Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

"Эх орны хөгжилд-бидний оролцоо" гадаадад амьдарч буй монголчуудын анхдугаар чуулга уулзалт

Нийтэлсэн: - 2010/07/23 01:28 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

"Эх орны хөгжилд-бидний оролцоо" гадаадад амьдарч буй монголчуудын анхдугаар чуулга уулзалтЕрөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”-өөс санаачилсан "Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо" сэдэвт гадаадад байгаа боловсрол, мэргэжлээрээ манлайлагч монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд  Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулга уулзалтыг зөвлөлөөс "Цахим өртөө холбоо" ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд АНУ-ын Азийн сан дэмжигч байгууллагаар оролцов. Чуулга уулзалтад нийт 385 иргэд онлайн бүртгүүлж оролцсноос 202 нь дэлхийн 26 улс оронд ажиллаж, сурч амьдарч байгаа Монгол Улсын иргэд, монголчуудын холбоодын гишүүд, 183 орчим нь гадаадад боловсрол эзэмшсэн бөгөөд гадаадад төгсөгчдийн холбоонд бүртгэлтэй залуучууд байв.

1. Үдээс өмнөх хуралдаан:
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар нээж  үг хэлэв. Чуулга уулзалтын төлөөлөгчдөд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл нар илгээлт ирүүлж, мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн зөвлөх н.Сосормаа, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу нар уншиж сонордуулав. Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй төр засгийн бодлого, чиглэл, арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд дарга Н. Батаа, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Х. Хашчулуун нар дэлгэрэнгүй илтгэл тавилаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганы оролцогчдод алс хол, хилийн чанадаас эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж цаг харамгүй, халуун дотно яриа өрнүүллээ. Мөн гадаадад улс орныхоо нэрийг өндөрт өргөж, монгол хүний чадавхи, үнэмлэмжийг өсгөж яваа залуу эрдэмтэн Финляндын “Аабу” академын багш доктор н.Цэрэн-Онолтыг "Онцлох хүн-2010", төр иргэний гүүр болон амжилттай ажиллаж буй "Шилдэг монголчуудын холбоо-2010"-аар Британы монголчуудын холбоог, хүний нутагт эх орон нэгтдээ байнга тусалдаг "Түшигтэй хүн-2010"–аар Англид амьдарч буй багш н.Цэрэнбат нарт хүндэт өргөмжлөл гардуулж, чуулганы төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав.

"Цахим өртөө холбоо" ТББ-ын гүйцэтгэх зөвлөлийн дарга Д.Сайнбаяр “Хилийн чанадад байгаа монголчуудын өнөөгийн дүр зураг”, Монгол-Германы гүүр ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн А.Баярцэцэг "Өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдээ эх оронд нь эргэн ирж ажиллахад  дэмжлэг үзүүлэх гадаад орны туршлагаас", "Цахим өртөө холбоо"  ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн н.Энхжаргал нар “Гадаадад суралцагчид, төгсөгчдийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бий болгох ХАШ төслийн талаар" сэдвүүдээр илтгэлүүд тавив. Түүнчлэн үдээс өмнөх хуралдаанд “Хэл соёлоо хадгалая” салбар хуралдаан зохион байгуулагдаж "АНУ дахь Монгол соёлын төв"-ийн захирал М.Саруул-Эрдэнэ "Хилийн чанад дахь монголчуудын Монгол соёлоо хадгалах, үүсэж буй бэрхшээл, даван туулах арга зам" сэдвээр илтгэл тавилаа.

2. Салбар хуралдаан:
Үдээс хойш 4 чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулагдав.
№ Салбар хуралдааны чиглэл Илтгэгчид Оролцогчдын тоо
Эдийн засаг, санхүү 1.Доктор н. Лхагвасүрэн- Манчестирийн Их сургуулийн багш
Э. Жагдагдорж- АНУ дахь Монголчуудын ХААҮ-н тэргүүн,
Болд -“Нью-ком”ХХК гүйцэгтгэх захирал
Ц.Отгочулуу- өрсөлдөх чадвар төвийн тэргүүн 67
Улс орны өрсөлдөх чадвар, Мэдээлэл технологийн боловсрол 1. Доктор н. Бат-Өлзий АНУ Microsoft-н хэлтсийн дарга
Доктор н.Цэрэн-Онолт Финлянд,”Аабу”академын багш
Нандинбаатар- Шведийн их сургуулийн эрдэмтэн, судлаач
Ц.Буянцогтоо- USI компанийн ерөнхий захирал
Хүн  байгаль, экологийн асуудал.  Олон улсын  “сайн"  туршлага нэвтрүүлэх нь 1.Доктор Б.Энхтуяа- Чехийн академийн эрдэмтэн судлаач
Батхишиг- АНУ  Төмөрхүү-АНУ

Эрүүл мэнд ба анагаах ухааны ололт амжилт 1.Доктор Ц.Базаррагчаа- Лондон,  Мэри-Стопс и
Доктор н. Энхжин- Женев, Глобал Фонд
 Хэл соёл 1. Доктор М.Саруул-Эрдэнэ АНУ, Монгол- Соёлын төвийн тэргүүн 

Тус чуулга уулзалтаас болон салбар хуралдаануудаас гарсан зөвлөмж:

Ерөнхий сайдын ивээл дор, гадаадад амьдарч буй боловсрол эзэмшсэн, туршлага хуримтлуулсан Монгол Улсын иргэдийн "Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо" сэдэвт анхдугаар чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, дэлхийн 20 гаруй орноос оролцсон зочид, төлөөлөгчид, монголчуудын холбоодын төлөөллийн саналыг тусган, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр, Монгол улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлан гаргасантай уялдуулан гадаадад сурч, ажиллаж. амьдарч байгаа иргэдийн хүч бололцоо, эзэмшсэн мэдлэг, боловсрол, олон улсын туршлагын үр шимийг хүртэх бололцоо өргөнөөр нээгдэж буйг онцлон тэмдэглэж цаг алдалгүй нэвтрүүлэхийн ач холбогдлыг чухалчилж чуулганы оролцогчид дараахи зөвлөмжийг төр засаг, эрдэм шинжилгээ, олон нийт төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчдэд сонордуулж байна. Үүнд.

1. Эдийн засгийн салбарт:
- Хөрөнгө оруулалт, санхүүгийн орчинд гадаадын банк санхүүгийн байгууллагад ажиллаж туршлага хуримтлуулж буй залуусаа дэмжих, тоог өсгөх,
- Гадаадад боловсрол эзэмшсэн болон гадаадад судалгаа хийж буй мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцох, дотоодын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа сайжруулахад татан оролцуулах,
- Хөдөлмөрийн зах зээл ба залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөдөлмөрийн зах зээлийг илүү уян хатан болгох, эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгавартай цалин тогтоох, тэгш бус байдлыг өөгшүүлж байгааг арилгах зэрэг зах зээлийн зарчимд шилжүүлэх,
- Хүн хэмээх капиталыг хөгжүүлэхэд бага насны хүүхдийн боловсролыг хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэж шинэчлэх. ирээдүйд өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлдэх, оюунжуулах, чадваржуулах нөхцлийг түлхүү бүрдүүлэх,
- Гадаадад буй Монголчууд, Монголчуудын холбоодын бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт оруулах санал санаачлагыг дэмжих, тэднээр дамжуулан Монгол дахь жижиг, дунд үйлдвэрүүд, бүтээгдэхүүн экспортлох чадавхи бүхий дэвшилтэт технологид суурилсан жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, дотоодын бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулах суваг болгон хамтран ажиллах, тогтмол холбоо тогтоох,
- Гадаадад буй монголчууд, холбоод, аж ахуй эрхлэгчдийг төрийн бодлого боловсруулагчтай холбох, төрийн байгууллага болон дотоодын аж ахуйн нэгжийн гадаадад хийх айлчлал, танилцах аялал зэргээр зохион байгуулалттайгаар холбож өгөх,
- Гадаадад их дээд сургууль төгсгөгч нарт тухайн суралцсан газар нь 1-2 жил ажиллах боломжийг дэмжиж бүрдүүлэх, санхүүгийн туслалцаа үзүүлэх,
- Гадаадад их дээд сургууль төгсгөгч нарыг дадлагажуулах болон эдийн засгийн хувьд чадавхижуулах, зах зээлийг судлуулах зорилгоор гадаадад үйл ажиллагаагаа явуулж буй Монголын жижиг бизнес эрхлэгчидтэй холбох, түүнчлэн дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудад төгссөн мэргэжлээрээ ажиллахад нь холбох гүүр бий болгох
- Төрийн ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн инновацын орчинг бий болгоход төрийн байгууллагууд гадаадад байгаа иргэдтэй хамтран ажиллах,

