Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ховд хотын иргэдтэй уулзав

Нийтэлсэн: - 2010/08/06 02:46 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Ховд хотын иргэдтэй уулзавБНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баруун босоо тэнхлэгийн хатуу хучилттай Манхан-Ховдын чиглэлийн 85,3 км хатуу авто замыг барихаар гүйцэтгэгч компанитай хэлэлцээр хийж хоёр  хоногийн өмнө гэрээнд гарын үсэг зурсан.  Түүнчлэн  Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Баруун босоо тэнхлэгийн автозамын ажлыг энэ онд эхлүүлнэ. Эдгээр нь Ховд аймгийн иргэдийн амьдрах орчин бололцоог сайжруулж, барааны өртгийг бууруулан, амьжиргааг дээшлүүлэхэд тус дөхөм болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлснийг Ховд хотын иргэд баяртайгаар хүлээж авлаа.

Ерөнхий сайд Ховд аймагт ажиллахдаа иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, тухайлбал ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэл, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх бодлого, боловсрол, бизнесийн салбарын шинэчлэл зэргийн талаар танилцуулж санал  бодлыг нь сонсов. 

Иргэд ихэвчлэн Ахмадын өргөөний барилгын ажилд дутагдаж байгаа хөрөнгийн асуудлыг шийдэх, алслагдсан бүсийн нэмэгдэл олгох, их, дээд сургуулийн сургалтын төлбөр хэт өндөр байгааг таслан зогсоох, ажлын байраар хангах, хувиараа бизнес  эрхэлж байгаа болон малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх, дулааны станцыг засварлах, зам харилцааг сайжруулах, банкны зээлийн хүүг зохицуулах, чадварлаг боловсон хүчнийг нам, улс төрийн хүчнээр нь ялгаварлалгүй ажилд авч дэмжих зэрэг саналыг Засгийн газрын тэргүүнд тавьж байлаа.

Ховд аймаг энэ жил бүтээн байгуулалтын олон ажил хийжээ. Тухайлбал Баруун Монголын бурхан шашны төв болох 108 суврагатай Ганданпунцагчойлон хийдийн цогцолбор, Усан спорт сургалтын төв, “Шинэ Ховд” нэртэй хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон барилга байгууламж болон 137 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.  Ховд хотын 21,3 км хатуу хучилттай замыг 2012 он гэхэд 32 км болгохоор төлөвлөн, ирэх жил болох аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан 80 бүтээлч, шинэлэг ажил хийж байгааг  нь Ерөнхий  сайд онцолж, орон нутгийнханд баяр хүргэлээ. Хөшөөтийн уурхай зэрэг бүсийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил, хийж бүтээе гэсэн аливаа санал, санаачлагыг  Засгийн газар бүх талаар дэмжинэ. Гагцхүү ажил ил тод, нээлттэй, шударга байх ёстой гэж Ерөнхий сайд  хэлэв.

Орон нутгийн удирдлагуудын ажлын шалгуурын нэг гол үзүүлэлт нь хэдэн ажлын байр бий болгосноор хэмжигдэж байгаа. Ховд аймаг өнгөрсөн жил 418 хүнийг ажилтай болгосон бол он гарсаар 600 гаруй хүнийг түр болон байнгын ажлын байраар хангажээ. Ирэх жил гэхэд энэ тоог 2000 болгохоор төлөвлөсөн байна. Өнгөрсөн өвөл тохиолдсон байгалийн гамшиг, зуданд Ховд аймаг өртөж 467 мянга орчим мал хорогдон 16 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Төр, засаг, гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 1,5 тэрбум төгрөгийн хандив тусламж авсан байна.

Гамшиг, зуднаас сургамж авч орон нутгийн удирдлага, малчид, хэвийн хэвшил хамтран хүнд хэцүү үед хэрхэн хамтран ажиллах, өвлийн бэлтгэлээ хангах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхэлжээ. Мөн малжуулах хөтөлбөрийн хүрээнд малгүй болсон 803 өрхөд нийт  264 сая төгрөг олгож байна. “Малчид хоршоо, нөхөрлөл хэлбэрээр хамтран ажиллах шаардлагатай. Гэхдээ дан ганц мал аж ахуй гэлтгүй газар тариалан эрхэлж, бүс нутгийн үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний хэрэгцээг өөрсдөө хангадаг байх нь чухал” гэж Ерөнхий сайд санууллаа.

Аймаг энэ жил 2654,4 мянган га-д тариалалт хийж, үр тариа, хүнсний ногоо, тэжээлийн болон техникийн ургамал тариалалтыг өмнөх оноос 78,4-363,8 га-гаар нэмэгдүүлсэн байна. Ховд аймаг “Оюунлиг Ховд” хөтөлбөр боловсруулж “Хөдөлгөөн-эрүүл мэнд”. “Амны хөндийн эрүүл мэнд” аян өрнүүлэн, оюунлаг гэр бүл, багш, эмч, оюутан, сурагч шалгаруулж, нутагтаа шаардлагатай мэргэжилтнийг гэрээгээр сургаж эхэлжээ. Эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын  материаллаг бааз, ажлын байрны ажиллах нөхцлийг дээшлүүлэхэд өнгөрсөн онд 6,8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Гэвч үүний үр дүн төдийлөн харагдахгүй байгаа нь аймгийн хэмжээнд эх, бага насны хүүхдийн эндэгдэл, хүүхдийн сургууль завсардалт өмнөхөөс буурснаас харагдаж байгааг Ерөнхий сайд хэллээ. Иргэдийн хүсч байгаа Ахмадын өргөө, дулааны станц, алслагдсан бүсийн нэмэгдэл, орон нутгийн чанартай бусад асуудалд анхаарч эхнээс нь шийдвэрлэх болно. Төр, засгаас ард иргэд, орон нутгаа дэмжиж, хийж бүтээх боломжийг нь гаргана. Гэхдээ нөгөө талаас орон нутаг нөөц, бололцоогоо дайчлан ажиллаж, хариуцлагатай байх ёстой. Уул уурхайн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар цаашид хэдэн мянган ажлын байр бий болно. Үүнд иргэд ч бэлэн байж өөрийгөө боловсруулж, өрсөлдөх чадвартай байх ёстойг Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ санууллаа. Уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын тамгын газарт УАЗ-469 автомашин бэлэглэж, нэр бүхий хоёр иргэнд гэр олгохыг аймгийн удирдлагад чиглэл болголоо.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах