Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Энхийг сахиулагчид нөхөн сэргээх төвтэй болно

Нийтэлсэн: - 2010/05/28 20:22 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Энхийг сахиулагчид нөхөн сэргээх төвтэй болноЭнхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн цэрэг, дайчдад зориулсан нөхөн сэргээх цогцолбор төв 2011 онд ашиглалтад орно. Олон улсын цэргийн болон энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдын хувьд тухайн улсын газар нутаг, цаг уурын нөхцөл, ажиллагааны эрсдэлтэй байдал зэрэг нь эрүүл мэнд,сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг учир ийм төв байгуулах болсон байна.

Төвийн шав тавих ёслол 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Багабаян” цэргийн амралтын газарт болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, гадаадын улс орнуудын Элчин сайдын яамны цэргийн атташе нар оролцов.

Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Монгол цэрэг эрс эх орныхоо нэрийг өндөрт өргөн дэлхийн халуун цэгт энхийг сахиулах ажиллагаанд оролцон үүргээ нэртэй төртэй биелүүлж байдаг. Монголын төр, засаг ч батлан хамгаалах салбар, энхийг сахиулагчдынхаа эрх зүй, аюулгүй байдал, эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааг бүрэн дэмжиж ирсэн. Өнгөрсөн 7 хоногт УИХ-аас “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” хууль батлаж, батлан хамгаалах зориулалтаар олгосон тусгай хэрэгцээний газрыг өнөөдөр тогтоолоор баталгаажуулсан.

Өнөөдөр шавыг нь тавьж байгаа цогцолбор төвийг барихад буцалтгүй тусламж үзүүлсэн БНХАУ-ын Засгийн газар, тус улсын Батлан хамгаалах яаманд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэв. Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор төв нь гурван одтой зочид буудлын шаардлагад нийцсэн хүчин чадалтай байх бөгөөд зочид буудал, биеийн тамир, спортын талбай, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа зэрэг иж бүрэн байгууламжаас бүрдэнэ. Цогцолбор төвийг БНХАУ-ын “БСЕ ЖМН” компани барьж ашиглалтад өгөхөөр болсон байна.

Манай улсын Зэвсэгт хүчний 2 офицер 2002 оны 8 дугаар сард Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад энхийг сахиулах ажиллагаанд анх оролцсон түүхтэй. Үүнээс хойш 3651 албан хаагч олон улсын болон энхийг сахиулах ажиллагаанд оролцсон бөгөөд одоо 615 албан хаагч Афганистан, Чад, Сьерра-Леон зэрэг улсад үүрэг гүйцэтгэж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах