Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Х.Клинтон : Ерөнхий сайд С.Батболдын удирдлаган дор Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжжээ

Нийтэлсэн: - 2012/07/10 10:25 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Х.Клинтоныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 7 дугаар сарын 9-нд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд хатагтай Х.Клинтоныг Монгол Улсад тавтай морилохыг урьж, энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй эмэгтэйчүүдийн манлайлалын асуудлаарх олон улсын форум, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн тусгай хуралдаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга оролцож байгаад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн асуудлаарх Үндэсний зөвлөлийн даргын хувьд баяртай байгаагаа илэрхийлэв.

 

Монгол Улсад ардчиллын үнэт зүйлс, институцийг бэхжүүлэхэд АНУ анхнаас нь тууштай дэмжиж ирсэнд  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг  Монгол Улс даргалах хугацаандаа ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, иргэний нийгмийг бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэлээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд уулзалтын үеэр  илэрхийлж, гуравдагч хөршийн харилцааг улам гүнзгийрүүлж, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэх бүхий л бололцоо байгааг тэмдэглэж байв.  

Монгол Улсад дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалт оруулах хүсэл сонирхлоо АНУ-ын шилдэг компаниуд, тэр дундаа Пийбоди Энэржи компани илэрхийлж байгааг сайшаан дэмжиж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ. Хоёр орны иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, боловсон хүчин бэлтгэх зорилгоор АНУ-д суралцагсдын тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд С.Батболд  тэмдэглэв. Мянганы сорилтын сангийн шугамаар Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүд амжилттай болж, дуусах шатандаа орж байгааг  дурдаж, цаашид ч тус хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь үр өгөөжтэй болохыг уулзалтын үеэр хөндлөө.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд АНУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд нарыг уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахыг ноён С.Батболд санал болгов. Ерөнхий сайд С.Батболдын удирдлага дор Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжихийн зэрэгцээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирснийг Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон бахдан тэмдэглэж, 1995  онд тэргүүн хатагтай хувьд хийсэн айлчлалаас хойшхи хугацаанд ардчиллын үнэт зүйлсийг дэлгэрүүлэх талаар Монгол Улс бүс нутагтаа үлгэр дууриал болж буйг дурдав.

АНУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд цаашид ч хоёр талын харилцааг өргөжүүлэх эрмэлзлээ илэрхийлж, ялангуяа боловсролын салбар болоод иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг илүүтэй хөгжих бололцоотойг эрхэм зочин тэмдэглэлээ. Мөн  тэрээр Фүүлбрайтын тэтгэлгийг өргөжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, Мянганы Сорилтын Сангийн төслүүдийг үргэлжлүүлэх асуудлыг судалж үзэхээ хатагтай Х.Клинтон мэдэгдэв. “Орчинд хоргүй зуух” олон улсын санаачилгад дэлхийн олон улс орон, тэр дундаа Монгол Улсын урд хөрш нэгдэж орсныг онцолж, тус хөдөлгөөнд Монгол нэгдэж орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байв.

Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгч асан Билл Клинтонд хувийн мэндчилгээг уламжлахыг хүсч, Монгол Улсад таатай үедээ айлчилна гэдэгт найдаж байгаагаа хатагтай Х.Клинтонд илэрхийлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон түлхэц өгсөн эрхэм зочны айлчлалд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах