Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг Ерөнхий сайд С.Батболд хүслээ

Нийтэлсэн: - 2011/10/21 22:45 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такэнориг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын талаар өргөн мэдлэгтэй, туршлагатай дипломатч Элчин сайдаар ажиллах болсонд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглээд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хоёр улс харилцаагаа Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн. Энэ ажиллагааны агуулгыг бодит ажил хэрэг болгох зорилгоор хоёр тал ойрын хугацаанд дунд хугацааны нарийвчилсан төлөвлөгөөг хамтран боловсруулж ажиллах шаардлагатай байгаа. Ноён Элчин сайдыг үүнд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ.

Ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохионо. Энэ хүрээнд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх нь ач холбогдолтой гэдгийг ч Засгийн газрын тэргүүн хэлж байлаа. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд тэмдэглээд ноён Шимизү Такэнориг Элчин сайдаар ажиллах хугацаанд энэхүү хэлэлцээрийг байгуулна гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Японы дэвшилтэд технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтран ажиллах бололцоо их байгааг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд онцолж байлаа. Япон улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такэнориэнэ уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь хоёр улсын уламжлалт харилцаанд шинэ алхам болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах