Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг даалгавар өглөө
Бодит мэдээлэлтэй, үр дүнтэй ажил хэрэгч томилолт байлаа
Ингэж Монгол улсын ерөнхий сайд С.Батболд баруун болоод төвийн бүс нутгаар хийсэн томилолтоо дүгнэж хэллээ. Тэрбээр томилолтоо өндөрлөж, өнгөрсөн бямба гаригт Өвөрхангай аймгийн Хархорин суманд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Монгол улсын баруун болоод төвийн бүсийн есөн аймаг, нийтдээ 60 гаруй сумын нутгаар 5600 орчим км урт замыг хорь гаруй хоногийн хугацаанд туулжээ. Ард иргэдийнхээ аж амьдралыг тэдний дунд орж сонссон, малчидтай газар дээр нь очиж яриа өрнүүлсэн, төр засгаас гаргаж байгаа бодлогын талаарх мэдээллийг хүргэж, бас тэдний тухай бодит мэдээллийг газар дээрээс нь авсан ажил хэрэгч айлчлал байсан байна.
Таамгаар биш ажил болгох ёстой олон ажлыг энэ хугацаанд тэмдэглэн авч, Засгийн газрын хуралдаанаар эдгээр аймгаар явсан ажлаар томоохон төлөвлөгөө гаргаж ажиллах болно гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байв. Зуд турханы дараа хангай бүсийн эдгээр аймагт зуншлага сайхан байгаа аж. Энэ хэрээрээ ч малчдын сэтгэл санаа тэнийжээ. Гэхдээ наадмын дараа намар гэдэг болохоор өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, түүнчлэн малчид өөрсдөө ихэд анхаарч байгаа нь сайшаалтай хэрэг хэмээн Ерөнхий сайд хэлж байлаа.
Гурилын үнэ нэмэгдэх бодит шалтгаан байхгүй
Ерөнхий сайдыг хөдөө орон нутагт ажиллах үеэр иргэд энэ асуудалд нэлээн санаа зовж, шалтгааныг нь гүйцэтгэх засаглалын тэргүүнээс сонсохыг хүсч байсан байна. Үнэхээр 20-30 хувь хүртэл нэмэгдэнэ гэдэг хөдөөнийхөн байтугай хотынхонд ч хүндхэн тусч байгаа билээ. ОХУ-д хэт халалт болж,90 гаруй сая тонн үр тариа хурааж авдаг байсан тэд энэ жил 70 орчим сая тонн үр тариа хураан авах тооцоог гаргаад байгаа юм байна. Үүнээс үндэслэн ОХУ-ын Засгийн газраас үр тариаг экспортлохгүй гэсэн шийдвэрийг манай бизнесмэнүүд, худалдаачид тусган авч үнэ ханшаа өсгөсөн байж болзошгүй хэмээн ерөнхий сайд тэмдэглэж байсан.
Уг нь бол манай улсад гурилын үнэ өсөх үндэслэл байхгүй аж. Атрын гуравдугаар аяны хүрээнд манай улс өнгөрсөн онд нийт гурилын хэрэгцээнийхээ 97 хувийг, төмс хүнсний ногооны хэрэгцээний 5О хувийг дотооддоо хангах ийм боломжийн ургацыг хураан авсан байна. Энэ жилийн хувьд мөн их хэмжээний ургац авах төлөв ч гараад байгаа аж. Өөрөөр хэлбэл үр тариагаар бүрэн хэрэгцээгээ 100 хувь хангах,төмс хүнсний ногоогоо 60 хувь хангах тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргаад байгаа юм байна.
Дээрээс нь эхний долдугаар сарын байдлаар зах зээл дээр гаргаж байгаа гурилын нийлүүлэлт өнгөрсөн оныхоос 22 мянган тн-оор нэмэгдсэн ажээ. Энэ агуулгаар харвал гурилын үнэ нэмэгдэх үндэслэл бодитоор харагдахгүй байна гэж Ерөнхий сайд онцолж байлаа. Тийм ч учраас энэ гурилын үнэ нэмэгдсэн шалтгааныг судалж үзэх үүрэг даалгаврыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өгөөд байгаа юм байна. Үнийг үнэхээр ченжүүд хөөргөв үү, үйлдвэрүүд хөөргөв үү гэдэг бодит үндэслэлийг тодруулаад ард иргэддээ тайлагнах болно хэмээн Засгийн газрын тэргүүн хэллээ.
