Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Энхийн төлөө цогцолбор төв үүдээ нээлээ

Нийтэлсэн: - 2011/11/15 00:40 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Монгол дайчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг даалгавраа амжилттай биелүүлж байгаа. Манай улсын 5200 гаруй цэргийн албан хаагч 10 гаруй оронд энхийг сахиулсан. Өнөөдөр 300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Цэрэг дайчдад зориулсан нөхөн сэргээх төвийн шавыг өнгөрсөн 5 дугаар сард тавьсан билээ. Улаанбаатар хотоос 30 км-ийн зайтай, “Багабаян” цэргийн амралтын газар дахь энэ цогцолборын нээлт өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцов. Тэрээр хэлсэн үгэндээ “Эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж ирсэн дайчдынхаа нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газар онцгой анхаарч ирсэн. Үүний нэг илрэл нь өнөөдөр нээлтээ хийж буй “Энхийн төлөө цогцолбор” төв юм” гэж онцолж байлаа.

Мөн энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдад олгох томилолтын зардлыг нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Боловсон хүчний асуудалд жил бүр 200 орчим хүнийг гадаадын цэргийн сургуулиудад урт богино хугацаагаар сургаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 700 гаруй албан хаагчдыг орон сууцтай болгосон зэрэг цэрэг, дайчдын нийгмийн асуудалд Засгийн газраас анхаарч хэрэгжүүлж байгаа зарим ажлын талаар танилцуулаад батлан хамгаалах салбарын шинэчлэлийг цаашид ч дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.

Олон улсын цэргийн болон энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдын хувьд тухайн улсын газар нутаг, цаг уурын нөхцөл, ажиллагааны эрсдэлтэй байдал зэрэг нь эрүүл мэнд, сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг учир ийм төв байгуулах болсон байна. Тус төвийг барихад 40 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн БНХАУ-ын Засгийн газарт Ерөнхий сайд С.Батболд талархсанаа нээлтийн ажиллагааны үеэр мөн илэрхийлсэн юм.

Энхийн төлөө цогцолбор төв нь барилга архитектурын өвөрмөц шийдэлтэй, бие даасан инженерийн дэд бүтэцтэй, барилгын норм, стандартын шаардлагыг хангасан, байгаль орчинд халгүй, эко технологийн халаалтын зуух, цэвэрлэх байгууламжтай юм байна. Энэхүү цогцолбор нь 51 өрөөтэй, хурлын танхим, зоогийн газар, билльяардын өрөө, саун болон чийрэгжүүлэлтийн өрөө, бассейн зэрэгтэй амралт сувиллын цогц үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрэн хангасан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах