Цалин, тэтгэвэр тэтгэмж 2-3 дахин нэмэгдлээ
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар өөрийн биеэр мэдээлэл өглөө. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энд гурван чухал асуудлыг онцлов. Юуны өмнө Засгийн газар цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2-3 дахин нэмж, дэвшүүүлсэн зорилтоо шийдэж чадлаа гэдгийг мэдээллийн эхэнд тэмдэглэлээ.
Засгийн газраас төсвийн тодотголоо УИХ-д оруулж шийдвэрлүүлснээр төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд буюу 2 дугаар сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, дараагийн ээлжинд буюу 5 дугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэхээр Засгийн газар шийдвэр гаргасныг дурьдлаа. Ингэснээр дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байсан бол, 2011 онд 410 мянган төгрөг, 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс ийнхүү 630 мянган төгрөг болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэвэрийг нэмэх зорилт тавин ажиллаж, үүний үр дүнд 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмэгдэж байна.
Харин тэтгэврийн хувьд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэрийн хэмжээг 35 мянган төгрөгөөр нэмснийг Засгийн газрын тэргүүн мэдээлж байна. Ингэснээр нийт 318.2 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр 27.8 хувиар нэмэгдэж 162 мянган төгрөг болж байгаа ажээ. Ирэх тавдугаар сарын 1-нээс мөн нэмэгдэх бөгөөд энэ онд тэтгэвэр авагчдын тэтгэвэр 53.8 хувиар буюу 2008 оныхоос хоёр дахин нэмэгдэж байна. Түүнчлэн Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа бүрэн тэтгвэрийн доод хэмжээг 140 мянга 300 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105 мянга 200 төгрөг болгон шинэчилснийг Ерөнхий сайд энд дурьдлаа.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 30 хувь буюу 70 мянган төгрөгөөр, ирэх тавдугаар сарын 1-нээс 48 хувиар нэмж 103 мянга 600 төгрөг болж байна. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2.5 дахин нэмэгдэж байгаа юм. Мөн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 40 мянга, тавдугаар сарын 1-нээс 48 мянган төгрөгөөр нэмэх юм байна. Үнэ ханш, инфляцыг хөөрөгдөхгүйгээр энэ ажлыг хэрэгжүүлж ажиллахыг Сангийн яаманд өгөөд байгаагаа ч Засгийн газрын тэргүүн дурьдлаа.
Ерөнхий сайдын онцолсон дараагийн сэдэв нь “ 100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тухай байлаа.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тус хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон хорооллын хоёр дахь ээлжийн жагсаалтыг баталсныг энд онцоллоо. Өөрөөр хэлбэл өмнөх жагсаалтад 79 мянган орон сууцны барилга байсныг 44700-гаар нэмж 124 мянга болгосон аж. Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа эдгээр орон сууцнаас сонголт хийх боломжийг Засгийн газар ийнхүү олгож байгаа юм. Нэмж орж байгаа 44700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 метр квадрат хүртэл талбайтай орон сууц байх ажээ. Засгийн газраас 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан нь ч энэ хөтөлбөртэй салшгүй холбоотой гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн энд онцлоод, зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлогууд гарч байгааг ч тэмдэглэсэн юм. Тухайлбал ийм чиглэлийн 130 мянган өрх анхааралд байгааг онцоллоо.
‘Мөн дараагийн сэдэв нь Хөгжлийн банк үнэт цаас гаргасан тухай мэдээлэл байв. 10 сарын өмнө үүдээ нээж байсан тус банк өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээлд 5 жилийн хугацаатай 580 сая ам.долларын үнэт цаас гаргаж, Монгол улс жишиг хүүгийнхээ түвшинг амжилттай тогтоосон явдал юм. Хөгжлийн банкны энэхүү үнэт цаас нь 5.75 хувийн хүүтэй байх ажээ. 300 гаруй хөрөнгө оруулагчдаас 6.25 тэрбум ам.долларын захиалга авч, энэ нь гаргах хэмжээнээс 12 дахин их байсан төдийгүй олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн мэдээллийн агентлагууд Хөгжлийн банкны үнэт цаасны энэхүү арилжааг сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн амжилттай арилжаа хэмээн онцолсныг мэдээлийн үеэрээ Ерөнхий сайд С.Батболд дурьдаж байлаа.
Манай улстай ойролцоо ижил зэрэглэлтэй Шриланк улсын Засгийн газар 2007 онд 8.25 хувийн хүүтэй, Вьетнам улсын Засгийн газар 6.75 хувийн хүүтэй, Филиппин улсын Засгийн газар 8.75 хувийн хүүтэйгээр зах зээлд анх удаа үнэт цаасыг гаргаж байсантай харьцуулахад Монгол улсын Хөгжлийн банкнаас гаргасан энэхүү үнэт цаас нь гадаадын хөрөнгө оруулагчдаас хүлээлгэж буй итгэл хэмээн харж болох юм. Ийнхүү үнэт цаас гаргаснаар томоохон бүтээн байгуулалтууд болох шинэ төмөр зам, авто зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөртэй холбоотой төслүүдийн санхүүжилт хийх бололцоотой болж байгаа ажээ. Чухам ямар төслүүдийг, яаж санхүүжүүлэх талаар ирэх долоо хоногт Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж, иргэддээ нээлттэй мэдээлэх болно гэдгээ Ерөнхий сайд дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.