Ядуурлыг бууруулахад ядуу, эмзэг хэсгийг дэмжих нь нэн чухал гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд үзэж байна
Улс орны өмнө тулгамдсан асуудлыг хөндөж “Ядуурлыг бууруулах бодлого ба нийгмийн халамж, хамгаалал” сэдэвт дээд хэмжээний уулзалт Төрийн ордонд болж байна. Энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэллээ. Ерөнхий сайд Засгийн газраас ядуурлыг бууруулах, нийгмийн халамж хамгааллыг сайжруулахын төлөө хийж хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар танилцууллаа. Засгийн газар ард иргэдээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хөгжлийн шинэ суурийг зөв тавихын төлөө ажиллаж ирсэн.
Эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 6 орчим хувьтай байсан бол энэ оны эцэс гэхэд 20 хувьд хүрнэ. Харин 2012 онд 25.6 хувьтай байхаар төсөөлж байна. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3000 орчим ам. долларт хүрлээ. Харин ирэх оны эцэс гэхэд 5000 долларт хүрэх боломж харагдаж байна. Эдийн засгийн энэхүү өсөлтийг иргэн бүртээ яаж хүргэх вэ?, нийгмийн бүлгүүдэд хэрхэн зөв хуваарилах вэ?, бус нутаг, хөдөө орон нутгийн иргэдэд жигд хуваарилах ямар арга зам байна вэ? гэдэг асуудалд Засгийн газар бодлого үйл ажиллагаагаа төвлөрүүлж байна гэж Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.
Мөн байгалийн баялаг, хөрөнгө оруулалтыг ядуурлыг бууруулах, нийгмийн халамж хамгааллын тогтолцоог сайжруулахад чиглүүлэх нь Засгийн газрын нэг том зорилт. Учир нь эдийн засгийн өсөлтийн үр дүн болсон хөрөнгө оруулалтаар ажлын байр бий болгох нь ядуурлаас гарах зөв гарц юм. Эдийн засгийн өрсөлдөх чадвартай таатай орчинд хөрөнгө оруулалт ордог. Энэхүү хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Эдийн засгийн өсөлт нь ажлын байрыг бий болгодог. Ажлын байр нь ядуурлыг бууруулдаг тогтолцоог бэхжүүлэх нь чухал байна гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ.
Энэ ч зорилгоор 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж 60 мянган шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар энэхүү зорилтын биелэлт 90 гаруй хувьтай хэрэгжиж байна. Үр дүнд нь ажилгүйчүүдийн хувь хэмжээ нэг оронтой тоонд орж буурсныг Ерөнхий сайд тодотгоод Олон улсын хөндлөнгийн судалгааны байгууллагын дүн ч үүнийг харуулж байна. Тухайлбал, Дэлхийн банкны судалгаагаар манай улсын хөдөлмөрийн чадвартай иргэдийн дунд нийт ажилгүйчүүдийн эзлэх хувь хоёрдугаар улиралд 8.7 хувь хүртэл буурсан нь тогтоогджээ. Цаашид энэхүү нөхцөлийг хадгалж, бэхжүүлэх нь чухал гэлээ.
Улс орнуудыг хүний хөгжлөөр нь хэмждэг зарчим дэлхий нийтэд мөрдөгдөх болсон. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тогтмол явуулдаг судалгааны дүнгээр манай улс хүний хөгжлийн индексээрээ дундаж үзүүлэлттэй орны тоонд орлоо. Хүний хөгжлийн индексээрээ таван жилийн өмнө бус нутгийнхаа орнуудын дунд доогуурт бичигдэж байсан бидний хувьд багагүй амжилт юм. Энэхүү амжилт ололтоо бэхжүүлж, хүний хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах зорилгоор эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын асуудалд Засгийн газар анхаарч санхүүжилтийг нь үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Үр дүнд нь бүх иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл боломж бүрдлээ. Мөн боловсролын салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж эхлүүлэхийн зэрэгцээ өөрчлөлт шинэчлэлтийг эрчимжүүлж байна гэж Ерөнхий сайд С.Батболд эхлээд хэллээ.
Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт туссан нийгмийн зорилтуудын нэг бол иргэн бүртээ 1.5 сая төгрөг олгох асуудал. “Хүний хөгжил сан”-гаас жил бүр иргэн бүртээ хишиг, хувь олгож, энэхүү зорилтоо 2012 онд бүрэн хэрэгжүүлнэ. Тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэхийн зэрэгцээ нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтод бүлгүүдэд хүргэхийн тулд хязгаарлагдмал хэрэглээтэй өрхийн иргэдэд хүнсний талон олгож, хүнсний үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээ авч байна.
Энэчлэн ядуурлыг бууруулах, нийгмийн халамж хамгааллыг сайжруулах талаар олон зүйлийг Засгиййн газраас хэрэгжүүлсэн. Цаашид ч нийгмийн хамгааллыг сайжруулах, ядуурлыг бууруулахын төлөө анхаарч ажиллана гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд онцлоод хийхээр төлөвлөсөн ажлынхаа заримаас танилцууллаа. Хүн амын ядуурлыг бууруулахад ядуу, эмзэг хэсгийг дэмжих асуудал нэн чухал байна. Ядуурал нь зөвхөн нийгмийн үйлчилгээ, хамгааллаар шийдэгдэхгүй. Тиймээс эдийн засгийн өсөлтийг бий болгож буй салбаруудын бодлогыг уялдуулан зохицуулах талаар тодорхой алхам хийнэ.
Манай улсын хүн амын олонхийг залуучууд эзэлдэг. Гэтэл хүн амын үнэт зүйл, гол баялаг болсон залуус маань ажилгүй иргэдийн ихэнхийг эзэлж, нийгмийн эмзэг хэсэгт багтах боллоо. Залуучууд нийгмийн халамж хамгааллыг хүртэж суудаг биш ажил хөдөлмөр эрхэлдэг боломж нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарах болно. Ядуурал нэмэгдэхэд шилжилт хөдөлгөөн нөлөөлөх боллоо. Тиймээс хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах, хөдөөгийн сургууль, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, бүсийн нэмэгдлийг бий болгох замаар хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжинэ.
Хүн амын гадаад шилжих хөдөлгөөнд залуучууд идэвхтэй хамрагдаж байна. Тиймээс улс орны ирээдүйд бий болох сөрөг зүйлсээс сэргийлэх зорилгоор энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэхээр тодорхой бодлого гарган хэрэгжүүлж байна. Нийгмийн халамж, хамгааллын өргөн сүлжээг хумьж, оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлнэ. Тиймээс нийгмийн хамгааллыг цаашид хавтгайруулахгүй байх бодлогыг баримтлана. Мөн хувь хүнийг гэхээсээ илүү гэр бүл, өрхийн хөгжлийг дэмжихэд чиглүүлнэ.
Нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээнд хэнийг хамруулж болох бодлого нь иргэний нийгмийн байгууллагууд, оршин суугчдын санал бодолд суурилсан байх тогтолцоог бий болгоно. Нийгмийн эмзэг бүлгийн өрх, ядуу иргэдэд зөвхөн мөнгөн тусламж өгөөд зогсохгүй тэднийг хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхлүүлэх замаар ядуурлаас гаргах арга замыг олж хэрэгжүүлнэ. Хүний хөгжил сангаас олгох хишиг,хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан залуучууд зэрэг нийгмийн бүлгүүдэд хүртээж, цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн нийгмийн суурь тэтгэврийн тогтолцоог бий болгож, Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан тогтолцооны зөрчлүүдийг шийдвэрлэнэ.
Нийгмийн халамж, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх тусламж үйлчилгээг нь хөгжүүлэх шаардлага байна. Тиймээс Засгийн газар нийгмийн халамж хамгааллыг шинэчлэх зорилгоор “Нийгмийн халамжийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан билээ. Ядуурлыг бууруулах, нийгмийн халамж, хамгааллын шинэ тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлахыг УИХ-ын гишүүдээс хүслээ.
Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд “Манай Засгийн газар хүний хөгжилд чиглэсэн эдийн засгийн цогц бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Хөгжлийн энэхүү зорилтоо үргэлжлүүлэн ажил хэрэг болгохын тулд ирэх оны төсөвт шаардлагатай санхүүгийн боломжит эх үүсвэрүүдийг тусгасан. Тиймээс нийгмийн хамгааллын бодлого зорилт маань амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байна. Өнөөдрийн энэхүү зөвлөлдөх уулзалтаар ядуурлыг бууруулах зорилт, нийгмийн халамж хамгааллын чиглэлээр явуулж буй төрийн бодлогын талаар байр сууриа илэрхийлж, цаашдын ажилд тустай санал санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
“Ядуурлыг бууруулах бодлого ба нийгмийн халамж, хамгаалал” сэдэвт дээд хэмжээний уулзалтад УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын донор байгууллагуудын 100 гаруй төлөөлөгч оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.