Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын төлөвлөгөөг баталж салбар хороодоо байгуулав
Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж иргэдээ ажилтай, айл өрх бүрийг орлоготой болгохыг зорьж байна. Ялангуяа өрх бүрийг үйлдвэрлэгч болгож, ажил олгогч бүр 1-ээс дээш ажлын байр бий болгох, залуучууд, 40-өөс дээш насныхан, цэргийн алба хаагчдыг ажлын байраар хангах зэрэг зорилтот тодорхой хүмүүс рүү чиглэсэн бодлого нь энэ жилийн ажлын нэг зорилт юм. Жилийн ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороонд хэдэн хүн ажилтай болсон, удирдлага, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авсан зэргийг голлон авч үзэж байгууллага, албан тушаалтны ажлыг дүгнэх болно гэдгээ ч Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ. Мөн манайд хэрэгжиж байгаа аливаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн дүнд хэдэн ажлын байр бий болж байгааг ч нарийвчлан үзэх юм. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд мэдээллийг ил тод, ойлгомжтой хэлбэрээр иргэд, аж ахуйн нэгжид хүргэхэд яам, холбогдох байгууллагууд онцгой анхаарахыг Ерөнхий сайд сануулж байна. Энэ нь хамгийн энгийнээр хэлэхэд ажил хайж, зээл авахаар хөөцөлдөж байгаа иргэн хаана, хэнд хандахаа, ажил олгогч сул ажлын байрандаа хүн авах захиалгаа хаана өгөхөө мэддэг болгохыг хэлж байгаа хэрэг юм. Энэ талаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих Үндэсний хорооны анхдугаар хурлын үеэр яригдлаа. Иргэдээ ажилтай, орлоготой болгох нь Засгийн газраас байнга хэрэгжүүлж ирсэн ажил. Гэхдээ байгаа нөөц, боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ нь бодлого, эдийн засаг, нийгэм, бизнесийн байгууллага хоорондын уялдаа муу, ажил нь тэр бүр нээлттэй, ил тод, ойлгомжтой бус, мэдээлэл иргэдэд хүрдэггүй, ялангуяа төрийн бүх шатны байгууллагын хоорондын уялдаа холбоо тун хангалтгүй байгаатай холбоотой гэж Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Уялдаа холбоо, мэдээлэл дутмагаас болж дэвшүүлсэн зорилт үр дүнд хүрдэггүй, Засгийн газар тавьсан зорилтоо салбарын яамандаа хариуцуулаад орхидог. Энэ нь эцэстээ жилийнхээ ажлыг чанартай зохион байгуулдаггүй, “шоудлаа” гэсэн шүүмжлэл дагуулахад хүргэдэг тухай ч энэ үеэр хөндөгдлөө. Ерөнхий сайд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн ажилтай танилцах үед “Говь” компани 300 хүнийг сургаж ажилд авах зар тараасан ч хүн ирээгүй тухай дурдагдсан. Энэ нь нэг талаар мэдээлэл ил тод, ойлгомжтой бус байгаатай холбоотой гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлж байсан юм. Мөн Оюутолгойд ажиллуулахаар тэтгэлэг өгч сургаж байгаа 2300 хүнийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар тусдаа бүртгэсэн нь яам хоорондын уялдаа, ялангуяа зохион байгуулалт муу байгаагийн илрэл. Иймээс ажил олгогч, иргэдийг хэрхэн холбож, бэлэн байгаа 40 мянган ажлын байранд ажилгүй 40 мянган хүнээ яаж оруулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй гэж Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг сануулсан бол яамдууд тусдаа ажиллаад байх биш харилцан уялдаатай байж, нэг нэгнээ нөхөж байх нь зүйтэй. Үүнд илүүтэй анхаарч ажиллахыг Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Х.