Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

ЦАХИЛГААНЫ ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХЭЭР ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Нийтэлсэн: - 2011/11/02 23:40 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болов. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үнэ тарифын хөнгөлөлт, урамшуулал олгох болон Өмнийн говийн бүтээн байгуулалтын дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь онцлох сэдэв байлаа. 

“Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Урамшууллын зөрүүг улсын төсөвт тусган эрчим хүчний байгууллагад олгож байхыг Сангийн сайдад, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, агаарын бохирдлыг бууруулах ажлын явц, үр дүнгийн талаар жил бүрийн 6 дугаар сард Засгийн газарт танилцуулж байхыг асуудал эрхэлсэн сайд нар болон Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. Журам батлагдсанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, утаагүй зуух, гэрийн дулаалга хэрэглэн, түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх болж байна.

Өөрөөр хэлбэл агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдан хуульд заасны дагуу цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдон цахилгаан халаагуур хэрэглэж байгаа өрхийн цахилгааны /зөвхөн ахуйн хэрэглээний зориулалтаар хэрэглэсэн/ үнийг хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, цахилгааны шөнийн тариф мөрдөгдөх хугацаатай уялдуулан 50 хувиар бууруулж урамшуулахаар болов. Мөн эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгаж нийт 15 цаг болголоо. Ингэснээр өмнө нь үйлчилж байсан хугацаа даруй 6 цагаар уртасч, үнийн тариф 2 дахин хямдарч байгаа юм.

Болзол, шалгуур хангасан хэрэглэгч нь урамшуулалд хамрагдах хүсэлтээ эрчим хүчээр хангагч байгууллагад гаргаж харилцан гэрээ байгуулна. Тухайн хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд эрчим хүчнийхээ төлбөрийг сар бүр тогтоосон хугацаанд төлж, төлбөрийн ямар нэгэн өргүй байхаар журамд тусгажээ.

Урамшуулалд хамрагдах хэрэглэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг :

  • Дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий хэрэглэгчийн барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг холбогдох норм, нормативын хүрээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам
  • Цахилгаан дамжуулах сүлжээнд холбогдсон цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаагуур, газрын гүний дулаан, нар, салхи, сэргээгдэх бусад эрчим хүч ашигладаг, шахмал, хагас коксон түлш хэрэглэдэг айл өрхийнхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам  
  • Дулаалгатай гэр, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр, түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харъяа холбогдох төрийн  байгууллага тус тус тогтоох юм.

Тавьсан нөхцөл, шалгуур хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа 90 мянга 700 гаруй өрхийг цахилгааны 50 хувийн урамшуулалд хамруулахад энэ онд 2,5 тэрбум, ирэх онд 5,9 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛБАЛ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаас баталлаа. Урамшуулалд шаардагдах хөрөнгийг Цэвэр агаар сангаас гаргах, хийж байгаа ажлын явц, үр дүнг жил бүрийн 6 дугаар сард багтаан танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгав.

Шалгуур үзүүлэлт хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлд“Ногоон бүтээгдэхүүн”, “Ногоон үйлчилгээ” гэрчилгээ өгч, цаашид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ энэ гэрчилгээг 2  жил хэрэглэх эрх олгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Мөн гэрчилгээ авсан тухайн этгээд хүсэлт гаргавал дотоод, гадаадаас хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэхээр журамд тусгажээ.  

Агаарын бохирдлыг бууруулах, барилга, байгууламжийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж гаднаас оруулж ирэх, мөн үйлдвэрлэж зах зээлд тогтвортой нийлүүлбэл урамшуулал хүртэх боломжтой боллоо. Үүнд нар, салхи, газрын гүний дулаан, бүх төрлийн хий, шингэн түлш, дулаалгын материал, цахилгаан халаагуур, дэвшилтэт техник, технологи бүхий бүтээгдэхүүн багтаж байна. Тухайлбал хийн түлшээр ажилладаг тээврийн тээврийн хэрэгсэл, хийн зуух зэргийг нэрлэж болох юм.   

Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх дээр дурдсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж ашигладаг, тэдгээр нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцэж байгаа нь судалгаагаар тогтоогдвол урамшуулал хүртэх эрхтэй. Үйлдвэрлэл, үйлчилгээ нь үндэсний болон олон улсын эрчим хүчний хэмнэлтийн ангиллын эхний 2 дугаар зэрэглэлд багтсан, агаар бохирдуулагч эх үүсвэрээс гарах бохирдуулагч бодисын хэмжээ стандартын шаардлага бүрэн хангасан, эсвэл 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан нь баталгаажсан зэргийг нь ч харгалзан үзэх юм байна.

Үүний зэрэгцээ эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах төсөл, сэргээгдэх эрчим хүч, бүх төрлийн хийн түлш, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд Цэвэр агаар сангаас дэмжлэг үзүүлж урамшуулахаар журамд заажээ. Шалгуур үзүүлэлт хангасан тухай материалыг жил бүрийн 4, 10 дугаар сард тухайн сардаа багтаан хороо, дүүрэг, Нийслэлийн Агаарын чанарын албаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүлээн авна. 

Урамшуулал олгохдоо:

  • Дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий хэрэглэгчдийн барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан эсэхэд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам
  • Хийн болон шингэн түлш, тэдгээрийн тоног төхөөрөмж, газрын гүний дулаан, нар, салхи, сэргээгдэх бусад эрчим хүч, тэдгээрийн тоног төхөөрөмжид тавигдах нөхцөл, шалгуурлыг хангасан эсэхэд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны саналыг үндэслэх юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

ӨМНИЙН ГОВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ

Засгийн газрын хуралдаанаар Өмнийн говийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж байгаа асуудлийг шийдвэрлэх талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Энэ хүрээнд өмнийн говийн өнөө болон ирээдүйн бүтээн байгуулалтын эрчим хүчний хэрэглээг хангах, хатуу хучилттай авто замын хүчин чадлыг нэмэгдүүлж 4 зорчих хэсэгтэй болгох, уул уурхай, дэд бүтцийн хөгжилд шаардлагатай усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомт, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумын ерөнхий төлөвлөгөөг батлах зэрэг арга хэмжээ авахаар боллоо.

Тавантолгойн орд газрыг түшиглэн барих цахилгаан станцын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг энэ онд дуусгаж, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр барих ажлыг ирэх оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанид даалгасан байна. Мөн Оюутолгойн үйлдвэрлэлийн хэрэгцээг эрчим хүчээр хангахын тулд цахилгаан станц барихыг “Оюутолгой” компанид хариуцууллаа. Гэхдээ энэ нь төслийн өртөгт нөлөөлөхгүй байх, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх, цахилгаан станц нь Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг ашиглана гэсэн нөхцөлийг зааж өгсөн байна.

Тогтоолд хөрсний эвдрэл, тоосжилтоос хамгаалах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээг мөн тусгажээ. Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайтын боомт чиглэлд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай 245 км хатуу хучилттай замын хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон байна. Энэ дагуу замыг 4 зорчих хэсэгтэй болгох, шинээр өргөтгөсөн 2 зорчих хэсэгтэй замыг тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зам барих ажилд  бусад хөрөнгө оруулагчийг оролцуулахыг “Эрдэнэс Тавантолгой” компанид  хариуцууллаа.

Мөн өмнийн говийн бүс нутгаас Хангимандал, Замын-Үүд боомт руу авто зам тавих асуудлыг судлан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгожээ. Уул уурхай, дэд бүтцийн хөгжилд ус ихээхэн шаардлагатай учир эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх, цаашид усны өсөн нэмэгдэх хэрэгцээг найдвартай хангах талаар ч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Тавантолгойн нүүрсний уурхай, Сайншанд орчимд газрын доорх усны хуримтлал бүхий талбайд гидрогеологийн нарийвчилсан хайгуул хийж, усны ашиглах боломжит нөөцийг тогтоохыг салбарын сайд, харъяа агентлаг болон аймгийн Засаг дарга нарт даалгав.

Мөн Орхон, Сэлэнгэ голд урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах боломжийг судлан, зураг төсөл боловсруулах ажлыг энэ оноос, барилгын ажлыг 2013 оноос эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дахь Балгасын улаан нуурын хотгорын газрын доорх усны ордоос тодорхой хэмжээний усны нөөцийг “Эрдэнэс Тавантолгой” компанид ашиглуулахаар болов. Өмнийн говийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, бүс нутгийн хөгжлийг хангах нь хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал байлаа.

Энэ дагуу “Өмнийн говийн хүн амын нутагшил, суурьшил, хот байгуулалтын хөгжлийн стратеги”, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын ерөнхий төлөвлөгөөг энэ онд, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумынхыг ирэх оны эхний хагас жилд багтаан батлуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад хүнд даалгалаа. Энэ онд багтаан Гашуунсухайт боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлын зардалыг гаргаж, боомтын авто замын орц, гарцыг 10 урсгалтай болгон өргөтгөхийг “Эрдэнэс МГЛ” компани хариуцахаар болсон байна.

Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын өргөтгөл, шинэтгэлийг Концессын хуулийн дагуу ирэх оны эхний улиралд багтаан эхлүүлж, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөг мөн хугацаанд боловсруулж батлуулна. Дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, зээл, тусламж болон концессын гэрээ байгуулах зэрэг боломжтой нөхцлөөр шийдвэрлэхээр болсон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Төсөл нь дээд боловсролын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах, Засаглал, менежмент, санхүүжилтийг сайжруулах, Тэгш байдал ба хүртээмжийг сайжруулах гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй.

Төслийн хүрээнд энэ салбарын шинэчлэлийн бодлогын зөвлөмж боловсруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын орчин, тоног төхөөрөмжийг сайжруулах, багш, сурган хүмүүжүүлэгчдэд үндэсний үнэлгээний стандарт тогтоох, хөдөө орон нутагт их, дээд сургуулиудын чадавхийг дээшлүүлэх зэрэг ажил хийнэ.  

2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжүүлэх энэ  төсөлд  Азийн хөгжлийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, манай Засгийн газар 2.22 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг өрсөлдөх чадварын судалгаанд манай улс энэ онд 139 орноос 99 дүгээр байранд орж өмнөх жилүүдийг бодвол харьцангуй дээшилсэн. Гэхдээ дотоодын сургалт, судалгааны төвийн боломж, бололцоогоороо сүүл мушгиж, дээд боловсролын системийн чанараар 136, дээд боловсролын удирдлагын чанарын байдлаар 135 дугаар байранд орсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар, Украйн Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээр байгуулснаар талууд соёл, урлагийн бүх салбарт хамтын ажиллагааг дэмжих эрх зүйн орчин бүрдсэн. Мөн соёл, урлагийн салбарт нэн шаардлагатай мэргэжлээр боловсон хүчинг Украйн Улсад бэлтгэх, давтан сургалтад хамруулах, туршлага судлах, олон улсын чанартай уралдаан, тэмцээнд уран бүтээлчдээ оролцуулах боломжтой болж байна. Хэлэлцээрийн дагуу талууд өөрийн нэгдэн орсон дотоод, олон улсын хууль тогтоомжийн хүрээнд соёлын үнэт өвд тооцогдох эд өлгийн зүйлсийг хууль бусаар хилээр оруулах, гаргахын эсрэг хамтран ажиллах бөгөөд энэ чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж, мэдээлэл солилцох юм.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах