ХӨГЖИЛД ХҮРГЭХ ТҮНШЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
“Хөгжилд хүргэх түншлэл” сэдэвт үндэсний форум 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төрийн ордонд болж байна.
Форумд Засгийн газраас бизнесийн орчныг сайжруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажил, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлд хувийн хэвшлийн оролцооны талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар илтгэл тавилаа. Мөн салбар хуралдаанаар дээрх чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж гаргасан санал, зөвлөмжөө нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Үндэсний форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчны өнөөгийн байдал, цаашдын төлөв, ид өрнөж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар байр сууриа илэрхийллээ. Бизнесийн орчныг таатай болгох, төр, хувийн хэвшлийн хооронд байнгын, тогтвортой, нээлттэй яриа хэлэлцэл, ойлголцолыг бий болгох форум хэлэлцүүлэг туйлын чухал. Бид ярилцаж байж л аливаа ойлголтын зөрүүг даван туулж чадна гэдгийг тэрээр тэмдэглэв. Засгийн газрын тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Хөгжилд хүргэх түншлэл” үндэсний форумд хэлсэн үг
“Хөгжилд хүргэх түншлэл” форумд оролцогч төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр амралтын өдөр ч гэсэн бид улс орныхоо хөгжлийн төлөө санаачилга гаргаж, санал бодол, байр сууриа илэрхийлэхээр хуран чуулж байна. Энэ чуулганаар төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн, эрдэмтэн мэргэд хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, улс орны хөгжлийг хангахад бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар нийтлэг ойлголцол бий болгохыг зорьж буй билээ.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж буй нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулалт нээлттэй, олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурладгийн томоохон илрэл юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага Та бүхэн чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүнийг зарим тоо баримтаар нотлон дурдаж болно. Тухайлбал:
- 2011оны 6дугаар сарын 30-ны байдлаар манай улсад 89 мянга гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Үүнээс 50 мянга орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Жил бүр идэвхтэй бизнес эрхлэгчдийн тоо өсөн нэмэгдэх хандлагатай боллоо.
- Сүүлийн 4 жилийн байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний 73.7-74.3 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж ирсэн. Мөн татварын нийт орлогын 30 орчим хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар төсөвт төвлөрүүлсэн.
- Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2011-2016 онд хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 19.3 их наяд буюу улсын нийт хөрөнгө оруулалтын 54 хувийг эзлэх тооцоог холбогдох байгууллагууд гаргасан. Эдгээр нь төр, хувийн хэвшил хамтран аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах гол үүргийг гүйцэтгэж буйг харуулж байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс Дэлхий дахины өрсөлдөх чадварын судалгаагаар 99 дүгээр байрнаас 96 дугаар байрт орж урагшиллаа. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ дэлхийн 169 улс орноос эхний 100-д орж, “Хүний хөгжлийн дунд зэргийн үзүүлэлт”-тэй улс орны эгнээнд орлоо.Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь-2012” тайлангийн үзүүлэлтээр манай улс 89-өөс 86 дугаар байрт орж ахисан байна.
Улс орныхоо боломжийг бүрэн дүүрэн ашиглах үүднээс Улсын Их Хурал, Засгийн газар бүтээн байгуулалтын дунд хугацааны шинэ хөтөлбөрүүдийг батлан гаргаж, хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замуудыг судлан, “Хөгжлийн банк” болон санхүүгийн бусад шинэлэг арга, хэрэгслийг бүрдүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Засгийн газраас их бүтээн байгуулалтыг өрнүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих бодлогыг нэн тэргүүнд тавьж байна.
УИХ болон Засгийн газраас 2010-2011 онд хувийн хэвшлийн хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хамтын ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор “Төрөөс төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого”, Концессийн тухай хууль, “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”, “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байгаа билээ.
Бид эдийн засгийнхаа таатай боломжийг ашиглан улс орондоо их бүтээн байгуулалт өрнүүлэх бодлого, зорилт тавин ажиллаж байна. Энэ бүтээн байгуулалтыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшил хамтран үр дүнтэй ажиллах орчин нөхцлийг бий болгох шаардлагатай гэж төлөвлөсөн.
