Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Нийтэлсэн: - 2012/07/17 14:35 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр болж, цаг үеийн 10 гаруй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ ~

Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын дүн, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай найман заалт бүхий Засгийн газрын тогтоол гаргалаа. Өнгөрсөн жил Засгийн газраас мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар бэлтгэл сайтай байсан төдийгүй тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж ажилласны үр дүнд 1.2 сая хадлан, 46.8 мянган тн үйлдвэрийн тэжээл бэлтгэж өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг улсын хэмжээнд 86.6 хувьтай ханган түүхэнд хамгийн их хадлан бэлтгэсэн он жил болж, мал сүргийг өвөл хаврын улиралд гарз багатай даван гарчээ.

Энэ оны хагас жилийн байдлаар оны эхний нийт малын 0.8 хувь буюу 275,6 мянган толгой мал зүй бусаар хорогдсон нь олон жилийн дунджаас бага  байгаагаас гадна оны эхний нийт хээлтэгчийн 89.8 хувь төллөж гарсан төлийн 99.0 хувь бойжин одоогийн байдлаар 14.4 сая төл үүний дотор 300.0-аад мянган ихэр төл хүлээн авч манай улсын мал сүрэг 50.3 сая толгойд хүрчээ. Хаврын тариалалтын хувьд улсын хэмжээнд 372.3 мянган га-д тариалалт хийснээс 306.1 мянган га-д үр тариа, 16.1 мянган га-д төмс, 7.0 мянган га-д хүнсний ногоо, 10 мянган га-д малын тэжээлийн, 32.3 мянган га-д тосны ургамал, жимс жимсгэнэ 687.0 га-д тус тус тариалжээ.

Тиймээс дээрх нааштай үзүүлэлтүүдийг улам бататгахын зэрэгцээ анхаарвал зохих асуудлуудаас сургамж авахын чухлыг Засгийн газрын танхимын гишүүд хэллээ. Өнгөрсөн жил орон нутагт мах бэлтгэлийн ажилд дутуу анхаарснаас болж хаврын улиралд Улаанбаатар хот болон хүн ам олонтой томоохон хот суурин газруудад нөөцийн махны хомсдол үүсч, үнэ өсөх хандлага гарсан тул 2013 оны хаврын махны нөөцийг хангалттай түвшинд бэлтгэх зорилгоор аймаг, нийслэлийн хэмжээнд бэлтгэж нөөцлөх махны хэмжээг тогтоон өгөх, мөн дотоодын зах зээлийг хамгаалах, махны хангамжийг тогтворжуулах зорилгоор махны экспортыг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хязгаарлахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд даалгалаа.

Мөн түүнчлэн ургац хураалтын бэлтгэлийг хангах зорилгоор ажиллах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, ургац хураалт хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууныг тасалдалгүй хангах, хангамжийг хэвийн байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх,зуны цаг агаарын хэт халалт, ган, үер зэрэг байгалийн үзэгдлийн үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах, гамшигт үзэгдэл тохиолдсон үед шуурхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох яамдын сайд нар болон Аймаг,нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ИХ ЗАСВАРЫН АЖЛУУДАА ХИЙЖ БАЙНА

Мөн өдрийн хуралдаанаар Түлш, эрчим хүчний салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай  ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт танилцууллаа. Тус асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган биелэлтэд нь хяналт тавьж, бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийн ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

2012 оны 6 дугаар сарын 19-ны байдлаар төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын хэмжээнд 198394.4 тонн нүүрс, 1816.6 тонн мазутыг нөөцлөөд байгаа бөгөөд нүүрс нөөцлөлтийн ажил 96.8 хувийн биелэлттэй байна. “ТБЦДС” ХК болон цахилгаан түгээх сүлжээ компаниуд 2012-2013 оны өвөлжилтөнд бэлтгэх ажлаа төлөвлөсөн графикийн дагуу тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийн ашиглалтыг дээшлүүлэх ажлуудыг хийж, их засварын ажил 18 хувьтай, Улаанбаатар, Дархан хотын дулааны шугам сүлжээний компаниуд тавдугаар сарын 15-наас дулааны төв шугамын засварын ажлыг эхэлж дулааны төв болон салбар шугамуудад нягтын шахалт хийх, сольж шинэчлэх, үйлчилгээ тохируулга хийх зэрэг их засварын ажлууд 25 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулгадаа дурдлаа.

Мөн сайдын мэдээлснээр нүүрсний салбарын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд бэлэн нүүрсний нөөц 1075.0 мян.тн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 55 хувиар илүү байгаа ажээ. “Багануур” ХК-ийн найдвартай ажиллагаа, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахад зориулж техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зориулж техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд  болон дизель түлшний нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулан 3.2 тэрбум  төгрөгийн төсвийн зээл олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө. Мөн Завхан аймгийн Улиастай сумын дизелийн цахилгаан станцын дизелийн түлшний зардалд шаардлагатай байгаа 574. 5 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө.

ШИНЭЭР ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАРИХ АЖЛЫГ НЭН ДАРУЙ ЭХЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЛЭЭ

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг зохион байгуулсан дүнг Монгол Улсын Шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга М.Энхболд танилцуулахдаа ажлаа цаг хугацаанд нь зохих түвшинд зохион байгуулсныг тэмдэглэлээ. Мөн шинээр цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван үе бүхий модон тавцан шинээр хийн, сандал түрээслэн байрлуулж суудлын тоог 2056-гаар нэмэгдүүлсэн байна. 

Энэ жилийн наадамд Улсын даян аварга 1, улсын аварга 2, арслан 6, гарьд 5, харцага 15, начин 54, аймаг цэргийн цолтой бөхчүүд 182, сумын цолтой бөхчүүд 141, залуу бөх 54 барилджээ. 120  гаруй цэрэг барилдуулахаар бэлтгэсэн ч 40 нь барилдсан юм байна. Үндэсний бөхийн барилдааны дүрэмд тухайн бөх ам авахаар зарласнаас хойш 5 минутын хугацаанд ам авах, ослын даатгалд даатгуулсан бөхийг баяр наадамд барилдуулж байх өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд бөх ам авах явцад үзэгчдийг бухимдуулдаг, хүлээлгэдэг явдал гараагүйг онцолж байлаа. Засгийн газрын хуралдаанаас наадмын бэлтгэл ажлын хүрээнд зам засвар, тохижилт үйлчилгээний хүрээнд хийсэн ажлыг сайшаасан байна.

22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн хүрээнд Дархан-Эрдэнэтийн замын уулзвараас 22-ын шалган бүртгэх товчоо хүртэл 4,2 км замын нэг урсгалын асфальтбетон хучилтыг хийж, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлсэн, Баруун Нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх гүүрийн барилгын ажил, Нарантуул худалдааны төвийн уулзварт төмөр зам дээгүүр автомашин гардаг болгох ажлыг дуусгасан нь хотын замын ачааллыг бууруулахад ач холбогдолтой болсон зэрэг наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг Засгийн газрын хуралдаанаас үнэллээ. Баяр наадмыг зохион байгуулах 9 салбар хороонд нийт 151 хүн ажиллажээ.

ТОВЧ МЭДЭЭ

  • Монгол Улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг хэмжил зүйгээр дэмжих, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, Хэмжил зүйн зөвлөлийн дүрмийг баталлаа.
  • Монголын хөрөнгийн биржийн Стратеги хамтын ажиллагааны гэрээний дагуу Лондонгийн хөрөнгийн бирж группэд энэ 2012 онд төлөх 8.7 сая ам.долларын төлбөрийг арилжааны банкнаас зээл авч төлөхийг зөвшөөрлөө. Авсан зээл, зээлийн хүүгийн хамт эргэн төлөх эх үүсвэрийг төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгалаа.
  • Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Солонгос улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. 
  • Увс аймгийн Боршоо хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын тогтоолоор батлахаар тогтлоо.
  • “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистик” Улаанбаатар хотын группийн анхдугаар хуралдааныг энэ оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд үүнд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
  • 2012 оны эхний хагас жилд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газарт хандан нийслэл, орон нутгийн иргэдээс нийт 1180 санал, өргөдөл, гомдол, ирүүлжээ. Эдгээрийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, энэ тухай албан бичиг иргэдэд хүргүүлсэн байна. Иргэдийн саналын 90 гаруй хувьд нь тодорхой хариу өгч, тавьсан асуудлыг нь шийдсэн байна.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах