Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Хэдэн хүнийг ажилтай болгосноор нь ажлыг дүгнэнэ

Нийтэлсэн: - 2011/03/21 03:38 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Монгол улсын Засгийн газраас 2011  оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж иргэдээ ажилтай,айл өрх бүрийг орлоготой болгохыг зорьж байгаа билээ. Энэ хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” – ийн ажлыг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих Үндэсний хороо ч байгуулагдсан. Тус хороо хоёр дах хуралдаанаа өнөөдөр хийлээ. Тус хуралдаанаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх ЗТБХБЯ, НХХЯ, ЭБЭХЯ-ны  мэдээллүүдийг тус тус сонслоо.

Өөрөөр хэлбэл 2011 онд шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд хичнээн ажлын байр шинээр бий болгох төлөвлөгөөтэй байгааг дээрх яамдын холбогдох албан тушаалтнууд дуулгалаа. Тухайлбал , энэ онд зам, тээвэр, барилгын салбарт нийтдээ 22944 ажлын байр шинээр нэмэгдэхээс барилгын салбарт 13500 нь хэрэгтэй байгаа ажээ. Харин ЭБЭХ-ий салбарын хувьд уул уурхай, газрын тосны салбарын ажлын байрны захиалгаа нийлүүлээд 13000 орчим, НХХЯ салбарынхаа хэмжээнд 4700 гаруй ажлын байр гарах судалгааг танилцууллаа.

Харин Ерөнхийй сайд С.Батболд эдгээр мэдээллийг сонссоны дараа  уулзалтаас уулзалт хүртэл явдаг ажил биш, гараад үр дүнд хүрдэг байх нь ажлын гүйцэтгэлийн шалгуур болно шүү гэдгийг санууллаа.  Мөн энэ жилийн хүрээнд өрх бүрээс доод тал нь нэг хүнийг ажилтай болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд идэвхтэй ажиллахыг төрийн бүх шатны албан хаагчдад даалгалаа. 2011 онд тэдний  ажлыг дүгнэхдээ хэдэн хүнийг ажилтай болгосноор нь дүгнэх  болсон нь содон дуулдав.  Өөрөөр хэлбэл  ерөнхий сайдын өглөө болгон авдаг мэдээллийн нэг нь ажлын байрны үзүүлэлт болох ажээ.  

Харин нөгөө талаас иргэн бүр өөрөө идэвхтэй байвал ажилтай болох нөхцөл бүрдэх ажээ. Мөн түүнчлэн мэдээллийг тодорхой болгож, төр нь ч , иргэд нь ч хэн хэндээ хатуу шаардлага тавьж ажиллавал хурдан хугацаанд үр дүнд хүрнэ гэдгийг ч тэмдэглэж байв. Яам хоорондын уялдаа холбоо хангалтгүй, ялангуяа хөдөлмөрийн биржийн судалгаа тооцоо нарийвчлан гараагүй байгааг  Ерөнхий сайд  С.Батболд анхааруулаад, ажлын төлөвлөгөөндөө нэлээн том өөрчлөлт оруулж ирэхийг холбогдох яамдад үүрэг болголоо. Мөн дараагийн хуралдаанд орон нутгийн төлөөллийг оролцуулахыг ч даалгавар болгов.

Цаасан дээрх тайлан биш, бодит ажлын тухай тодорхой мэдээллийг дараагийн хуралдаанаас хүсч буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ. Ажилгүй байгаа иргэдийн мэдээлэл гэр хорооллоороо, хороо хороогоор нь нарийвчлалтай гаргах үүрэг ч энэ үеэр мөн хөндөгдсөн. Энэ асуудлаар ҮСХ, ТЕГ,НХХЯ, Нийслэлийн удирдлага  зэрэг холбогдох байгууллагынхан Засгийн газрын тэргүүний өрөөнд  маргааш уулзахаар болов.  МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар  иргэдээ ажилтай болгох гэж зүтгэж байгаа  Засгийн газрын ажлыг сайшаагаад, энэ том ажлыг хэрэгжүүлэхдээ дунд доод шатныхан  ажлыг бүтэлгүй болгодог шүү гэх шүүмжлэлийг ч хэлээд авсан.

Энэ ажилд МҮЭ-ийн холбоо хариуцлага үүрч оръё гэдгээ  илэрхийлж байв. Мөн ажилгүй иргэдийн тоо дэндүү ерөнхий, цалин нь бас тодорхойгүй байгааг шүүмжилж байлаа. Дараагийн хуралдаан энэ сарын 28-нд болох бөгөөд БСШУЯ-ны мэдээллийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн мэдээлэлтэй хамтатган сонсохоор боллоо. Өнөөдрийн хуралдаан дээр яригдсан  шинэ ажлын байрны тухай мэдээллийг Засгийн газрын сайт буюу www.open-government.mn – ээс үзээрэй

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах