Эрмитажийн монгол үзмэрүүд Ерөнхий сайдын анхааралд орлоо
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д энэ сарын 13-16-нд албан ёсны айлчлал хийх үеэрээ Оросын Холбооны Улсын Засгийн газрын Дарга В.В.Путин, тус улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Дарга С.М.Миронов, Холбооны Хурлын Төрийн Думын Дарга Б.В.Грызлов нартай уулзаж өргөтгөсөн хэлэлцээнд хоёр талын ажиллагаатай холбоотой тодорхойгүй байсан олон чухал асуудлуудад шийдэл өгсөн юм. Мөн Санкт-Петербург хотод зочилсон билээ. Хоёр улсын улс төр, эдийн засаг хамтын ажиллагааны талаар томоохон шийдвэрүүд гарсан эдгээр албан уулзалтын үеэр нийгэм, түүх, соёлын дурсгалт зүйлсийн талаарх яриа ч мөн өрнөж байлаа.
ОХУ-ын түүх, соёлын өвийн төв хэмээн тодотгодог Санкт-Петербург хотноо айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, түүний гэргий Х.Отгонтуяа нар Эрмитажийн музей үзэж сонирхсон юм. Дэлхийд алдар нь түгсэн, жилийн жилд сая сая жуулчны хөлд дарагддаг Эрмитажийн музейд манай улсын эртний түүх, соёлыг илэрхийлэх үзмэрүүд байдаг.
Засгийн газрын тэргүүн энэ үеэр Монголын эртний түүхийн үнэт ховор үзмэрүүдийг эх оронд нь авчрах, хуулбарлаж авах тухай хүсэлтээ тавьж, Монголд үзэсгэлэн гаргаж ард иргэддээ үзүүлэх боломжийг эрэлхийлэн албаны хүмүүстэй санал солилцлоо. ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов, Санкт-Петербург хотын Захирагч хатагтай В.И.Матвиенко нартай уулзахдаа энэ талаар ярилцаж, асуудал хөндсөн бөгөөд тэд ч дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