгох зорилго бүхий Хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Уг гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж Иргэдийн Альяанс төвийн захирал Ж.Занаа, Байгалийн баялаг ашиглах чиглэлийн бизнес эрхлэгчдийг төлөөлж Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар гарын үсэг зурлаа. Сүүлийн жилүүдэд манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон гэж хэлж болохуйц өөрчлөлт гарч байгаа боловч үр ашиггүй маргаан, мэтгэлцээнээс үүдэлтэй маш олон саад бэрхшээл хөгжлийг сааруулж, шийдлээ хүлээсэн асуудлууд хуримтлагдсаар байгаа билээ.
Дэлхийн олон оронд бидэнтэй адил саад бэрхшээл тулгарч байсан бөгөөд түүнийг шийдвэрлэсэн сайн туршлага, ололт амжилт ч бас байна. Бусдын сайн туршлага, ололт амжилтад тулгуурлан энэ зүй бус үйлдлийг таслан зогсоож, ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ажил хэрэгч байдлыг хангах нэг алхам бол энэхүү хамтын ажиллагаа юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хамтын ажиллагааны гурван талт гэрээнд талууд гарын үсэг зурсны дараа хэллээ. Мөн уг гэрээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах Үндэсний хороо ажиллана.
Үндэсний хороо нь талуудын тэнцүү төлөөллөөс бүрдэнэ. Харин Засгийн газрын тэргүүний хувьд гэрээний хэрэгжилтэд онцгой анхаарна гэдгээ Ерөнхий сайд онцлоод Хамтын ажиллагааны гурван талт гэрээг санаачилсан иргэний нийгмийн байгууллагууд болон байгалийн баялаг ашиглах чиглэлийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдөд талархаж байгаагаа илэрхийллээ. Иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж, хатагтай Ж.Занаа хэлэхдээ сүүлийн арваад жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллагууд нийтийн болон төрийн өмчтэй холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага тавьж ирсэн. Энэ шаардлага өнөөдөр биеллээ олж байна.
Ингэснээр 21 аймаг 320 суманд байгаа иргэний нийгмийн байгууллага, төр,бизнес эрхлэгчид хамтран ажиллах баталгаа болно гэж үзэж байна. Бүгдээрээ хамтраад асуудлаа яаж шийдэж чаддаг вэ гэдгийг үлгэр жишээ харуулахын төлөө, үлбэгэр үхээнц хамтын ажиллагаа болсон гэж хэлүүлэхгүйн төлөө тууштай хичээн ажиллах болно гэдгээ амлаад хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тус гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, хамтран ажиллахыг хүслээ.
Энэхүү гэрээг байгуулснаар байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, тэгш хүртэх, хуулийн хүрээнд тууштай, санаачилгатай, бүтээлчээр хамтран ажиллаж, бие биендээ харилцан хүндэтгэлтэй хандах нийгмийн зөвшилцлийг бий болгож, улс орныхоо хөгжил дэвшлийг түргэсгэхэд чухал ач холбогдолтой гэж Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд болон байгалийн баялаг ашиглах чиглэлийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид үзэж байна