Засгийн газар бүтээн байгуулалт, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Энэ зорилгоор 2010 оныг “Бизнесийн орчныг шинэтгэх жил”, 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон ажиллаж байгааг Та бүхэн мэднэ. Эдгээр ажлын хүрээнд төрөөс бизнест үзүүлж буй үйлчилгээг хөнгөвчлөх, шаардлагагүй тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөлөх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого, түүний хэрэгжилтэд түлхүү анхаарлаа.
Тухайлбал, бизнес эрхлэхэд төвөг учруулдаг, хүнд суртлын эх сурвалж болдог 101 тусгай зөвшөөрөл, лицензийг цуцалсан. “Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2009 оноос 2012 оныг дуустал 3 жилийн хугацаанд гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн нь зохих үр дүнгээ өгч байна. Зөвхөн энэ онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлсэн. Сум хөгжүүлэх санд 24 тэрбум, нийслэлийн дүүргүүдэд 30 тэрбум төгрөг хуваарилсаны дүнд олон жижиг үйлдвэрлэл, өрхийн амьжиргаа дэвжих боллоо.
Үндэсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрэн бий. Тиймээс импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүний дотоод зах зээлийн борлуулалтад дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг ч Засгийн газраас гаргасан. Улс орны маань эдийн засгийн хөгжил иймэрхүү түвшинд байгаа ч гэсэн цаашид улам эрчимжүүлэх зорилго байна. Тиймээс Засгийн газрын тэргүүний хувьд улс орноо хөгжүүлэх алсын том цогц бодлогоо “Хөгжлийн мод” хэмээн тайлбарлан тодорхойлж байгаа. Бид “Хөгжлийн мод”-оо зөвөөр суулгаж, урган төлжих нөхцөл боломжийг сайтар хангаж чадвал улс орны хөгжил эрчимжиж, ард иргэдийн амьжиргаа дэвжин баталгаажих болно. Энэ “Хөгжлийн мод”-ны үндэс нь санхүүгийн зөв бүртгэл, тооцоо юм. Тиймээс санхүүгийн эрх чөлөөг иргэн аж ахуйн нэгжид олгохын төлөө Засгийн газар анхаарч ажиллах болно.
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, “Шинэ төмөр зам”, Дархан, Сэлэнгийн бүсэд орших төмрийн хүдрийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг их бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн, Та бүхнийхээ оролцоог дэмжин, боломж нөхцлийг бүрдүүлж ажиллана. Тиймээс бизнесийн орчныг таатай болгох, төр, хувийн хэвшлийн хооронд байнгын, тогтвортой, нээлттэй яриа хэлэлцэл, ойлголцолыг бий болгох форум хэлэлцүүлэг туйлын чухал юм. Бид ярилцаж байж л аливаа ойлголтын зөрүүг даван туулж чадна. Иймээс энэ чуулганыг “Хөгжилд хүргэх түншлэл” уриан дор “Бизнесийн орчинг шинэтгэх”, “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх” гэсэн сэдвээр явуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Та бидний яриа хэлэлцүүлэг төр, засгийн бодлого шийдвэр, бизнес эрхлэгчдийн ажил, амьдралд тодорхой үр дүнгээ өгөх учиртай.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хувийн хэвшлийн санал санаачилга, зөвлөмжийг төрийн бодлогод тусгуулах зорилго бүхий “Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо” ажиллаж байна. Энэ хороо нь бизнес эрхлэгчдийнхээ санал зөвлөмжийг авч, уялдаа холбоотой ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. Та бүхнийг цаашид энэ хороотой хамтран ажиллахыг хүсье.
“Хөгжилд хүргэх түншлэл” чуулганд идэвхтэй оролцож, улс орны хөгжилд хэрэгтэй ажил хэрэгч, санал, санаачилгуудыг гаргана гэдэгт итгэлтэй байна.
Чуулганд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.