ЯАМДЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болж яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон зарим агентлагийн дарга нарыг томиллоо. Засгийн газар төрийн ажлыг тасралтгүй, жигд явуулах үүднээс Төрийн албаны зөвлөлөөс санал болгосон нэр бүхий хүмүүсийг ийнхүү ээлжит бус хуралдаанаасаа ажилд нь томилсон байна.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Бадамждоржийн Батхишигийг Гадаад харилцааны яамны, Намжилын Түмэндэмбэрэлийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо. Түүнчлэн Лувсандагвын Амарсанааг Засгийн газрын тохируулагч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын, Пүрвээгийн Дэлгэрнаранг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын даргын албан тушаалд томиллоо. Дээрх хүмүүсийг тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлагыг нь харгалзан томилсон байна.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг
1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд 10 жилийн сургууль, 1979 онд ЗХУ-ын Ленинград хотын Их сургууль төгссөн. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Тэргүүн шадар дипломат болон доктор, дэд профессор цолтой. УБДС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого судлах төв, Нийгмийн ухааны институтэд Эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, МАХН-ын Төв хорооны дэд дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, БНБУ-д суух Элчин сайд, Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан. Төрийн албанд 33 жил ажиллаж байгаа юм.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл
1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1977 онд 10 жилийн сургууль, 1985 онд ЗХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2001-2002 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, төгссөн. Улс ардын аж ахуйн төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй. Доктор. МАХН-ын Төв хорооны Сэтгүүлүүдийн нэгдсэн редакцид утга зохиолын ажилтан, “Боловсрол” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Прогноз” төвийн дэд захирал, МАХН-ын Удирдах зөвлөлд Сан хөрөнгө эрхлэх газрын дарга, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын Улаан-Үд хотод суух Ерөнхий консул, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирал, Эрүүл мэндийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 26 жил ажиллаж байна.
Бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа
1953 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1971 онд 10 жилийн сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Москва хотын Нийгэм, улс төрийн дээд сургууль төгссөн. Барилгын инженер-эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй. Дархан хотын Байшин үйлдвэрлэх комбинатад эдийн засагч, комбинатын дарга, Дархан хотын Барилгын үйлдвэрлэлийн нэгдлийн дарга, Дархан хотын АДХГЗ-ны дарга, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга, БНХАУ-д суух Элчин сайд, МАХН-ын Ажлын албаны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байгаа юм.
Авто тээврийн газрын дарга П.Дэлгэрнаран
1964 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1983 онд 10 жилийн сургууль, 1989 онд ЗХУ-ын Москва хотын Цэргийн улс төрийн дээд сургууль, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. Ерөнхий цэргийн офицер, хуульч мэргэжилтэй. Талх, чихрийн үйлдвэрийн ХЗЭ-ийн хорооны дарга, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны дэд дарга, хотын Залуучуудын холбооны тэргүүн, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, УИХ дахь МАХН-ын бүлэгт референт, “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн Өмчийн газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, Авто тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн албанд 10 жил ажиллаж байгаа юм.