Шинэ үеийн төлөөлөгчид уламжлалт харилцаагаа сэргээхийг хүслээ
Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд манай улсад айлчилж байгаа Румын улсын Парламентын гишүүн, Румын- Монголын парламентын бүлгийн дарга, Румыний социал демократ намын дарга Виктор- Виорел Понта тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Эрхэм төлөөлөгчдийг олон жилийн дараа Монгол улсад айлчилж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд, манай хоёр орон олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн. Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэсэн гэдгийг дурьдаад , Румын улс нь Европын холбооны идэвхтэй гишүүн орны хувьд Европын стандартыг нутагшуулахаар зорьж буй Монгол улсыг дэмжиж ажиллана гэдэгт итгэж буйгаа уулзалтын үеэр онцоллоо.
Харин Румынаас ирсэн эрхэм зочдын хувьд найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд,энэ уулзалт нь хоёр орны харилцааг шинэ зуунд сэргээн хөгжүүлэхэд анхны алхам болж буйг тэмдэглэж байв. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа холдож, элчин сайдын яам байтугай консулын газаргүй , хөрөнгө оруулалт худалдааны хамтын ажиллагаа бараг тасарсан нь харамсалтай байна гээд, энэ харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн сэргээе гэдгээ илэрхийллээ.
Мөн тэд шинэ үеийн төлөөлөгчид гэдгээ онцолж, консулын газраа нээх, эдийн засгийн хувьд хэрхэн хамтрах боломж байгааг судлах, тус улс нь нүүрсний салбарт тулгуурласан эрчим хүчний салбарт туршлагатай тул энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойг ч онцолж байлаа. Европарламентын гишүүн орны хувьд нэг найз чинь нэмэгдэж, сэргэж байна шүү гэдгийг тэмдэглэж, мөн СоцИнтерний гишүүн намуудын хувьд ч хамтран ажиллах бүрэн боломж энэ айлчлалаар нээгдэж байна гэдгийг эртний харилцаат улсын эрхэм зочид дуулгалаа. Бас тэд МАН-ыг ирэх сонгуульд амжилттай оролцохыг ерөөж, уулзалтад оролцсон АН-ын гишүүд энэ үгэнд гомдохгүй байх аа хэмээн хошигнож байв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд Румыний төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, манай хоёр орны хувьд харилцаагаа хөгжүүлэх хөрс суурь бий. Дипломат төлөөлөгчийн газар нээх тухай саналыг дэмжиж байна , энэ талаар судалгаа хийхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоно гэлээ . Мөн тэдний Монгол улсад хийж буй айлчлал хоёр орны харилцаанд чухал хөрс тавьсан гэдгийг онцлоод энэ хөрсийг сайн ургуулахад хоёр тал идэвхтэй ажиллах ёстойн чухлыг тэмдэглэлээ. Шинэ удирдагчид шинэ сэтгэлгээ төрүүлж буйг ч онцоллоо