Ганбаатарт Ерөнхий сайд үүрэг болголоо. Зээл авч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг хэрхэн яаж авах нь ч ойлгомжгүй байгааг засч залруулах шаардлага гарч байна. Өрх, иргэнээ ажилтай, орлоготой болгон улмаар үйлдвэрлэлээ дэмжих нь чухал. Тухайлбал 600 орчим мянган төгрөгийн үнэтэй оёдлын сүлжих машиныг ажиллуулж чадах чадвартай хүнд нь өгчихвөл тухайн айл өдөртөө тодорхой тооны цамц, савхин бээлий оёно. Хамгийн гол нь тухайн өрхийн бүтээгдэхүүнийг авах үйлдвэр, аж ахуйн нэгжтэй холбох нь чухал байгааг Ерөнхий сайд зөвлөв. Гэрээр бээлий оёх, түүнийгээ борлуулах зах зээл байгаа нь ч хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхантай уулзах үед тодорхой харагдаж байсныг тэрээр дурдлаа. Хүмүүсээ ажилтай болгохын тулд ажилгүй хүнийхээ тоог нарийвчлан гарах учиртай. Иймээс аймаг, нийслэл, сум, дүүрэг, багт ямар мэргэжлийн хэдэн хүн ажилгүй байгааг тодорхой болгохоор ажилгүй иргэнийг регистрийн дугаараар нь, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн кодоор нь бүртгэж нэгдсэн мэдээллийн бааз бүрдүүлэхээр төлөвлөжээ. Үндэсний хорооны хуралдааны үеэр жилийн ажлын санхүүжилтийн талаар яригдлаа. Энэ жилийн ажлын хүрээнд Засгийн газраас ажлын байр нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг эрс нэмэгдүүлэх юм. Тухайлбал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Мэргэжлийн боловсролыг дэмжих сан, Япон Улсын 2 үе шатттай зээл, банкуудын чөлөөт үлдэгдэл, бонд зэрэг эх үүсвэрийг сайтар ашиглах, үүнд Монголбанкны оролцоо, хамтын ажиллагаа маш чухал байгааг Ерөнхий сайд онцолж байлаа. Их бүтээн байгуулалт дагасан жижиг, дунд үйлдвэр, өөрөө өөрийгөө авч явдаг жижиг, дунд үйлдвэрлэл гэсэн хоёр чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж Сангийн сайд С.Баярцогт хэллээ. УИХ-ын чуулганаар баталсаны дагуу Засгийн газар 2 их наяд төгрөгийн баталгаа гаргах эрхтэй болсон. Цаашид “Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн баталгааны тухай хууль”-ийг УИХ хэлэлцэнэ. Мөн эргэлтийн хөрөнгийн зээлийн дэмжлэг үзүүлэхдээ зөвхөн Засгийн газар бүх хариуцлагыг үүрэлгүй тухайн аж ахуйн нэгжтэй ч үүрэг, хариуцлагаа хуваалцах ёстой. Иймээс харилцан 50, 50 хувийн хариуцлага хүлээдэг байх нь зүйтэй. Яамд, аймаг, суманд байх хөдөлмөр эрхлэлт болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг олон сангийн мөнгийг юунд зориулж байгаа нь ойлгомжгүй учир цаашид нэгдсэн бодлогоор зарцуулдаг болгох хэрэгтэй гэж тэрээр үзэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 25-30 мянган ажлын байр бий болгох бололцоотой. Энэ жилийн хувьд өмнөө тавьсан цаг үеийн зорилтоо богино хугацаанд хэрэгжүүлэхэд 360 тэрбум төгрөг шаардлагатай учир санхүүжилтийн асуудлыг шуурхайлахыг салбарын сайд Т.Бадамжунай хүсч байлаа. Иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг төрийн мөнгөний бодлоготой уялдуулж хийх нь үр дүнтэй болно гэж Ерөнхий сайд үзэж байна. Монголбанкны хувьд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийг дэмжиж 100 тэрбум төгрөгийн бонд гарган 15 мянган ажлын байр бий болгох боломжтой гэсэн тооцоо хийсэн байна. Гэхдээ бонд гаргах тохиолдолд заавал УИХ-аар хэлэлцүүлэх учир энэ нь цаг хугацааны хувьд боломжгүй бололтой. Иймээс өөр эх үүсвэр хайх шаардлага гарч мэдэх учир Монгол банк, Сангийн яам хамтран санхүүжилт босгох тал дээр санал, санаачлага гаргаж ажиллахыг Ерөнхий сайд зөвлөж байлаа. Хурлаас Үндэсний хорооны Шуурхай удирдлагаар хангах дэд хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Санхүүжилтийн асуудал хариуцсан дэд хорооны даргаар Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр /орлогч даргаар Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг/, Эрх зүйн орчныг сайжруулах асуудал хариуцсан дэд хорооны даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланг томиллоо. Үйлдвэрлэлийн бодлогын уялдааны асуудал хариуцсан дэд хороог Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Сурталчилгааны асуудал хариуцсан дэд хороог Х.