Эв нэгдлийн их баяр наадам
Өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдсэн буриад зоны баяр бахдлын цэнгүүн “Алтаргана- 2010” их наадмын нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцохдоо ийнхүү хэллээ. “Буриад түмний урлаг, соёл, спортын бүхий л ай төрөл зүйлүүдийг багтаасан Алтаргана наадам нь эв нэгдлийн, элгэн сэтгэлийн их баяр юм. Энэ наадамдаа хүн бүхэн их аз жаргал баяр баясгалан тээж хуран цуглардаг уламжлал хэдийнэ тогтож, хүлээн хүсдэг наадам болж өргөжин тэлсээр байна. Олон мянган жилийн уламжлалт, өв соёлыг түүчээлэн тээсэн буриад ардын ““Алтаргана-2010” хэмээх ес дэх удаагийн наадмын ажиллагаанд амжилт хүсье. Монгол тулгатны их голомт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо тохиож буй “ Алтаргана-2010” наадамд морилон ирсэн ОХУ, БНХАУ болон Монгол улсын төр, нийгэм,соёл урлагийн зүтгэлтнүүд, эртний их түүхт авьяас билэгт Буриад түмэн, эрдэмтэн судлаачид энэ наадамд оролцогч хүн бүхэнд Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэнд дэвшүүлж, эрхмийн дээдийг хүсэн ерөөе. Сайхан наадаарай ” хэмээн ерөөл дэвшүүллээ. Энэ удаагийн наадмыг ес дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-ын Өвөр монголын буриадын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог гэж хэлж болох аж. Тийм ч учраас энэ жилийн “Алтаргана-2010” наадамд 1700 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал сумын буриадууд дууны Алтаргана наадам зохиож эхэлснээс хойш уг наадам олон төрлөөр өргөжиж, хоёр жил тутамд уламжлал болгон зохиогдох болжээ. “Алтаргана-2010” буюу энэ жилийн наадамд хүрэлцэн ирсэн буриадууд маань урлаг, соёл, спортын 15 төрлөөр өрсөлдөх юм байна. гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.