Хөрөнгийн биржээр зочиллоо
Сингапур Улсын Хөрөнгийн бирж нь Азидаа эхний тавдугаарт ордог аж. Тус биржийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд айлчлалынхаа явцад танилцлаа. Засгийн газрын тэргүүн энд хэлсэн үгэндээ “Монгол Улс эдийн засгийн хурдтай хөгжлийн гараан дээр ирээд байна. Хөгжлийн томоохон төслүүд хэрэгжих шатандаа орлоо. Энэ үед хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь чухал байгаа тул манай хамтарсан Засгийн газар хөрөнгийн биржийн үйл ажиллагаандаа анхаарлаа хандуулж байна” хэмээн тэмдэглэн хэлж байлаа. Азийн санхүүгийн гол төв болсон Сингапурын Хөрөнгийн бирж Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ч биржийн ерөнхийлөгч танилцуулж байв. Монголын Хөрөнгийн бирж Сингапурын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаас хойш гурван жил болох гэж байгаа юм байна. Сингапурын биржид ойролцоогоор 800 гаруй компани бүртгүүлээд байгаа бөгөөд 650 тэрбум сингапур долларын хөрөнгийн зах зээлтэй. Энэ нь олон улсын бирж дээр маш дээгүүр гэсэн үзүүлэлт бөгөөд зах зээлийн хөрөнгө оруулалтын 40 хувийг гадаадын компаниудаас олж авч байгаа ажээ. Биржийн ерөнхийлөгчийн танилцуулснаар сүүлийн үед тус биржид олон улсын томоохон компаниудын хувьцаа хүчтэй орж ирж байгаа. Шинэ компаниудыг хүчтэй татах нь хамгийн том зорилт болж байна гэдгийг тэрээр тэмдэглээд, Сингапурын хөрөнгийн бирж нь Азийн гүүр хэмээн тодорхойлж байв. Сингапурын Хөрөнгийн биржид дэлхийн 3000 орчим худалдаачин ажиллаж буй учир мэргэжлийн гэдэгт ард иргэд нь ихээхэн итгэлтэй байдаг ажээ. Хөрөнгийн бирж зах зээлээ өргөжүүлэх, худалдаагаа нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн төрлийн үнэт цаас болон хоёрдогч бүтээгдэхүүнээ танилцуулчихаад байгаа бөгөөд 2010 оны санхүүгийн жилийн эхний хагас жилд 118 сая долларын цэвэр ашиг олсон байна. Хөдөө аж ахуй, эрчим хүч, хүнд үйлдвэрийн чиглэлийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ их өсч байгаа учир сүүлийн үед энэ чиглэлийн хувьцаа өсөх магадлалтай байгааг тайлбарлаж байна.