Шилдэг татвар төлөгчдийг бодлогоор дэмжинэ
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд улсдаа хамгийн их төсөв бүрдүүлсэн 100 аж ахуйн нэгжийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Улсынхаа сан хөмрөгийг арвижуулахад ихээхэн хувь нэмрээ оруулж ирсэн бизнес эрхлэгчдээ Засгийн газрын тэргүүн Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаа нь анхны тохиолдол юм. Энэ жилийн хувьд хамгийн их татвар төлсөн 100 аж ахуйн нэгжийг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “ Тавантолгой”, “ Монголын алт МАК”, “ АПУ”, “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Мобиком”, “Скайтел”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “ Дулааны 3 дугаар цахилгаан станц”, “ Талх чихэр ХК”, “ МИАТ “ ,” Худалдаа хөгжлийн банк” зэрэг байгууллагууд өнгөлжээ.
Ёслолын ажиллагааг нээж Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ “ Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Та бид их түүхийн тэгш ойнуудын төгсгөл дээр, их хөгжил бүтээн байгуулалтын эхэн дээр уулзаж байна. Бид ойнуудаа тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ ирэх жилүүдийн зорилго, зорилтоо илүү их ярилаа. Ирэх жилүүдийг бүтээн байгуулалтын жил гэж тайлбарлан тодорхойлж байна. Энэ бол маш том дэвшил юм. Энэ жил бас их өөдрөг сайхан жил байлаа. Улаан буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн хангасан, эрдэнэт сүргийн тоо толгой нэмэгдсэн, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” –ийн хүрээнд та бүхний санааачилгаар 72000 гаруй ажлын байр шинээр нэмэгдлээ.
Оюутолгой, Тавантолгойн бүтээн босголт үргэлжилсэн, уул уурхай болоод бусад салбарын олон шинэ үйлдвэр ашиглалтад орлоо. Шинэ төмөр зам барих бэлтгэл хангагдаж, дэд бүтэц болон эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт ч ихээхэн нэмэгдлээ. “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд “ 100 мянган айлын орон сууц” хөтөлбөр эхэлж, эх орныхоо баялгийг эргэлтэд оруулснаар эдийн засгийн өсөлт нэмэгдэн оны эцэс гэхэд 20 орчим хувьд хүрэхээр байна. Үүнд та бүхний идэвх санаачилга, хичээл зүтгэл их бийг Засгийн газрын тэргүүний хувьд тэмдэглэн хэлье.
Манай Засгийн газрын үед концессын гэрээгээр хувийн аж ахуйн нэгжүүдээр томоохон ажлуудыг гүйцэтгүүлдэг боллоо. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэг шатаар ахисан гэж бодож байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шийдвэр бодитойгоор хэрэгжиж Тавантолгойн хувьцаанаас иргэн бүртээ 536 ширхэг хувьцаа олгохоор шийдвэрлэсэн. Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг ч гэсэн тусгахыг хичээж байна. Тавантолгой болоод бусад томоохон бүтээн босголтод үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ оролцоог хангахад ихээхэн анхаарч байна. Цаашид ч энэ бодлого төр засгийн анхаарлын төвд байх ёстой . Манай улсын эдийн засаг тэлж, өргөжих бүх боломж нээгдлээ. Ийм таатай боломжийг бид бүгдээрээ ашиглаж, улс орноороо хожиж гарах ёстой гэж бодож байна.
Гэхдээ өнөөдөр энэ шилдэг аж ахуйн нэгжүүдийн дотор барилгын компаниуд, банкуудын төлөөлөл бараг харагдсангүй. Үүнд ямар учир байна вэ. Татвараа төлөхгүй нуугаад байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу. Энэ асуудлыг бид хариуцлагатайгаар авч үзнэ. Томоохон аж ахуйн нэгжүүд татвараа ил тод, нээлттэй төлдөг байхыг энэ дашрамд уриалж байна. Ийм үүрэг даалгаврыг ч би холбогдох газруудад өгч байгаа. Ирэх жил барилгын, уул уурхайн, банк санхүүгийн салбараас улсынхаа сан хөмрөгийг арвижуулагч нар гараасай гэж ерөөж байна. Үр өгөөжтэй он жилүүд байгаасай гэж хүсээд, Засгийн газраас цаашдаа нийгмийн хариуцлагыг сайн хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдээ дэмжиж урамшуулах болно ” хэмээн тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.