Ганбаатар, Иргэд, хөдөлмөрчид, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагатай харилцах асуудал эрхэлсэн дэд хороог МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар ахлах болсон байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг үр өгөөжтэй, уялдаатай, Засгийн газраас хараат бус явуулах, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах үүднээс Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны болон Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатарыг Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар томиллоо. Энэ нь Засгийн газрын дэвшүүлсэн зорилтыг гардаж зохион байгуулах, хяналт тавих үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн анхны тохиолдол юм. Үндэсний хороо сар бүр хуралдан ажлын үр дүнг яам, аймаг, нийслэл бүрээр авч үзэх бол 3 дугаар сард болох хурлаар дэд бүтэц, уул уурхай, зам, тээвэр, эрчим хүчний салбарт хийх ажлын талаар нарийвчлан ярилцах юм. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хаана оршин суудаг, ямар мэргэжилтэй, мэргэжилгүй хэдэн хүнийг ажилтай болгосноор нь бидний ажлыг иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, иргэд оны эцэст дүгнэнэ. Бид сайн ажилласан байгууллага, хүмүүсээ урамшуулж, үр дүнгүй, муу ажилласан төрийн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцно. Төр–үйлдвэрлэгч-иргэн харилцан хамтран ажиллахад төр манлайлах үүрэг гүйцэтгэх ёстой. Иймээс аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороонд ажиллаж байгаа төрийн албан хаагчид энэ жилийн ажлын гол зохион байгуулагч байх учиртайг Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцгойлон анхаарууллаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 2011 ОН:ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ Жилийн ажлын хүрээнд хөдөө орон нутагт шинээр байгуулагдсан боловсруулах үйлдвэр болон мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид бий болгосон ажлын байрны тооноос хамаарч татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, жижиг, дунд үйлдвэрийн татвар, санхүүгийн ачааллыг багасгах, аж ахуйн нэгжийн бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан шийдвэрлүүлнэ. Уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, зам, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөр болон холбогдох тендерийн баримт бичигт үндэсний ажиллах хүчнийг бэлтгэж, ажлын байраар хангахыг тусгайлан заах, хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар мэдээллийн сан байгуулж ажиллах юм. Үндэсний ажиллах хүчнийг бэлтгэх урт хугацааны төлөв хийж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуульд элсэгчдийг ажил олгогчийн захиалга, санхүүжилтээр сургах тогтолцоонд шилжих, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэргэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын дадлагын бааз байгуулах, тэдгээрт татварын хөнгөлөлт үзүүлэхийг судлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. “Монгол мал”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр” болон энэ салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд малчдыг эрсдэлээс хамгаалах, аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Мөн байгаль орчныг нөхөн сэргээх, ногоон ажлын байр бий болгох хөтөлбөр, төслийг нийтийг хамарсан хэлбэрээр зохион байгуулж, ажилгүй, орлого багатай иргэдийг хамруулах юм. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааны шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн түншлэлийн арга, механизмыг боловсронгуй болгож хөгжүүлэх чиглэлээр ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлж ажиллахаар болсон юм.