Ховд аймагт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд наймдугаар сарын 5-ны өдөр Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллалаа. Ерөнхий сайдыг Ард Аюушийн нэрэмжит талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул жагссан байлаа. Хүндэт харуулын дарга Ерөнхий сайдад айлтгал өргөсний дараа хөгжимд төрийн дуулал эгшиглэв. Дараа нь Ерөнхий сайд Галдан бошгот болон Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн, талбайд цугласан ард иргэдтэй мэндчиллээ.
Ерөнхий сайд С.Батболд дараа нь Ховд аймгийн төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзав. Төрийн үйлчилгээг иргэдэд элдэв бэрхшээл, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, ажилгүй ядуу иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, улмаар нөөц бололцоондоо тулгуурлаж ажлын байраар хангах, хийсэн ажлаа иргэдэд ойлгомжтой тайлбарлаж мэдээлдэг байх, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдолд тухай бүрт нь хариу өгөх, ажилтан албан хаагчдын ёс зүйд анхаарч, алдаа дутагдал гаргасан бол хариуцлага хүлээлгэдэг байх, цаг үеийн ажил тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл болон иргэний шинэчилсэн бүртгэлийг шуурхайлах зэрэг чиглэлийг Ерөнхий сайд энэ үеэр өглөө.