Японы хэвлэлүүд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг ихээхэн сонирхож байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлал тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлын төвд байна. Японы NHKтелевиз,өдөр тутмын хамгийн нэр хүндтэй сонин болох “Никкэй” болон “Майничи” сонины сэтгүүчид өнөөдөр Ерөнхий сайдаас тусгайлан ярилцлага авлаа. Монгол Улсын эдийн засгийн өндөр хурдтай өсөлт, цаашдын төлөв байдал, бүтээн байгуулалтын чанартай томоохон төслүүд түүний дотор Тавантолгойн асуудлыг Японы сэтгүүлчид ихээхэн сонирхож байна.
Тавантолгойн баруун, зүүн цанхи дахь үйл ажиллагаа, олон улсын нээлттэй тендерийн явц, түүн дэх Японы оролцооны талаар Ерөнхий сайд С.Батболдын байр суурийн талаар тэд мөн асууж байлаа. Олон улсын нээлттэй тендерийн үйл ажиллагаа ном дүрмийн дагуу явж байгаа. Яриа хэлэлцээний явц амаргүй нөхцөлд байгаа ч Тавантолгойг Монгол Улсад ашигтайгаар Монголын ард түмний хүсэл сонирхлыг харгалзан шийдэх учиртай. Мөн хөрөнгө оруулагч талуудын байр суурийг ч хүндэтгэн үзэж асуудалд хандаж байгаа гэдгээ Ерөнхий сайд хэлээд энэ ондоо багтааж төслийг хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн энэ айлчлалын зорилго, үр дүн болоод Солонгосын хойгийн асуудал ч сэтгүүлчийн сонирхсон сэдвийн нэг байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.