Ажилтай байж ядуурлаас гарна
Үнэхээр ийм л гарц байгааг Ерөнхий сайд орон нутагт ажиллах энэ үеэрээ тэмдэглэн хэлж явсан байна. Засгийн газраас ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Хамгийн бодитой тодорхой зүйл нь бүтээн байгуулалтын томоохон ажлууд болох Оюутолгой, Таван толгой, Төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд,аж үйлдвэрийн цогцолбор, орон сууцны хөтөлбөрүүдийг барьж байгуулахад олон арван мянган ажлын байр шаардлагатай болно.
Үүнд бэлтгэх ажлыг Засгийн газраас онцгойлон анхаарах болно гэдгийг тэрбээр онцолж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд зах зээлд хэрэгцээтэй байгаа мэргэжил, тухайлбал техникийн талын мэргэжлээр иргэдийг суралцуулах, ялангуяа орон нутгаас тодорхой квотоор сургалтад хамруулах үүрэг даалгаврыг холбогдох яамд буюу БСШУЯ, НХХЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ-уудад өгөөд байгаа ажээ. Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах зуур дээд мэргэжилтэй малчид, тодорхой ажил эрхлээгүй дээд боловсролтонгууд багагүй тааралджээ. Тэднийг хамгийн түрүүнд эдгээр сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах үүргийг орон нутгийн удирдлага хүлээсэн байна. Энэ даалгавраа ойрын үед шалгана гэдгээ ч бас хэлээд авсан.
Жижиг дунд үйлдвэрлэлийг орон нутагт хамгийн ихээр дэмжинэ.
Энэ асуудалд төрөөс улам илүү нарийвчлалтай, зохицуулалт хийх шаардлагатай байгаа нь томилолтын явцад Ерөнхий сайдад анзаарагдсан байна. Төдийлөн оновчтой төлөвлөлт, хувиарлалт хийгдэж чадаагүйд анхаарлаа хандуулах ёстойг тэмдэглэж байна. Жижиг дунд үйлдвэрийн агентлагаас нарийвчилсан судалгаа сүлжээ гаргаж,төлөвлөлт хийн үүнийгээ орон нутагтайгаа уялдуулан үр дүнтэй болгох бодлого дутаж байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд онцолж байлаа. Нөгөө талаас жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр олгож байгаа зээлийн асуудалд бас хүндрэл учирч байгааг иргэд ярьж байсан байна.
Энэ чиглэлээр олгож байгаа хөрөнгө оруулалт жил ирэх тусам уг нь нэмэгдэж байгаа аж. Сүүлийн хоёр жил гэхэд 100 орчим тэрбум төгрөг жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтэнд зарцуулагдсан байна. Цаашид ч нэмэхээр төлөвлөж байгаа ажээ. ХБНГУ-ын Засгийн газраас 50 сая ам.долларын зээлийн асуудал ярьж байгаа бөгөөд удахгүй шийдэгдэнэ гэдгийг дуулгалаа. Түүгээр ч зогсохгүй банк бус санхүүгийн байгууллага, мөн арилжааны банкуудтай хамтарч жижиг, дунд үйлдвэрийн зээлийг хүртээмжтэй , хугацааг нь урт болгох,хүүг нь боломжтой болгох чиглэлээр Засгийн газраас анхаарал тавих ёстой нь анзаарагдлаа хэмээн Ерөнхий сайд хэлж байв.
Ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах нь орон нутгийн удирдлагуудын ажлын нэг үзүүлэлт байх болно гэдгийг ч тэмдэглэлээ. Ядуу өрхийн тоог тодорхой болгох, ажилгүй иргэдийн тоо ямар үндэслэлээр буурахгүй байна гэдэг нарийвчилсан бүртгэл мэдээллийн сан гаргах үүрэг даалгаврыг ч орон нутгийн удирдлагуудад өгчээ. Ийм бодит мэдээлэлд тулгуурлан, ажлаа төлөвлөх нь Засгийн газарт илүү хялбар байх болно гэдгийг дурдлаа.
Мах сүүг эдийн засгийн эргэлтэд оруулна
Ингэх нь хамгийн чухал болохыг Ерөнхий сайд тэмдэглэж байна. Өнгөрсөн зудын гамшиг ч үүнийг бэлээхэн нотлоод өгсөн билээ. Өнгөрсөн онд манай улс 44 сая мал тоолуулсан хэдий ч бараг 10 сая тоо толгой мал хорогдсон байна. 10 мянга орчим айл өрх огт малгүй болжээ. Гурван тэрбум төгрөгийн төсвөөр тэднийг малжуулах ажлыг зохион байгуулж эхэлснийг Ерөнхий сайд хэллээ. Малчдаас тавьж буй нэг томоохон асуудал нь тэд махаа борлуулж чадахгүй байгаа аж.
Алс холын туувраас гадна ченжүүдэд махаа алдах аюул их байгаа гэнэ. Тиймээс Засгийн газраас худалдан авагч, нийлүүлэгч хоёрыг ойртуулах ийм боломжийг гаргах ёстой юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Туршилтын ажлыг ч энэ хавар хийж, үүнийг цаашид бирж болгох асуудал яригдах аж. Мах сүүний чиглэлийн үйлдвэрүүдийг байгуулахаар гаднаас 200 сая ам.долларын зээлийн асуудал ч яригдаж байгааг дурдлаа.
Малчид маань ч өөрсдөө зөв зохион байгулалтад орох ёстой бөгөөд малчдаа бизнес арга ухаанд сургах ийм бодлогыг Засгийн газраас тавьж байгаа аж. Уул уурхайд төрийн зохицуулалттай компани байгуулсан шиг хөдөө аж ахуйд мах сүүний чиглэлийн ийм компани байгуулах цаг ойртсоныг ч дуулгалаа. Хэрэв тэгвэл эцсийн дүндээ малчид маань энэ аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн хараат байдлаас гарч чадах үндсэн арга зам ч болох болно гэдгийг дурьдаж байв. Мөн гол нэрийн бүтээгдэхүүнүүд мах,сүү, гурил ,будаа, элсэн чихэр, хүнсний ногоо зэрэг гол бүтээгдэхүүний үнэнд төрөөс зохицуулалт хийх боломж ч бий аж. Энэ талаар тодорхой бодлого боловсруулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Малчдын хүүхдийн сургалтын төлбөрийг Хүний хөгжил сангаас олгоно
Хүний хөгжил сангаас олгож байгаа бэлэн бус олголтын хүрээнд малчдын хүүхдийн сургалтын төлбөрийн асуудлыг шийдэж болох гарцын талаар Ерөнхий сайд тэмдэглэж байна. 2011 оны төсвийн хуулийн төсөлд Хүний хөгжил сангийн чиглэлээр олгогдох мөнгөнд сургалтын төлбөр, түүнтэй холбогдсон эх үүсвэрийг хамтад нь шийдэхээр төлөвлөж байгаа аж. Энэ асуудлыг Төсвийн хуулийг хэлэлцүүлэх үеэр шийдвэрлүүлэх бодолтой байгаагаа дурдаж байсан.
Баруун бүсийн нэмэгдлийн асуудал анхаарлын төвд байгаа.
Ерөнхий сайдын томилолтын үеэр энэ асуудал их хөндөгдсөн аж. Монгол улсын засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тодотголыг хийхээр боловсруулж байгаа юм байна. Төрийн үйлчилгээ орон нутагт ижил тэгш очих ёстой, тэр үйлчилгээ нь хөгжлийн индексд тулгуурласан, мөн тэр үйлчилгээ нь тодорхой стандартай байх гэсэн зарчмыг Засгийн газар баримталж байна. Хөдөөгийн хөгжлийн стандартыг засгийн газраас боловсруулан УИХ-аар оруулахаар бэлдэж байгаа тухай ч ерөнхий сайд ярилаа. Энэ хүрээндээ бүс нутгийн нэмэгдэл, бүртгэл гэрээний асуудлыг хамт шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Мөн түүнчлэн баруун бүс руу чиглэсэн зам удаан ч гэсэн ажил нь явагдаж байгааг дурдаад эрчимжүүлэхэд онцгой анхаарал тавина гэдгийг тэмдэглэлээ. Говь-алтай, Завхан аймгийн эрчим хүчний асуудалд нааштай хандлагууд гарах цаг ойртсоныг ч дуулгалаа. Ачаалалтттай ажилласан Ерөнхий сайдын томилолт ийн өндөрлөлөө