Үйлдвэрчний эвлэлийнхэн Ерөнхий сайдтай уулзаад жагсаалаа зогсоохоор боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын зарим гишүүдийнхээ хамт МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын дараагаар тус холбооноос зохион байгуулж байгаа ‘МҮЭ-Үнийн хөөрөгдлийн эсрэг’ жагсаал зогсохоор боллоо гэдгийг тус холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн эл уулзалтын эхэнд, ‘Асуудал байгаа. Бид асуудлаа хуулийн хүрээнд нээлттэй яриа хэлэлцээрийн зарчмаар бодитой хандаж ярьдаг байх учиртай. Үнийн хөөрөгдлийн асуудлаар Засгийн газар сүүлийн хоёр долоо хоногийн турш үүсэж байгаа нөхцөл байдалд дүгнэлт өгч ард иргэдийн нуруун дээрх үнийн дарамтыг бууруулах талаар зохих арга хэмжээг авч байна. Засгийн газрын чих сонсож, нүд нээлттэй байна.
Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүдийг шуурхай байгуулж гаргасан дүгнэлтэд нь үндэслэн Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ий өдрийн 11 дүгээр тогтоолоор ‘Авто бензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах ‘’Бензин, шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах үүрэг бүхий зөвлөл’’-ийг Засгийн газрын дээрх тогтоолоор байгуулан ажиллуулж байгаа.
Тооцох ёстой хариуцлагаа ч тооцож байна. Зарим нааштай үр дүн гарч нефтийн үнэ бага зэрэг буурч долларын ханш доошилж байна. Цаашид ч зохих арга хэмжээг авсан шиг авах болно. Энэ хүрээнд жагсаал цуглаанд оролцогчдоос ирүүлсэн шаардлагад дурдсан асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар уулзалтын үеэр ‘’УИХ Засгийн газраа шуурхай бүрэлдүүлэх шаардлагатай байгаа. Ингэсэн тохиолдолд Засгийн газар бидний хүлээсэн хэлэлцээрийг яаралтай эхлүүлэхийг хүсэж байна гэлээ. Ерөнхий сайд түүнтэй ижил байр суурьтай байгаагаа хэлээд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэнгүүт энэхүү зөвлөлийн үйл ажиллагааг цаг алдалгүйгээр шуурхайлна гэлээ.
Ингэхдээ нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт Монгол банк, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр маргаашнаас хэлэлцээрийн ширээний ард сууж ажлаа эхлэхийг зөвлөлөө. Засгийн газрын нүд нээлттэй, чих сонсож байгаа. Нийгэмд ийм дуу хоолой хэрэгтэй ч гадаа хүйтэн байна, тиймээс ард иргэдийнхээ эрх ашиг, эрүүл мэндийг бодолцож жагсаал цуглаанаа буулгахыг Ерөнхий сайд хүссэн юм. Засгийн газар танхимаараа хүлээж авч уулзан асуудалд нухацтай хандаж байгаад болон хэлэлцээрийн ширээнд өргөн бүрэлдэхүүнээр суухаар болсонд талархаж байгаагаа МҮЭ-үүдийн төлөөлөл илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.