Энэтхэг улстай мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр БНЭУ-ын Гадаад харилцааны төрийн дэд сайд Е.Ахамед тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр талын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны гуравдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөсөнд баяр хүргээд, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцоллоо. Мөн тэрээр цаашид мэдээллийн технологи, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг хэлээд Энэтхэгийн Засгийн газраас Р.Гандигийн нэрэмжит урлаг үйлдвэрлэлийн сургуулийг өргөтгөх, шинэчлэхэд туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал дэвшүүллээ. Түүнчлэн БНЭУ-ын Ерөнхий сайд Манмохан Сингхт мэндчилгээ дэвшүүлж байгааг энд дашрамд уламжлахыг хүслээ. Энэтхэгийн Засгийн газраас олгох 20 сая ам.долларын зээлээр Аутсорсингийн төв, Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах ажлыг эрчимжүүлж, ойрын хугацаанд шийдвэрлэхийг Ерөнхий сайд С.Батболд холбогдох сайд нарт хэллээ. Ноён Е.Ахамед цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаад Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийллээ. Тэрээр гангийн үйлдвэр байгуулах санал тавьсныг Ерөнхий сайд дэмжиж Санамж бичиг байгуулах нь зүйтэй гэв.