Хөгжлийн санал санаачилга, туршлага ирүүлэхийг Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд Ерөнхий сайд үүрэг болголоо
Зах зээлийн хөгжил эдийн засгийн орлогоос хамаарна. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хурдцыг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд хандаж хэллээ. Тиймээс эдийн засгийн энэ хөгжилд гадаад харилцааны салбар ямар үүрэг гүйцэтгэж, ямар нөлөө үзүүлж болохыг дор бүрнээ бодож ажиллах хэрэгтэй гэж Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засгийн хөгжлийг хурдасгагч фактор нь гадаад харилцаа, ялангуяа, гадаад оронд улсаа төлөөлөн ажиллаж байгаа Элчин сайд, консолууд та нар юм гэлээ.
Энэ үгээрээ Ерөнхий сайд манай улсын хөгжлийн суурь болсон баялгийн нөөцийг эргэлтэд оруулахад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гол сурталчилгааг Дипломат төлөөлчийн газрууд хийх учиртай гэдгийг хэлсэн юм. Тиймээс ч улс орны хөгжлийн санал санаачилга, сайн туршлага, зөв жишээг тухайн орныхоо өнцгөөс харж ирэх дөрөвдүгээр сарын 15-ны дотор бичиж ирүүлэхийг Ерөнхий сайд С.Батболд гадаад оронд улс орны нүүр царай болж ажилладаг дипломатуудад үүрэг болголоо. Мөн энэ ажлыг цаг тухайд нь шаардаж авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа.
Илүү өндөр бүтээмжтэй, байгаль орчинд ээлтэй, хүнд өгөөжтэй, тогтвортой өсөлтийг хангаж, эцсийн дүндээ монгол хүнээ хөгжүүлэх нь манай Хамтарсан Засгийн газрын хөгжлийн бодлогын эрхэм зорилго. Эдийн засаг нь өрсөлдөх чадвартай байхын тулд хүн нь өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй. Орчин үеийн эдийн засаг бол мэдлэгт суурилсан эдийн засаг. Иймд бид боловсролын системд Кембрижийн стандарт, ард иргэдээ орон сууцжуулахад Сингапурын загвар, уул уурхай, төрийн албаны тогтолцоонд Канадын туршлага, бизнес үйлчилгээнд Европын холбооны стандартыг богино хугацаанд хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Бусад улсын хөгжлийн бодлого, загварын сайн туршлагыг судалж, улс орондоо нэвтрүүлэх, боломжтой зүйлийг шууд нутагшуулах талаар санал дүгнэлт гаргах, түншүүдтэйгээ идэвхтэй ажиллах нь гадаад харилцааны салбарынхан та бүгдийн өнөөгийн үйл ажиллагааны томоохон зорилт байх ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ. 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хариуцлагатай үүргийг манай улс хүлээсэн. Энэ бол манай улсын нэр хүндийг өндөрт өргөсөн арга хэмжээ. Нэг талаар хариуцлага, нөгөө талаар том шалгуур. Засгийн газар бүх талаар нь дэмжинэ. Дипломат төлөөлөгчийн газрууд үүнд ач холбогдол өгч яамтайгаа хамтран сайн зохион байгуулах учиртайг Ерөнхий сайд С.Батболд анхаарууллаа.
Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 100, Монголын тулгар төрийн 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой энэ 2011 онд тохиож байгаа. Мөн Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой ч давхцаж байна. Эдгээр ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсаа гадаад ертөнцөд сурталчлах том боломж хэмээн харах учиртайг Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ онцолж байлаа