2. Мэдээлэл технологийн салбарт:
 Мэдээлэлжсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх тухай зорилтыг улс орны дээд удирлагаас авахуулаад энгийн ард нийтийн дунд адил төвшинд ойлгож, бүгд нийтээрээ өндөр хүсэл тэмүүлэлтэйгээр үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан хэрэгжүулэх явдал' чухал. Үүний тулд:
          -  Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд түүнд тохирсон   
              бүтцийн шинэ өөрчлөлтийг хийх
- Мэдээлэлжсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийг байгуулахад гол үндсэн суурь бүтэц нь мэдээллийн технологи болох тул энэ салбарын хөгжилд нэн тэргүүнд ач холбогдол өгч, нийгмийн үйлчилгээний бүхий л салбарыг мэдээллийн технологижуулах зорилтыг дэвшүүлж, түүний санхүүжилт хөрөнгө оруулалтын тогтолцоог байгуулах
   - Мэдээллийн технологи дээр суурилсан үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд дотоод гадаад зах зээлийн аль алинд ач холбогдол өгч, тухайлсан стратегийг боловсруулан боловсруулан хэрэгжүүлэх нь чухал ч юуны түрүүнд дотоод зах зээлдээ анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Дотоод зах зээлийн хөгжил нь нийт салбарын чадавхийг дээшлүүлэх бөгөөд энэ нь улмаар гадаад зах зээл дээр тоглолт хийх чадавхийг тухайн салбарт бий болгоно.
      - Нийгэм дахь програм хангамж болон бусад мэдээллийн технологийн үйлчилгээний хэрэгцээгээ өөрсдийн хүчээр бүрэн хангадаг байхаар хуульчлах
     - Өндөр технологийн үйлдвэрлэлийн хөгжлийн хурдасгуур болсон шинжлэх ухааны парк, технологийн парк хэмээх хөгжлийн загварыг өөрийн орны онцпогт тохируулан бий болгох
- Үндэсний Инновацийн тогтолцоог үүсгэн бий болгох талаар идэвхтэй ажиллах
- Монголын нийгмийг мэдээлэлжүүлэхдээ технологийн дэвшилтэт хандлагыг сонгон зоригтойгоор нэвтрүүлэх нь чухал. Жишээ нь, мобайль платформ дээр суурилсан төрөл бүрийн үйлчилгээг өргөнөөр нэвтрүүлэх, интернэт дээр суурилсан Клауд үйлчилгээг хүчтэй нэвтрүүлэх
- Их дээд сургуулийг энгийн сургах сургуулийн хэлбэрээс судалгааны их дээд сургууль болгон өөрчлөх, үүнийг дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх
- Их дээд сургууль нь шинжлэх ухааны цөм байгууллага байдаг хэлбэр лүү оруулах, АНУ-ын БэйДоле-ийн хуультай төстэй хуулийг бүтээх
- Мэргэжлийн болон болон дээд боловсролын тогтолцоог илүү прагматик болгон өөрчлөх

3. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт:
- Эмнэлэг, судалгаа, сургалт, дадлагыг цогцоор нь хийх орчин бүрдүүлэх туршлагыг нэвтрүүлэх,
- Эрүүл мэндийн судалгааны төв, лавлагааны лабораторийг нөөц боломжоо ашиглан байгуулж нэгдсэн мэдээллийн сантай болох,
- Эрүүл мэндийн судалгаа, шинжилгээний ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж; ойрын 2 жилд улсын төсвийн 1 хувийг зарцуулах,
- Эмчилгээ болон оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулан орчин үеийн, шинэ технологийн багаж төхөөрөмжийг хөдөө орон нутагт хангахад гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийн хүч бололцоогоо ашиглан олон улсын   байгууллагууд, хандивлагчдыг татан оролцуулах ба хандивын тоног төхөөрөмжийг Монгол Улсад оруулахад төрийн байгууллагын хүнд суртал, шат дамжлагыг багасгах,
- Эд, эс, омог өсгөврийн сан байгуулж үйл ажиллагааг тогтворжуулах,

4 . Байгаль орчны салбарт:
- Өндөр технологи, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэхэд гадаадад боловсрол, туршлага эзэмшсэн иргэдийг татах оролцуулах,
- Биологийн төрөл зүйл, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг хориглож гадаадын хөрөнгө оруулалтанд технологийн түвшний үнэлгээ хийдэг зарчмыг бий болгон хэрэгжүүлэх,
- Байгалийн баялгаас олсон ашиг, хөрөнгийг шинжлэх ухаан, технологид зарцуулах замаар нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих
- Ургамлын суулгацыг ашиглан, нөхөн сэргээлт хийхэд орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөгчдийг татан оролцуулж уул уурхайн нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийн хэмжээг дахин нэмэх,
- Хөрс, усны шинжилгээг хийх тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэх,
- Лабораторийн нөхцөлд,,,
- Байгаль орчин, биологи, хими болон технологичдын мэргэжлийн клубыг байгуулах, бодлого боловсруулагчид болон хяналтын байгууллагынхантай шаардлагатай үед хамтран ажиллах,

5. Бусад
      - Шинжлэх ухааны парк, технологийн инкубатор, технологи дамжуулах төвүүдийг байгуулж үндэсний үйлдвэрлэлийн технологийн түвшинг дээшлуүлэх ажиллагааг тууштай дэмжиж ажиллахад олон улсын туршлагыг нэвтрүүлэх боломж бололцоонд түшиглэх буюу гадаадад байгаа иргэдийн мэдлэг, боловсрол, мэдээллийг цаг алдалгүй нэвтрүүлэх,
     - Судалгаа шинжилгээний зориулалттай тоног төхөөрөмж, хандивийн багаж хэрэгслийг татвараас бүрэн чөлөөлөх,
     - Гадаадад байгаа монголчуудын талаарх бүртгэл мэдээллийг сайжруулах, нарийвчилсан судалгааг хийхдээ гадаадад байгаа монголчуудын холбоо болон бусад байгууллагуудыг татан оролцуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх
     - Хилийн чанадад монголчуудын өөрсдийн санаачлагаар зохион байгуулж буй уулзалт, чуулга, соёлын арга хэмжээнд төр засгаас дэмжлэг үзүүлж төлөөлөгч ирүүлж тэдний санал бодлыг байнга сонсож байх.
     - Чуулга уулзалтаас гарч буй зөвлөмж, бүтээлч санал санаачлагыг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллах
Түүнчлэн хилийн чанадад амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах болон хилийн чанадаас мэдлэг, туршлага, боломжоо улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд хувь нэмэр болгох, цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгаа хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт хэрэгцээг хангах, төрийн алба, хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг чадавхижуулах, шинэ мэдлэг, дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо татах зорилготой "Зөгийн үүр" хөтөлбөрийг боловсруулсанд гадаадад амьдарч байгаа боловсрол, туршлага эзэмшсэн иргэд сайшаан дэмжиж хөтөлбөрийг хэрэгжүүлэн үр дүнгээ тайлагнахаар боллоо.

ХИЛИЙН ЧАНАДАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах